Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарыг шүүгдэгчээр татжээ

Өнөөдөр Дүүргийн хоёрдугаар прокурор Б.Баян-Очир зарим хэргийн талаар мэдээлэл хийлээ.

-ХААИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БЯМБААД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ-

Прокурорын байгууллагаас Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэргүүцэл бичсэн байна. Өнгөрсөн долдугаар сард Б.Бямбаад холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцэж, нотлогдоогүй гэж хэргийн холбогдогчийг цагаатгасан. Харин прокурорын байгууллагаас Б.Бямбаа нь улсад нийт 945 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон учир шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, эсэргүүцэх бичиг үйлдсэн гэж мэдээлэв.

-Г.АЛТАНХҮҮ ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨСНИЙГ ТОГТООЖЭЭ-

Дүүргийн прокурор Б.Баян-Очир "Г.Алтанхүү нь 2013 оны арваннэгдүгээр сарын 3-наас 12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, олон тооны шарх сорви үлдээж, амь насыг нь бүрэлгэсэн болохыг прокуророос тогтоосон. Харин шүүхээс талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний хариуд эргэлзсэн учраас мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос дахин хянаад, талийгаачийн амь насаа алдсанд буруутай этгээд Г.Алтанхүү мөн болохыг дахин тогтоож, шүүхэд шилжүүлээд байгаа" гэв. Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал ирэх арванхоёрдугаар сарын эхээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох юм байна.

-ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖЭЭЧ ЭМЧ НАРЫГ ШҮҮГДЭГЧЭЭР ТАТСАН-

Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймааг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэргээр шүүгчдэгчээр татжээ. Мөрдөн байцаалтын явц болон прокурорын хяналтад Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргүүтэй тус газрын шинжээч, эмч нар нь зориудаар хуурамч дүгнэлт гаргаж, хэн нэгэнд “үйлчилдэг” байсан нь тогтоогджээ.

Энэ хэргийг өмнө нь нэг удаа шүүхэд шилжүүлж хянуулахад Г.Дагиймаа нарын үйлдэл оролцоо тогтоогдоогүй гэж мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Харин прокуророос хэргийг дахин хянаад Г.Дагиймаа нар хөнгөн гэмтлийг хүнд, хүнд гэмтлийг хөнгөн гэж хуурамч дүгнэлт хэд хэдэн удаа гаргаж байсныг тогтоон хэргийг ийнхүү шүүхэд шилжүүлжээ.

Прокуророос Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал нарыг шүүгдэгчээр татсан мэдээлэл байна.

эх сурвалж: medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин