Жет Ли: Амьдралын үнэн
Суут тамирчин, тулааны урлагийн мастер, гайхалтай жүжигчин Жет Ли 1963-04-26-нд Бээжин хотноо олон ам бүлтэй ядуу өрхийн бага хүү болон төржээ. Түүний жинхэнэ нэр нь Ли Ляньцзе. Тэрээр 1-р анги төгсөөд бусад олон хүүхдүүдийн нэгэн адилаар спортын зусланд ушу сурч эхэлсэн байна.
Хожим нь Жет ушугийн секцэнд огт санаандгүй орсон тухайгаа ярьсан байдаг. Амралт дууссаны дараа хүүхдүүдийг явуулсан боловч Жетийг тусгайлан авч үзэж ушугаар цаашид хичээллэхийг эрхэмлэн зөвлөсөн гэдэг. Урам орсон хүү ч дасгал сургуулилтаа нэн даруй эхлэхийг яарч байж. Түүний ур чадвар гайхалтай хурдан дээшилж, 11 настайдаа ушугийн аваргын 5 алтан медалийг авчихсан байжээ. Улмаар засаг төрөөс түүнийг 45 орны тамирчид оролцсон тулааны урлагийн том тэмцээнд оролцуулахаар сонгосон байна.
Энэ тэмцээн 1974 онд АНУ-д болсон бөгөөд Жетийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн үйл явдал болжээ. Тамирчдыг нутгаасаа гарахын өмнө засгийн газрын төлөөлөгч хүлээн авч уулзаад, Америкт юу хийж болох, юу хийж болохгүйг сануулж, тэднийг тагнаж, мөрдөж байж болзошгүйг анхааруулсан гэдэг. АНУ-ын ерөнхийлөгч Никсон өөрийн биеэр Лигийн тоглолтыг ихэд магтсан байна. Барууны тансаг амьдрал Жетэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд тэр америкчуудтай харилцах явцдаа тэдний нөхөрсөг занг ойлгон мэдэрч, дайсагналцах шаардлагагүйг ойлгосон байна.
Энэ цагаас хойш түүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж эхэлжээ. Тэрээр Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 1976-77 онд дэлхий тойрсон аялан тоглолт хийв. 1979 онд Их Британд үзүүлэх тоглолт хийсэн байна. 17 настайдаа спортыг орхиж жүжигчин болох гараагаа эхэлжээ. Ушугийн тэмцээн дээр Жетийг нүдэлж авсан кино найруулагчид түүнийг 2 дахь Брюс Ли болно гэж найдлага тавьж байв. Ингээд анхны “Шаолиний сүм” кинонд (#fff7c1; border: 1px solid #f7e25e;">1982 он) шууд л гол дүрийг авлаа. Кино маш амжилттай болов. Үүний халуун мөрөөр "Шаолиний сүм-2, Шаолиний хүүхдүүд" (1983 он), "Шаолиний сүм-3: Умард ба Өмнөд Шаолинь" (1986 он) кинонууд гарчээ. Шаолиний гурамсан кинонд тоглосныхоо дараагаар Ли "Жет" (англ. Jet) буюу "Тийрэлтэт" хочтой болжээ.
Жет Лигийн дараачийн гайхалтай кинонууд бол "Хятадад нэг удаа" (1991 он), "Хятадад нэг удаа-2" (1992 он), "Хятадад нэг удаа-3" (1993 он) юм. Энэ удаа Жет Хятадын Ардын баатар, кун-фугийнмастер, эмч Вонг Фей Хуны дүрийг бүтээсэн билээ.
“Домог 1,2” кинонд “Тийрэлтэт” Ли кун-фугийн мастерийн дүрийг дорнын тулааны урлагийн шилдэг уламжлалын дагуу, гонконг киноны сонгодог стилээр бүтээжээ. 1998 онд Ази, Европ, Америкт нэр алдар нь түгж эхэлсэн Жетийг “Үхлийн зэвсэг-4” кинонд “муу залуу”-гийн дүрд тоглуулахаар урьснаар түүний өмнө Холливудын үүд хаалга нээгджээ.
Хувийн амьдралын тухайд гэвэл: 1987 онд Жет Ли “Шаолиний сүм” кинонд хамт тоглосон ушугийн тамирчин Хуан Цюйяньтай гэрлэсэн боловч 1990 онд салсан байна. Тэд 2 охинтой. 1999 онд Ли Гонконгийн жүжигчин Нина Ли Чи (Бид түүнийг "Ихэр луу" киногоор нь мэднэ)-тэй гэрлэж дахин 2 охинтой болжээ. 2004-12-р сард Жет Ли охинтойгоо Мальдивт амарч байжээ. Түүнийг цунамид өртөж нас барсан гэсэн цуурхал гарсан ч тэд амьд мэнд байсан бөгөөд харин Ли охиноо аварч яваад хөлөө хугалсан байна.
2000-аад онд үзэгчдийн сэтгэлд хүрсэн сайхан кинонууд ар араасаа гарлаа:
"Ромео үхэх ёстой" (2000), "Луугийн үнсэлт" (2001), "Цорын ганц" (2001), "Баатар" (2002), "Төрөхөөс үхэх хүртлээ" (2003), "Нохой Дэнни" (2005), "Аймшиггүй" (2006), "Дайн" (2007), "Хориотой хаант улс" (2008)- Жет Ли энэ кинонд анх удаа Жеки Чантай хамт тоглосон юм. Түүнчлэн "Муми 3: Луугийн эзэн хааны бунхан" адал явдалт кино гарчээ.
2007 онд Associated Press: «…Гонконгийн 44 настай жүжигчин, тулаант киноны харьж буй од CNN "Talk Asia" хөтөлбөрт ярилцлага өгөхдөө Тайвань, Хятад хоёр нэгдэх ёстой гэж хэлэв» хэмээн бичиж байжээ. 2010 онд «Тэнгисийн диваажин» (Хятад), «Дийлдэшгүй» (найруулагч С.Сталлоне, АНУ) гэсэн 2 кино гарсан нь жүжигчний алдрын од харих болоогүйг бэлхнээ харуулжээ. Түүгээр ч зогсохгүй 2011 онд гарсан "Луугийн хаалга”, 2012 онд гарсан "Дийлдэшгүй-2" кинонууд нь хамгийн их ашиг орлоготой киногоор тодорсон байна.
Холливуд Жет Лиг "Матрикс" болон "Гэтэж буй бар, хүрхрэх луу" хоёр кинонд тоглуулах санал тавьсан ч жүжигчин зөвшөөрөөгүй гэдэг. Жет Ли эхнэрээ төрөх хүртэл ажлаа хийхгүй дэргэд нь байхаар амалсан учир “Гэтэж буй бар”-д тоглож чадаагүй байна. Харин “Матрикс” киноны хувьд компьютерээр бүх зүйл хийгдэх учраас ямар ч ур чадвар шаардлагагүй гэж үзжээ.
Сонирхуулахад, "Луугийн үнсэлт" (2001) киноны шагнал - 5,000,000 $, "Ромео үхэх ёстой" (2000) - 2,400,000 $ болсон гэнэ.
Жет Ли буддын шашин шүтдэг бөгөөд Далай ламтай уулзаж байжээ. Гэхдээ энэ уулзалтаас болж Бээжингийн удирдлагатай асуудалд орохыг хүсээгүй тул 2007 онд Төвдийн бие даасан байдлыг дэмжигч биш гэдгээ албан ёсоор мэдэгджээ. «Улсын хил хязгаар, үндэстний асуудал бол улс төрийн хэрэг болохоос шашных биш» гэж тэрээр хэлсэн байна.
Жет Ли Улаан загалмай нийгэмлэгийн гишүүн бөгөөд буяны үйл хэрэгт идэвхтэй оролцдог.
2008 онд AMPAS (Америкийн кино урлаг, кино судлалын академи)-т уригдсан 105 хүний нэг болжээ.
"Цус нэгт ахан дүүс" (2008) кинонд генерал Пан Цин-Юний дүрийг бүтээж Hong Kong Film Awards-ын "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналын эзэн болсон.
Эх сурвалж: viva.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ