Жүдочдоо өмөөрнө, харин ч
Японы Токио хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өндөрлөсөн. Өнгөрсөн долоо хоногт болсон уг тэмцээн нь жүдочдын хувьд 2014 оны хамгийн сүүлчийнх гэдгээрээ онцлогтой байв. “Бага дэлхийн аварга” гэгддэг уг тэмцээн жилийн жилд өрсөлдөөнтэй болж, дэлхийн шилдгүүд хуран чуулдаг билээ. Тэр ч утгаараа спорт сонирхогчид гурван өдрийн турш Токиогийн зүг анхаарар хандуулсан.
Харамсалтай нь, жүдочид энэ удаагийн тэмцээнээс ганзага хоосон үлдлээ. Уг тэмцээнд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, дэлхийн аварга Г.Болдбаатар, гавьяат тамирчин Д.Амартүвшин, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг гэх мэт манай бүхий л шилдгүүд өрсөлдсөн. Ийм мундаг бүрэлдэхүүнтэй хэрнээ медаль аваагүй нь спорт сонирхогчдын шүүмжлэлийн бай болов. Жүдочдыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал ертөнцөөр нэг харааж, зүхэж байх юм.
“Шалны алчуур”, “дэвжээний алчуур”, “модон толгойтнууд” гээд янз бүрээр л ярьж, хэлж, бичихээрээ нэг болов. Яг үнэн хэрэгтээ бол тэд Монгол Улсын өмнөөс тэмцээнд оролцох албагүй. Үргэлж медаль авах ч албатай биш. Өөрсдийнхөө биеийн амрыг хараад, гэр бүлээ бодоод тэмцээнд оролцохгүй байж болох. Эрх нь тэдэнд бий. Гэвч Монгол Улсаа төлөөлөөд амьдралаа золиослоод, өөрсдөө зардал мөнгөө гаргаад явж байхад тамирчдаа элдвээр нь харааж, доромжлох хэрэг байсан юм уу.
Шүүмжлэл бол байх нь яалт ч үгүй зөв. Гэхдээ эхлээд шүүмжлэл, доромжлол хоёрыг ялгаж сурах хэрэгтэй. Н.Түвшинбаярыг муу барилдлаа л гэнэ. Тэртээ, тэргүй тэр хүн Монгол Улсын төлөө хийдгээ хийсэн. “Их дуулга”-ын өмнө болсон Чежүгийн гранпригаас мөнгөн медаль хүртсэнийг мартаагүй биз. Тэр үед амтай бүхэн аваргаар бахархаж, түүн шиг агуу хүн алга хэмээн ярилцаж, ам уралдуулан магтаж байсан санагдана. Гэтэл түүнээс ердөө долоо хоногийн дараа дахин нэг тэмцээнд оролцоод ялагдахад нь элдвээр хараадаг зан зөвхөн монголчуудад л байгаа нь хачирхалтай.
Яадаг юм бэ, ялагдсан л байгаа биз. Жүдогийн тэмцээн нэгээр дуусах биш. “Их дуулга” ингээд дуусахгүй. Аливаа тэмцээнд ялж, ялагдах нь спортын хууль. Өнөөдөр биш байлаа гэхэд маргааш ялах өдөр ирнэ. Х.Цагаанбаатар Токиод шал арчлаа л гэнэ. Тэд улсын нэрийн өмнөөс хувийн зардлаараа хамгийн хямд төсөр аргаар тэмцээнд оролцож яваа гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
Уг тэмцээний дараа Х.Цагаанбаатар гавьяат үзэл бодлоо илэрхийлсэн байсныг товчхоноор дахин хүргэе. Тэрээр “Сайн байцгаана уу? Спорт бол өрсөлдөөн ялж, ялагддаг. Гэхдээ ямар ч тамирчин хүн ялахын тулд тэмцдэг юм. Ялагдах гэж хэзээ ч өрсөлддөггүй. Мэдээж алдаа, оноо байгаа л байх. Монгол Улсын хямралтай холбоотойгоор манай олонхи тамирчин олимпийн эрхийн оноогоо цуглуулах гээд хувийн зардлаараа тэмцээнд ирцгээсэн. Миний хувьд сүүлийн Казахстан, Узбекстан Солонгос, Япон улсад зохион байгуулагдсан тэмцээнд өөрийн зардлаар явж байна.
Жүдо бөхийн холбооноос олон хүний, мөн залуу тамирчдын зардлыг бүтэн жилийн турш гаргасан. Аливаа зүйл хэмжээ хязгаартай шүү дээ. Бид хувийн зардлаараа ирсэн болохоор мэдээж аль болох хямд буудалд байрласан. Жингээ үзүүлэх, бас тэмцээний заал руу явах гэж тус бүрт нь нэг цаг зарцуулж цүнхээ чирээд метрогоор явж байна. Энэ нь мэдээж тамирчин хүнд сэтгэл санаа болон биеийн ядралт өгч байгаа. Ганц энэ тэмцээн биш шүү. Олон тэмцээнд амжилт гаргах гээд хувиараа тэмцээн уралдаанд оролцоод явдаг тамирчин олон бий.
Азийн наадамд оролцсон зарим төрлийн тамирчид хувиараа зардлаа төлж, байр хоолны мөнгөө өөрсдөө гаргаад яваад ирсэн. ССАЖЯ төсвийн тодотголоор мөнгө орж ирэхээр буцааж олгоно гэсэн боловч өдийг болтол таг чиг. Одоо тэр яам нь татан буугдсан яах юм бүү мэд. Бодит байдал ийм л байна. Тамирчдаа ялагдахаар битгий муулж бай, сэтгэл санааны дарамт их ирдэг юм.
Мэдээж алдаагаа багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж, түүн дээрээ дvгнэлт хийж ажиллаж л байгаа. Амжилтын төлөө тэмүүлж л яваа хүмүүс шүү дээ. Намайг одоо боль гэсэн хүн их байгаа бололтой. Би болихоор залуучууд хүсэл мөрөөдөл, тэмүүлэлгүй болдог юм Гэхдээ хэзээ нэгэн цагт болих л байх. Тэр нь одоо биш” хэмээн хэлжээ. Та нар өөрсийгөө тамирчдынхаа оронд нэг удаа тавиад үзээрэй. Тэгээд жаахан эрүүл сэтгэдэг болмоор юм.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ