Хувь хүний хөгжлийн асуудлаар хичээл заалаа
Залуус нийгэмд эерэг нөлөөлөл бий болгож, зөв хандлагатай байж, улс эх орноо хөгжүүлэхэд гар бие оролцох зорилго тэмүүлэл тээж явааг “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн шилдэг оролцогчид үдэш бүр цэнхэр дэлгэцээр олон нийтэд харуулж байна. Манлайлагч залуус “Дэм дэмэндээ” төслийн хүрээнд гурван дэд төслийг хэрэгжүүлж байгаа. Залуус энэ удаад Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий Боловсролын Сургуулиас “Боловсролтой ирээдүй” дэд төслөө эхлүүллээ. Боловсролтой ирээдүйг бэлтгэх, хүүхэд залуучуудад өөрийгөө нээж хөгжүүлэх, хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг олгох гол зорилгыг энэхүү дэд төсөл агуулж байна.
Төв аймгийн Эрдэнэ суманд ЕБС-иас гадна Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа явуулдаг болохоор ойролцоох сумдаас хүүхэд залуус шилжиж ирэх нь их. Төслийн багийн залуус өөрсдийн ур чадвар, эзэмшсэн мэдлэг боловсролынх хүрээнд ахлах ангийн сурагчдад дөрвөн чиглэлээр хичээл заасан нь хүүхдүүдийн төдийгүй багш нарын сонирхолыг ихэд татаж байлаа. Хүүхдүүд энэ өдөр англи хэлийг хэрхэн сайн эзэмших аргачлал, Монгол хэл соёлоо дээдлэх ёс, хувь хүний хөгжлийн асуудлууд гэсэн чиглэлээр “номын дуу” сонслоо.
Төв аймгийн Эрдэнэ сумын ЕБС-ийн захирал Л.Хосбаяр:
Манай сургууль 1924 онд байгуулагдсан. Энэ хичээлийн жилд 440 сурагч, 50 гаруй багш ажилчид, дотуур байранд 120 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн хэмжээнд багш сурагчийг хөгжүүлэх чиглэлээр “Зөв Монгол хүүхэд”, “Авъяас”, “Ном”, “Багшийг хөгжүүлэх хөтөлбөр” зэргийг амжилттай хэрэгжүүлсэн. “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн оролцогчид манай суманд ирж, хүүхэд залууст шинэ мэдээ мэдээлэл өгч, өөрсдийн туршлагаас хуваалцаж байгаа нь хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгоход үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Ер нь залуусыг уриалсан, сэрээсэн ийм төсөл хэрэгжиж байгаад залуу хүний хувьд баяртай байгаа.
Ахлах ангийнханд хичээл заасан оролцогчид ийн ярьлаа.
Д.Ренчинбумба: Би “Монгол хэл бичиг, Монгол сэтгэлгээ” сэдвээр хичээл заалаа. Монгол түмний бахархал болсон босоо бичгээ сурах, өвлөн авч үлдэх тухай ойлголтыг өгөхийг зорьсон. Монгол сэтгэлгээ гэдэг маш чухал. Хэт их түрэмгийлж орж ирж буй гадны соёлоос уламжлал, зайн үйл, ёс жудгийг хамгаалах дархлаа байх ётсой гэж боддог. Хүүхдүүдэд энэ чиглэлээр хичээл заахдаа урлагтай холбовол сонирхолтой байх болов уу гэж үзээд өөрийн хичээллэдэг Монгол уран бичлэгийн төрлөөр хичээлээ заалаа. Хүүхдүүд маш их сонирхож хандсан нь сайхан санагдлаа.
Э.Болд-Эрдэнэ: Миний хувьд Англи хэлний хичээл заалаа. Хичээлийн гол чиглэл гурвалсан хэлбэр болох дүрэм, үг, ярианд тулгуурлан Англи хэлийг хялбархан сурах боломжийн тухай зааж, зөвлөгөө өгсөн. Хүүхдүүдэд сургалтын энэ хэлбэр таалагдаж байгааг мэдэрсэн.
Б.Гүнсэн:Хувь хүний хөгжлийн асуудал маш өргөн цар хүрээтэй ойголт. Хичээл эхлэхийн өмнө энэ талаар асуухад хүүхдүүд их сайн ойлголттой хариулт өгч байсан. Эндээс харахад хүүхэд залуус өөрийгөө хөгжүүлэх тухай ойлголттой, мэдээлэл цуглуулж чадвартай нь харагдлаа. Хүүхдүүд үнэхээр мундаг байсан.
12А ангийн сурагч Х.Нямдаваа: Хичээлүүд маш сонирхолтой санагдсан. Олон шинэ мэдээлэл авлаа. Манай ангийнхан англи хэлний хичээлийг илүү сонирхож байсан. Учир нь дүрэм, яриа, үг цээжлэх гэсэн аргачлалыг хамт хэрэглэх тухай мэдэж авсан. Миний хувьд эмч болно гэж боддог. Эмч болох хүнд тал бүрийн мэдлэг хэрэгтэй.
11Б ангийн сурагч Б.Ариун-Эрдэнэ: Өнөөдрийн арга хэмжээнд хүүхдүүд маш идэвхтэй оролцсон. Хичээл заасан ах эгч нар бидэнтэй үе тэнгийн найзууд шиг харьцаж, хандаж байсан нь гоё санагдсан. Асуултаа чөлөөтэй тавьж олон мэдээлэл сонссон.
Хичээлийн дараа гар бөмбөгийн нөхөрсөг тоглолт болж хүүхдүүд төслийн багийн ах эгч нарын багийн амархан буулгаж авсан юм. Зорьсон зорилготой, сум орон нутгаа хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо манлайлагч залуучуудтай нээлттэй хуваалцан нэг өдрийг хамт суралцан хөгжилтэй өнгөрүүлсэн нь энэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ