Ажлын өдөр эхлэх тохиромжтой цагийг тогтоожээ
Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд хүмүүс хэдэн цагаас эхлэн ажлын өдрөө эхлэхэд хамгийн тохиромжтой байх талаар судалгаа хийжээ.
Судалгааны дүнгээр хүмүүс өглөөний 10.00 цагт ажлын өдрөө эхлэх нь хамгийн тохиромжтой болох нь тогтоогдсон байна.
Эрдэмтэд судалгаа хийхийн тулд янз бүрийн салбарт ажилладаг 120 мянган Америк иргэдийг хамруулсан байна. Судалгааны дүнд өглөөний 06.00 цагаас өмнө ажлын өдрөө эхэлдэг хүмүүс, өглөөний 10.00 цагаас ажлын өдрөө эхлүүлдэг хүмүүстэй харьцуулахад ажлын бүтээмж нь илүү бага байдаг гэнэ.
Ажлын өдрөө арай хожуу эхлэснээр тухайн ажилтан 20 минутаар илүү унтаж амарч чадах бөгөөд ингэснээр хөдөлмөрлөх чадварт сайнаар нөлөөлдөг.
Өглөөний 06.00 цагт ажлаа эхлүүлдэг хүмүүс ердөө зургаахан цаг унтах шаардлагатай байдаг бол 09.00-10.00 цагийн хооронд ажилдаа ирдэг хүмүүс дунджаар 7,5 цаг унтаснаар эрүүл мэнд, хүч тамир сэлбэх, өглөөгүүр сэргэлэн цовоо байхад сайнаар нөлөөлдөг юм байна.
Тиймээс мэргэжилтнүүд насанд хүрсэн хүмүүсийг хоногт долоогоос багагүй цаг унтах, есөн цаг унтвал илүү сайн гэж зөвлөсөн байна.
Мөн ажлын өдрийг 10.00 цагаас эхлүүлэх нь ажилтанд ч тэр ажил олгогчид ч тэр хамгийн зөв хувилбар гэж эрдэмтэд зөвлөжээ.
эх сурвалж: ikon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ