Эрдэмтдийн цоо “шинээр нээсэн - 8” амьтан

Та цус сорогч мэлхий, үл үзэгдэгч эмгэн хумсны талаар өмнө нь сонсож байсан уу? Ийм сонин содон ололтууд амьтны ертөнцөд өрнөсөөр байна. Амьтан судлаач эрдэмтдийн сүүлийн 5 жилийн дотор олж нээсэн онцгой содон амьтдыг дараах нийтлэлээс сонирхоорой. Энэ дашрамд байгаль дэлхий, амьтан ургамлаа хайрлан хамгаалахыг та бүхэнд уриалмаар байна.

1 Туко-туко / Tuco-tuco

Эрдэмтэд энэхүү мэрэгч амьтны шинэ төрөл зүйлүүдийг Болив улсаас олжээ. Туко-туко нь газар дор амьдардаг, үүдэн шүд урттай хөхтөн амьтан. Тэд хоорондоо харилцахдаа “тук тук” гэсэн өвөрмөц дуу авиа гаргадгаас үүдэж ийм нэртэй болжээ. Хөхтөн амьтны төрлийг шинээр нээх нь тун ховор тохиолдол учраас тус нээлт нэлээд чухал үйл явдалд тооцогдож буй юм.

2 Үл үзэгдэгч хуягтай эмгэн хумс / Transparent snail

Үл үзэгдэгч эмгэн хумс нүдгүйгээс гадна бараг л хөдөлдөггүй аж. Энэ амьтныг Гёте их сургуулийн шинжээчид Хорват улсын Лукина Яма хэмээх гүн агуйгаас олжээ. Агуйн цаг агаар өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг тул шинэ төрлийн амьтад бий болох таатай орчин болдог байна.

3 Лесула / Lesula

Лесула сармагчинг анх Конго улсад нээжээ. Энэ амьтны гадаад төрх нь хүнтэй нэлээд төстэй. Гэвч уг сармагчны тоо толгой тун цөөхөн үлджээ. Ийм учраас лесулаг нэн ховордсон амьтны төрөлд бүртгэж, хайрлан хамгаалах тал дээр хүн төрөлхтөн ихээхэн анхаарч байгаа юм.

4 Олингито / Olinguito

Испаниар “маш жижигхэн” гэсэн утга бүхий нэртэй энэ амьтныг өөрөөр “баавгай муур” гэж дууддаг. Өхөөрдөм хөөрхөн төрхтэй уг бяцхан амьтныг анх Эквадор болон Колумб улсаас олж нээжээ. Олингито цэцгийн бал, жимс болон шавжаар хооллодог. Тэдний ичимхий зан нь хүмүүсийн хайрыг ихээхэн татдаг байна.

5 Вандуй шиг хэмжээтэй мэлхий / Pea-sized Frog

Энэ мэлхийг 2010 онд Зүүн Өмнөд Азийн бүс нутагт орших Борнео улсад нээжээ. Судлаачид анх тэднийг мэлхийний зулзага гэж бодсон аж. Ингээд нарийвчлан судалж үзтэл насанд хүрсэн болох нь тогтоогджээ. Нас бие гүйцсэн нь 10.6-гаас 12.8 миллиметр хэмжээтэй байдаг байна.

6 Цус сорогч мэлхий / Vampire Frog

Харахад ямар ч гэм зэмгүй мэт энэ мэлхийг Зүүн Өмнөд Азиас анх олсон байна. Харагддагаасаа огт өөр хатуу ширүүн авиртай тэд шувуу гэх мэтийн жижиг амьтдын бүлээн цусаар хооллодог. Эр мэлхийнүүд нь хоорондоо зодолдохдоо бие биеийнхээ эд эрхтнийг тасдах буюу гэмтээж байж салдаг аж.

7 Какуэта сармагчин / Caqueta monkey

Какуэта сармагчин яг муур шиг хүржигнэдэг ба тун ч жижигхэн биетэй. Олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгийн ажилтнууд анх энэ сармагчинг Колумб улсаас олж нээсэн бөгөөд 1976 оноос үүсэлтэй хэмээн таамаглаж байгаа аж. Мөн тоо толгой нь 250 ч хүрэхгүй үлдсэн учраас дэлхийн нэн ховордсон амьтдын тоонд орсон байна.

8 Цэцгийн сарьсан багваахай / Blossom Bat

Гарын алганд багтахаар жижигхэн хэмжээтэй энэ сарьсан багваахайг судлаачид Индонезын нутаг дэвсгэр дэх Шинэ Гвиней арлаас олжээ. Биеийн урт нь 60 миллиметрээс хэтрэхгүй энэ амьтныг сарьсан багваахайн ертөнцийн хамгийн бяцханаар тодруулаад байгаа юм. Тэд ихэвчлэн цэцгийн балаар хооллодог ба зөгийн баланд хамгийн дургүй гэнэ.

эх сурвалж: bunny.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин