Ж.Нурлан бодибилдингийн дэлхийн аварга боллоо
Энэтхэгийн Мумбай хотноо бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 05-наас 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас дэлхийн аваргын алт, мөнгөн медальтнууд тодорчээ. Аваргын алтан медалийг +80 кг жингийн ангилалд оролцсон Монголын дөрвөн удаагийн аварга, Ази тивийн хошой хүрэл медальт Ж.Нурлан хүртэж анхны алтан медальтан боллоо.
Фитнесс ангилалд Азийн аваргын мөнгөн медальт Б.Хүсэлтүвшин өрсөлдөж, мөнгөн медаль хүртжээ. Ийнхүү мөн дэлхийн аваргын анхны мөнгөн медальтан боллоо.
Өнгөрсөн наймдугаар сард Ази тивийн аваргад манай бодибилдингийн баг тамирчид оролцож медалийн хурыг буулгаад ирсэн.
Манай бусад шилдэг тамирчид өөрсдийн жингийн ангиллаа хүлээж байна. Зургаа дахь удаагийн уг тэмцээнд Монгол улсыг төлөөлж Бодибилдинг, фитнессийн холбооны дэд ерөнхийлөгч н.Одбаатар, олон улсын шүүгч мистер А.Энхтайван тэргүүтэй Б.Хүсэлтүвшин, Г.Нурлан, Г.Дорж, Л.Саруулбат, н.Мянганбаяр, Г.Жамц, Г.Гансаруул, С.Насанбуян, Б.Оюунгэрэл нар оролцож байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ