Б.Насанбаяр залуусыг зургаар гэрлүүлж байсан нь үнэн үү?
Энэ оны эхээр “БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр уран зохиолын хичээлийг үгүй болгох гэж байна” гэсэн шуугиан дэгдсэн билээ. Үүнээс өмнө, Монголд яамны түвшний газрын даргын талаар нийгэмд ийм их дуулиан шуугиан дэгдсэн нь үгүй тул, энэ нь нэлээд онцгой үйл явдал байв.
Дээрх шуугиан дунд сургуульд заах уран зохиолын хичээлийн талаар ММ” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн Б.Насанбаярын үгнээс үүдэлтэй юм. Энэ мэдээ олон нийтэд дунд сургуулийн уран зохиолынхичээлийнцагийг хасна гэсэн утгаар хүрч, олны дургүйцлийг тэр дороо асаав. Ингээд сэтгүүлч, нийтлэлчид түүний талаар нийтэлж, хэлний эрдэмтэн доктороос эхлэн жирийн уншигчид дургүйцлээ илэрхийлсэн ба улмаар олны шуугиан энэ эмэгтэйг манай нийгмийн муу муухайн жишээ, гутаан доромжлолын бай болгож орхисон юм.
Гэхдээ Б.Насанбаярыг ингэж “алдаршуулсан” бас нэг шалтгаан нь Өмнөд Солонгосоос гаралтай Мүүний шашин байв. Мүүний шашин олон улсад маш муу нэртэй. Судлаач Д.Ганхуяг блогтоо нийгэмд, ялангуяа залууст хортой Мүүны шашныг Европын Холбоо албан ёсоор хориглосон, энэ жишгээр бусад олон улс хориглосон, тэр ч байтугай ядуу буурай Киргизэд хориглосон талаар мэдээлжээ.
Нийтлэлч С.Содбаатар Мүүнийхэн ямар ч хориг саадгүйгээр Монголд орж ирж, бэхжиж авсан ба улс төрийн дээгүүр түвшинд маш нөлөөтэй болсон гэж бичжээ. Мөн Мүүнийхэн янз бүрийн гаж зан үйл хийдгээрээ алдаршиж буй. С.Содбаатарын бичсэнээр, “1994 оноос Монголд орж ирсэн энэхүү байгууллагын нэгэн томоохон ажил нь “Адислалын ёслол”. Огт бие биенээ мэдэхгүй олон мянган хүнийг зөвхөн гэрэл зургаар нь гэрлүүлэх явдлыг ингэж нэрлэдэг байна. Ийм гэрлэлтэд оролцсоныхоо төлөө ноён Мүүндээ мөнгө төлдөг ажээ. ...“Адислалын ёслол”-оор гэрлэсэн хосууд хуримынхаа өдрөөр хоёр биенийхээ бөгсөн дээр хамаг хүчээрээ гурав гурав савааддаг ёстой. Гурван жил сүмээс гадуур бие биетэйгээ уулзахгүй байх, орчин цагт бол гар утсаар ч харилцах ёсгүй гэх мэт этгээд дүрэм мөрддөг. 2005 оны арванхоёрдугаар сард Монголоос 40 гаруй залуус энэ ёслолд оролцохоор Солонгос явсан гэх мэдээлэл бий”.
Харин БШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр өөрийг нь Мүүний шашинтан, залуусыг зургаар нь гэрлүүлдэг хэмээн хэвлэлээр шуугисныг эрс үгүйсгэж иржээ. Хамгийн сүүлд буюу хоёр, гуравхан өдрийн өмнө, тэрээр “Open Door” сонинд ярилцлага өгөхдөө “Утсаар сэтгүүлчид залгаад та Мүүний шашинтай юу гэж асууж байсан. Би үгүй ээ, би Буддын шашинтай хүн гэдгээ маш тодорхой хэлж байсан. ...[Залуусыг зуучилж гэрлүүлсэн зүйл] Огтхон ч байхгүй... Би Эрдэнэтэд ажиллаж байлаа. Тэнд их дээд сургуулиудад багшилж, төрийн бус байгууллагуудыг байгуулах зэргээр олон чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд хотод шилжиж ирсэн. Тэр үед “Оюуны эрэл” гээд оюутны холбоо байсан. Энэ байгууллагыг зарим хүмүүс Мүүний шашны байгууллага гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ тийм биш” гэж өгүүлсэн байна.
“Эрдэнэт таймс” сонинд өгсөн Б.Насанбаярын ярилцлага (Tungalag.mn)
Гэвч, Б.Насанбаярын өөрийнхөө болон Мүүний шашны талаар хэр зэрэг үнэн ярьсаныг илчилсэн мэдээллийг “Tungalag.mn” сайтад өнөөдөр дэлгэжээ. Энэ нь 2008 онд “Ертөнц дахины Энх тайвны холбоо”-ны гүйцэтгэх захирал, “Дэлхийн Энх тайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо”, “Оюуны эрэл” оюутны холбоодын тэргүүн Б.Насанбаярын Эрдэнэт хотын “Эрдэнэт таймс” сонинд өгсөн ярилцлага юм.
БШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр “Эрдэнэт таймс” сонины 2008 оны 5-р сарын 5-ны №11-д хэвлэгдсэн ярилцлагадаа одоо ярьж байгаа зүйлээсээ маш өөр зүйлс өгүүлсэн байх юм. Тэрээр тус сонинд Мүүний шашныг үндэслэгч Солонгос эрийг тэнгэрт тултал бишрэн магтсан төдийгүй “Нэгэнт зөв гэр бүлтэй болохыг хүссэн хүн өөрийнхөө хүсэлтээр зургаа өгч болно. Энэ бол тухайн хүний эрхийн асуудал” гэж хүртэл хэлжээ. Тэгэхээр, “Эрдэнэт таймс” сонины мэдээллээс үзвэл, Б.Насанбаярын өмнө нь хэлсэн зүйлс, одоо ярьж буй зүйлсийн хооронд алд дэлэм зөрүү гарч байна.
Эсвэл, БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга гэсэн сүрдмээр том алба хариуцсан энэ хүн юу хэлснээ ийм амархан мартдаг нэгэн юм болов уу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ