Компьютерын хулгана 46 нас хүрч байна
Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон компьютерын хулгана өнөөдөр буюу 2014 оны 12-р сарын 9-ний өдөр 46 нас хүрч байгаа юм байна. Одоогоос яг 46 жилийн өмнө буюу 1968 онд АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулагдсан Компьютерын Шинжлэх ухааны хурал дээр, АНУ-ын зохион бүтээгч Дуглас Энгельбарт орчин үеийн компьютерын хулганы хамгийн анхны загварыг танилцуулж байжээ. Энэхүү хулгана нь дээрээ улаан өнгийн жижигхэн товчлууртай, компьютерт холбодог урт цагаан залгууртай, эргэлддэг дугуйтай, дөрвөлжин мод байсан байна. Хулгана гэх нэрний хувьд зохион бүтээгчид нь урт цагаан залгуур нь жинхэнэ хулганы сүүлтэй адилхан харагдсан учраас ийнхүү нэрлэжээ.
Дуглас Энгельбартын бүтээсэн энэхүү бүтээлийг ихэд сонирхсон Xerox компанийхан түүний бүтээлийг улам сайжруулан хөгжүүлснээр бидний өнөөгийн хэрэглэж буй хулганы загвар бий болсон байдаг байна. Xerox компаний ачаар компьютерын хулгана гурван товчлууртай болж, эргэлддэг роликтой болж өнөөгийн дүр төрхөө олсон бөгөөд тухайн үедээ 400 ам.доллараар худалдаалагддаг байжээ. Харин орчин үед худалдаалагдаж буй компьютерын хулганууд загвар хийц болон материалаасаа шалтгаалаад 10-1000 ам.долларын үнэтэй байдаг байна. Дуглас Энгельбартын хүн төрөлхтөнд бүтээж өгсөн уг гайхалтай бүтээл хэдийгээр 46 нас хүрч байгаа ч харамсалтай нь тэрээр өнгөрсөн 2013 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
эх сурвалж: lag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ