Бохь зажлахын ашиг тус
Шүдний өвчнөөс сэргийлнэ хэмээн сурталчилдаг бохийг хүмүүс анх ХIХ дүгээр зууны эцсээр мэддэг болсон билээ. 100 гаруй жил өнгөрсөн ч бохины худалдаачид түүнийг бидэнд гарцаагүй хэрэгтэй зүйл гэдэгт үнэмшүүлэхийг оролдсоор бараг л итгүүлж чадсан. Бохийг шүдний өвчнөөс сэргийлж, шүдний өнгөрийг цэвэрлэдэг гэж одоо ч сурталчилдаг. Гэхдээ мэргэжилтнүүд бохины талаар арай өөр бодолтой байдаг аж.
Бохь шүлт, хүчлийг тэнцвэржүүлж, шүд хорхойтохоос сэргийлнэ
Бохь нь хүчил болон шүлтийг тэнцвэржүүлдэг гэж үйлдвэрлэгчид ярьдаг. Гэхдээ бохь нь амны хөндийн хүчил, шүлтийн хэмжээг багасгахад зориулагдаагүй юм. Бохь зажилж эхлэхэд эхний 2-3 минутад амны хөндийн эрүүл байдлыг тэнцвэржүүлдэг шүлсний булчирхай идэвхжиж эхэлдэг байна. Амны хөндийн хүчлийн хэвийн хэмжээ тухайн үед ямар хоол хүнс идсэнээс шалтгаалан түр зуур өөрчлөгддөг ажээ. Гэхдээ бие организм өөрөө хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх чадвартай бөгөөд бохь нь ямар нэг байдлаар нөлөөлөх боловч өдөржин шөнөжин зажилсан тохиолдолд л нөлөөлөх гэнэ. Иймээс бохь хүчил, шүлтийг тэнцвэржүүлдэг гэдэг нь зүгээр л бүтээгдэхүүнээ гүйлгэх гэсэн сурталчилгаа юм.
Мөн түүнээс гадна бохь нь амны хөндийн хүчлийг багасгаснаар шүд хорхойтохоос сэргийлдэг гэж сурталчилдаг. Гэхдээ хүчил, шүлтийн хэмжээ нь бичил биетүүдийн үүсгэдэг шүдний өвчнөөр өвчлөх магадлалыг багасгадаггүй байна. Бичил биетүүд нь шүдний паалан болон буйлыг гэмтээдэг ажээ. Бохь эсвэл ногоо зажилж байх үед зөвхөн шүдний өнгөн хэсгийг цэвэрлэдэг байна. Харин шүд завсраараа хорхойтдог учраас бохь зажлах нь шүд хорхойтохоос сэргийлдэг гэдэг бол харьцангуй ойлголт юм.
Сахаргүй бохь
Бохь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ шүдэнд илүү ашиг тустай харагдуулахын тулд бичил биетүүдийг үржүүлдэггүй сахар орлуулагчтай хэмээн сурталчилдаг. Бичил биетүүд идэвхижсэнээр, сүүн хүчил ялгардаг бөгөөд энэ нь шүдний пааланг гэмтээдэг байна. Гэхдээ бохийг бүр огт зажлахгүй байвал сахар ч байхгүй байх бөгөөд үнэнийг хэлэхэд сахар орлуулагчтай бохины ашиг тус гэж байхгүй юм.
Бохины орц
Бохины хамгийн шүүмжлүүштэй тал бол түүний орц юм. Бохинд агуулагддаг бараг бүх бодис нь байгалийн бус гаралтай бөгөөд тэдгээрийг химийн аргаар гаргаж авдаг байна. Бохинд ордог үндсэн түүхий эд нь латекс буюу ургамлын шүүс юм. Энэ бодисыг хүний биед гаж нөлөөгүй гэж үздэг боловч үүнийг баталсанбүрэн хэмжээний судалгаа хийгдээгүй байна. Бохинд сэнгэнэсэн үнэр оруулагч бодисууд нь дуураймал байдаг ажээ. Тэдгээрийг химийн аргаар гаргаж авдаг учраас хүний биед хортой байж болзошгүй юм. Гэхдээ эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээний дагуу бохинд хольдог байна.
Хор хөнөөл
Бохь зөвхөн ашигтай төдийгүй бас хортой гэж шүдний эмч нар ярьдаг. Зарим хүмүүсийн зажлах булчин нь хэт хөгжсөн байдгаас шүднийх нь паалан унадаг ажээ. Тэдэнд бохь зажлахыг хориглодог байна. Мөн түүнээс гадна буйл суларч, шүд хөдөлгөөнтэй болсон бол бохь зажилж огт болохгүй бөгөөд хэрвээ зажилбал шүд унана.
Тэрчлэн ходоод гэдэсний өвчтэй хүн бохь зажлах хориотой. Бохь нь гэдэсний салст бүрхэвчийг цочроодог байна. Бохийг амандаа хиймэгц бие махбодь түүнийг хоол хүнс мэт хүлээж авдаг учраас гэдэс цочирч үүний улмаас ходоодны шарх болон үрэвсэл үүсэх магадлалтай. Бохинд агуулагддаг хлорофилл (Е140), бутилгидрокситолол (Е321) зэрэг бодис гааны нэгэн адилаар харшил үүсгэж болзошгүй. Зарим нэг бохинд агуулагддаг амуу соёолж нь артерийн судасны даралтыг нэмэгдүүлж, цусан дахь калийн хэмжээг багасгадаг байна.
Бохины ашиг тус
Бохь байнга зажлах нь шүд орчмын эд эсийн ачааллыг нэмэгдүүлдэг ажээ. Бохь зажлах нь байгалиас заяасан ашигтай зүйл юм. Учир нь шүднээс буйланд даралт ирснээр энэ нь буйланд нэг ёсны иллэг болж, цусны эргэлтийг сайжруулдаг. Гэхдээ хэт ачаалал нь ачаалал багатай байхаас аюултай юм. Бохь байнга зажлах нь буйлны судас дарагдахад хүргэдэг бөгөөд цусны эргэлтийг удаашруулдаг байна.
Бохь байнга зажлах дуртай хүмүүсийн шүлсний ялгаралт ихсэх байдал ажиглагддаг. Удаан хугацаагаар зажлах нь шүлсний булчирхайд ачаалал өгч, байнга шүлс ялгаруулдаг болгоход хүргэдэг бөгөөд үүний улмаас бохь зажлаагүй байсан ч шүлс нь ялгарч, шүлсээ хаямаар санагддаг болдог ажээ. Байнга шүлсээ хаяж явах нь мэдээж соёлтой харагдахгүй.
Удаан бохь зажилж шүлс их хэмжээгээр ялгардаг болсноос хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа шүлс улам бүр багасдаг. Энэ нь хоол боловсруулах эрхтэнд маш муу юм. Хоол хүнсийг боловсруулахад зайлшгүй хэрэгтэй шингэн болон ферментүүдийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүйн улмаас идсэн зүйл ходоод рүү хатуу бүхэл хэвээрээ ордог байна. Үүний улмаас ходоодны үрэвсэл, шарх үүсдэг ажээ.
Эмч нар бохийг огт зажилж болохгүй хэмээн хориглодоггүй. Тухайлбал, хоол идсэнийхээ дараа амны хөндийг цэвэрлэхийн тулд бохь зажлахыг зөвлөдөг. Гэхдээ үүнийг цорын ганц аргад тооцож болохгүй. Хоол идсэний дараа шүдээугаах нь хамгийн зохимжтой. Бохь зажилбал шүдний ломбо унадаг гэдэг нь худлаа гэнэ. Харин бохийг удаан хугацаагаар зажлах хэрэггүй. Амныхаа хөндийн эвгүй үнэрийг дарж, бохины сайхан амтыгмэдрэхийн тулд ердөө 15-20 минут зажлахад хангалттай.
эх сурвалж: mongolcom.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ