Охидын зургийг ашиглан бэлгийн харьцаанд ордог байсан этгээдийг саатууллаа
Фэйсбүүк хуудсаар дотно танилцаж, улмаар зургаар нь сүрдүүлж охид, бүсгүйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог, зарим нэг иргэнээс мөнгө авдаг байсан этгээдийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатууллаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулав.
-Цахим хуудас ашиглан охидыг сүрдүүлдэг хэрэг их гардаг болсон байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгуулагдсанаасаа хойш интернэт ашиглан гэмт хэрэг үйлддэг хэд хэдэн хэргийг илрүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед фэйсбүүк ашиглан гэмт хэрэг үйлдэх хэрэг манай улсад их гарах болсон байна. Хохирогчид нь ихэвчлэн залуучууд, насанд хүрээгүй хүүхдүүд байдаг гэх судалгаа гарсан байдаг. Фэйсбүүк ашиглан бусдын итгэлийг олох, хуурч мэхлэх замаар тухайн хүмүүсийн хувийн мэдээллийг олж авах, улмаар олж авсан хувийн мэдээллээрээ тухайн иргэнийг дарамталж, мөнгө авах гэмт хэрэг бүртгэгдээд байна.
-Энэ хэргийн талаар тодруулбал?
-Орон нутагт амьдардаг өөрийнхөө нэрийг нууцалсан, зураггүй, мэдээллээ нуусан хаяг нээсэн этгээд бусадтай харьцаж, итгэлийг нь олж аван тухайн хүмүүсийн хувийн мэдээлэл болон зургуудийг олж аван ашигласан хэрэг бүртгэгдсэн. Тухайн иргэний ашиглаж байсан компьютер болон гар утсыг шалган шинжлэхэд нийт 1000 гаруй охидын хагас нүцгэн зургийг байсныг олж тогтоон шалгаж байна.
-Тухайн иргэнд ямар хариуцлага тооцох вэ?
-Тухайн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123, 149 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа эрүүгийн төлөөлөгч нарын мэдээлснээр ялангуяа өсвөр насны насан хүрээгүй охидууд таньж мэдэхгүй хүмүүст хуурч мэхлэгдэн, хувийн нууцад хамаарах мэдээллээ тухайн хүмүүст өгсөн мэдээллүүд тогтоогдож байгаа. Жилийн өмнө энэ төрлийн гэмт хэрэг гадаад орнуудад гарч байна гэж манай цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байсан. Тэгвэл одоо манай улсад үйлдэгдэж байна. Тэгэхээр иргэд сануулж хэлэхэд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг шүү гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ