Ц.Мөнхтөр: ССАЖЯ-ны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгоно
Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар Соёл спорт аялал жуулчлалын яамыг татан буулгасан. Тэгвэл яамны байрыг өнөөдөр хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийв.
-ССАЖЯ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгох гэж байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харъяанд байгуулахаар шийдвэрлэлээ. Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны 2 дугаар сарын нэгний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болж байна. Одоогийн байдлаар Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах боломжтой гэж үзсэн. Бусад төрийн өмчийн сул байруудыг судлах үүргийг холбогдох газарт нь үүрэг болгосон. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр шинэ сайд нар эхний ээлжинд богино хугацаанд эв нэгдлийг сахиж ажиллах, томилгоог хавтгайруулан хийхгүй байх, цаг хугацаатай уралдаж яам, газруудтайгаа танилцан амралтын өдрүүд гэхгүйгээр ажиллахыг үүрэг болгосон.
-Төрийн өмчийн сул байруудыг хүүхдийн эмнэлэг болговол цаашид шинээр эмнэлэг барихгүй гэсэн үг үү?
-Энэхүү шийдвэр нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдаж гарч байгаа шийдвэр. Түүнээс шинээр эмнэлэг барихгүй гэсэн үг биш.
-Хүүхдийн эмнэлэгт ажиллах боловсон хүчний хүрэлцээ хэр бол?
-ЭМСЯ-ны мэргэжилтнүүд боловсон хүчний асуудалд санаа зоволтгүй, шийдвэрлэх бололцоотой гэсэн.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ