Шилдэг борлуулалттай 10 ном

Интерном их дэлгүүрийн өнгөрсөн долоо хоногийн/2014.11.24-11.30/ шилдэг борлуулалттай 10 номын жагсаалтыг, танилцуулгын хамт хүргэж байна.

Уран зохиолын төрлийн шилдэг борлуулалттай 5 ном

“Луун шивээст охин”- Стиг Ларсон
Хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор, цогцоор нь үнэмшилтэй харуулж чадсан гайхамшигтай бүтээл бол “Луун шивээст охин” юм.Хээл хахуулийн сүлжээ, хуулийн цоорхой, гэр бүлийн тэмцлийг нэгтгэн харуулсан энэхүү ном шилдэг борлуулалттай байгаа Стиг Ларсон бичсэн юм.

2.“Ногоон нүдэн лам”- Ц.Оюунгэрэл
Уг номыг Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон мянган лам, хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр цаг үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж, хэн хохирсон талаар өгүүлнэ. Мөн л удаан хугацааны туршид шилдэг борлуулалттай номын тавцангаас буугаагүй нь зохиогч түүхийн тэрхэн цаг үеийг хэрхэн чадварлагаар өөрийн бүтээлдээ тусгасныг илтгэх биз.

3. “Зөгийн үүр бусниулсан охин”-Стиг Ларсон
Лизбет Саландер амь насыг нь хөнөөх гэсэн балмад эр болон амьдралыг нь нураан сүйдэлсэн төрийн институцээс өс хонзонгоо авна. Шударга бус тогтолцооноос болж айхтар хохирсон тэрээр хэнд ч итгэж болохгүйг яс махандаа шингэтэл ухаарсан боловч энэ удаад ганцаараа тэмцэж хүчрэхгүй байв. Энэ удаад адал явдалт, гэмт хэргийн сэдэвтэй зохиолоороо дэлхийд алдаршсан Шведийн зохиолч Стиг Ларсоны дээрх зохиол бестселлерийн гуравдугаарт бичигджээ.

4. “Зуун жилийн ганцаардал”- Г.Г.Маркес
Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ. Үүгээр ч зогсохгүй манай уран зохиол сонирхогчдын хамгийн өндрөөр үнэлдэг, унших дуртай зохиолуудын нэг байж чаддаг.

5."Галаар наадсан охин"-Стиг Ларсон
Компьютерын гарамгай мэргэжилтэн, няцашгүй Лизбет Саландер зорилгоо гүйцээх үүднээс бүх л зэвсгийг эзэмшиж сурна. Тэр ялзрал, завхрал, зүй бус үзэгдлийг ялангуяа эмэгтэйчүүд хүчирхийлүүлж, доромжлуулахыг огт тэвчихгүй, өршөөхгүй. Тэр хэзээ ч бууж өгдөггүй. Тэрээр хакерын гарамгай чадвараа ашиглан Millennium сэтгүүлийн сурвалжлагч Микаел Бломквистэд хүний наймаа, сексийн зах зээлийн нуугдмал хэргүүдийг илрүүлэхэд нь туслахаар шийддэг.

Уран зохиолын бус төрлийн шилдэг борлуулалттай 5 ном

1. "Стив Жобс ба түүний илтгэх урлагийн гайхамшиг"-Г.Галло
Энэ ном нь Стив Жобсын өөрийнх нь хамгийн дуртай аргуудын нэг болох, өөрөө ч илтгэлийнхээ бэлтгэл явцад ихээр ашигладаг "гурван үйлдэлт гүйцэтгэл" гэх арга дээр тулгуурлагдсан. Номын зорилго нь хүний хүсэл зорилгыг өөриймшүүлж, бусад хүмүүс өөрсдөө таны санааг хэрэгжүүлэхэд туслахыг хүсэхээр, тэднийг өөртөө татахаар ярих, түүхийг бүтээхэд тань туслах юм.

2. “Өөдөө тэмүүл” – Шейрил Сандберг
Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” хэмээх энэ ном ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

3."Ой тогтоолтын нууц"-Т.Бузан
Тони Бузан бол дэлхий дахинд танил болсон Mind Maps (Оюуны зураглал)-ийг зохион бүтээсэн нэгэн бөгөөд олон цуврал бүтээлүүдээрээ гайхалтай амжилтанд хүрээд байна. Тэрээр тархи болон сурах үйл явцын талаар бүтээл туурвидаг дэлхийд тэргүүлэгч зохиолчдын нэг юм. Одоогийн байдлаар 80 гаруй ном зохиолыг бие даан болон хамтран туурвисан бөгөөд түүний бүтээлүүд дэлхий дахинд 3 сая хувиар борлогдоод байгаа билээ.

4."Таны жинхэнэ гэр орон"-М.МакЛеод
Жинхэнэ хайр сэтгэл жинхэнэ аз жаргалыг олоход тус болно. Хайрын сэтгэлгүйгээр, хайрладаг дотны хүмүүстээ зориулж зарцуулах цаг хугацаа гаргахгүйгээр аз жаргалтай болох ямар ч боломж байхгүй. Бурхан багшийн сургаал та бидэнд өөрсдөдөө болон бусдад зориулан жинхэнэ хайрын сэтгэлтэй болох, аз жаргалыг бүтээх тухай зааж сургасан байдаг.

Энэхүү нандин сургаалыг өдөр бүр санаж, түүнийг дагаж байвал аз жаргалыг олохдоо л олно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Чингэхийн тулд та эхлээд өөрөө өөрийгөө олоорой, өөрийнхөө бурханлаг мөн чанарыг нээгээрэй. Нэг ёсны Жинхэнэ гэр орондоо буюу өөрөө өөртөө эргэж ирээрэй.

5."Ээдрээт цагийн бичээс"-Ё.Отгонбаяр

Доктор Ё.Отгонбаяр "Монгол улсын тусгаар тогтнолын товчоон" цуврал бүтээлийнхээ тэргүүн дэвтэр "Талд ассан түймэр" номоо гаргаад удаагүй байгаа билээ. Тэгвэл энэ удаа "Ээдрээт цагийн бичээс" буюу цувралын хоёр дахь номоо уншигч түмэндээ өргөн барьж байна. Эл бүтээлд 1915 оны Хиагтын 3 улсын хэлэлцээрийн дараагаас 1924 онд Бүгд Найрамдах Улс тунхаглах хүртэл үеийн түүхэн үйл явдлыг дэлхийн болон тив бүс нутгийн түүхийн ханан дээр эссэ, нийтлэлийн хэлбэрээр өгүүлжээ.

эх сурвалж: ikon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин