МАН-аас шинэ “Энхбаяр” төрөх вий!
“Манай нам хичнээн ядарсан ч одоогийн АН шиг албан тушаалын төлөөх олон фракцийн зөрчилд туйлдсан хүчин болж доройтохгүй гэдэг байр суурийг би хатуу баримталдаг”, “Цаашдаа энэ намд иймэрхүү эвсэл холбоод байгуулагдахыг дэмжиж байгаа хэрэг үү? Улмаар намыг фракциудад хуваах тал руу хандана гэсэн үг үү?” хэмээн МАН-ын гишүүн Ө.Энхтүвшин намын даргадаа хаягласан ил захидалд “бархирчээ”.
Хэрэв андуураагүй бол тус намд хамгийн анх жигүүр гэгчийг санаачилсан хүн нь Ө.Энхтүвшин гишүүн өөрөө байх аа. Зорилго нь яг одоогийнх шиг албан тушаалын шантааж хийхэд чиглэсэн байсан нь тодхон санагдаж байна. Тэр үед Ц.Нямдорж “Надад дорбинк өгчих” гээд юу юугүй тэднийг нухчин дарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч намын дотоод ардчилал гэдэг ийм байдаг юм, цаашид ч бид ингэж явах болно гэсээр намынхан нь өмөөрч байж билээ.
Мөн тэрбээр лидер дагаад “далдганаад байгаа” залууст их дургүй юм гэнэ. Өөрөө бидний адил үзэг нэгтэн байснаа л намын хороо, нарийн бичгийн дарга, сайд, гишүүн гээд өгсөөд алга болохдоо лидер бараадаагүй гэж үү. Тэгж ярьвал түүний суусан суудал бүхэн үнэ цэнтэй ч, тэр өрөө төлж дэмжигчдийнхээ сэтгэлийг цайлгаж байсан удаагүй билээ.
Та бүхэн санаж байгаа болМ.Энхболд 2006 онд Ерөнхий сайд байхдаа Ө.Энхтүвшинг “гудамжинд” явж байхад нь БСШУ-ы сайд болгосон. Дараа нь Хөвсгөлийн тойргийн нөхөн сонгуульд МАН-ынхан ёстой л “Бага газрын их тулаан” гэгчийг өрнүүлж өргөн фронтоороо түүнийг ялуулахын төлөө зүтгэж УИХ-ын гишүүн болгов.
Өнөөдөр Ө.Энхтүвшин “Амьдрал дээшлэхгүй, өөрчлөлт гарахгүй бол өнөөх л “дэлхийн эдийн засгийн хямрал”, “алт, зэс, нүүрсний үнэ бага” гэхчлэнгийн улиг болсон юм яриад суувал бүгдээрээ ард түмний өмнө “Бүгд найрамдах”-аа уншуулахаар очих болно гэдгийг Сайд, дэд сайд болох хүмүүстээ Та сайн ойлгуулж чадаж байгаа юу” гээд захидлаараа дамжуулан омогдож байна.
Яг үнэндээ түүнд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Лүндээжанцангийн оронд гэнэт Ө.Энхтүвшинг томилсон тэр цагаас хойш л сонгуульд ялагдах үрийг Ө.Энхтүвшин тарьж эхэлснийг өөр шиг нь хатуухан сануулчихад гэмгүй байх. Өнөөх л сонгуулийн санал хураах автомат машинаас эхлээд олон дэмжмээргүй саналыг 45 суудалтай олонх сөрөг хүчинтэй хамтарч шийдэгдсэн. Тэгэхээр Ө.Энхтүвшин ч бас өөрийнхөө хардаад байгаачлан “Ардчилсан намын удирдлагуудад илтэд хөтлөгддөг” байсан нь саяхан шүү дээ.
Тэгвэл Ө.Энхтүвшин намын дарга байхдаа юу хийсэн бэ. 2012 онд түүнийг намын хамт олон нь өрсөлдөгчгүйгээр намын дарга болгосон. Энэ бол том итгэл. Товчхондоо “Чил чадна” гэсэн үг. Гэтэл УИХ-ын сонгуульд боломжоо бүрэн дүүрэн ашиглаагүй. Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийн ялалтыг хамгаалж чадахгүй яаж арчаагаа алдаж байлаа. Одоо тэднийг сайдад болох нь гэхээс урьтаж “боож үхэх бор шидэмс хайна” гэгчээр гараа чичиртэл захиа бичиж суугаа нь үнэн биз дээ. Ерөөсөө түүнийг намын залуусаа дэмжиж ажилладаггүй, “зай”-гаа тавьж өгөх дургүй байдгийг тус намын залуус, намын дэргэдэх залуучуудын байгууллага ч шүүмжилдэг. Тиймээс ч өнөөдөр сайдад нэр дэвшиж буй хоёр залуутай барьцсандаа намын даргынхаа өөдөөс ил захидал нэртэй “өөхөнд боосон хор” шидчих шиг боллоо.
Тэр намын даргаар ажиллаж байхдааорон нутгийн сонгуулиар хоёр дүүрэг, гурван аймгийн ялалтыг баталгаажуулжчадаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдахад “хувь нэмрээ” оруулсан. Эхлээд өөрөө нэр дэвшихээр шийдэж “МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах эрхгүй” хэмээн хашгирсан чөнөөх илүү туршлагатай, тулхтай улстөрч маань Б.Бат-Эрдэнэ аваргад “өвдөг шороодсон”. Дараа нь төв талбайд “Махны үнэ 1200 төгрөг байна” хэмээн хашгирч амьдралаас тасарсан харалган “дарга” гэдгээ дахин нотолсон. Дахин гэдгийн учир нь түүнийг намын даргаар ажиллаж байхад орон нутагт ажиллахгүй байна, нийслэл, дүүргийн хороод, үүрийн гишүүд, дэмжигчидтэй уулздаггүй, зугтдаг гэх шүүмжлэл байнга дагадаг юм.
Дээр нь Ө.Энхтүвшин намын даргаар ажиллах хугацаандаа Лениний музейг хоёр шатны шүүхээр “алдаж”, Баянзүрх захын дэргэдэх намын гуравдугаар байрыг “Нам мөнгөгүй боллоо” гээд зарчихсан байдаг. Гэвч өртэй нам хүлээлгэж өгсөн. Одоо тэр өрийг нь намын дараагийн удирдлагууд төлсөөр л байгаа юм билээ. Гэсэн ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намын жагсаалтад Ө.Энхтүвшин дээгүүрт бичигдсэн. Энэ нь мөн л УИХ-ын сонгуульд “татаж гаргасан” хэрэг биш гэх аргагүй. Харин одоо тэр хэн дуртайгаа ноцох бядтай болж. Сонин, телевизийн дарга бус сайдын суудал булаалдах, болж өгвөл үр хойчдоо өвлүүлэх том амбийцтай болсон бололтой.
Гэвч алдаа чинь онооноосоо их, МАН-аас авсан чинь өгснөөсөө томдчихоод байгааг мянга мянган гишүүд нь харж дургүйцэж эхэлснийг мэдрэх цаг болсон шүү, Ө.Энхтүвшин гишүүн ээ! Таныг өнөөдөр туршлагатай мундаг улстөрч гэхээсээ илүү УИХ-ын дарга З.Энхболд даргын хэлсэнчлэн “албан тушаалгүй л бол үхчих гээд байдаг” хүмүүсийн нэг нь болж, “Шинэ Энхбаяр болчих вий” гэж харж байгааг дашрамд сануулъя.
С.Чулуун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ