Хавдар судлалын үндэсний төвд 300 сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэв
Хавдар судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт Япон улсын Nihon Kohden корпораци, Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Си-Ай-Ти ХХК хамтран нийт 300 сая төгрөгийн үнэтэй, өндөр хүчин чадал бүхий хяналтын мониторуудыг бэлэглэв. Энэхүү буянтай үйл ажиллагаанд баяр хүргэж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлсэн юм. Мөн Япон улсын ЭСЯ-ын эрүүл мэндийн зөвлөх Ш.Токүмото баяр хүргэж үг хэллээ.
ХСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх “ХСҮТ –д энэхүү чухал төхөөрөмжийг бэлэглэж байгаад баяртай байна. Монитор нь 24 цагийн турш тасралтгүй ажилладаг төхөөрөмж учраас ачаалалтай бөгөөд эвдрэл нэлээд гардаг . Гэхдээ Nihon Kohden корпорацийн бүтээгдэхүүн нь чанартай, бөгөөд эвдрэл бараг гардаггүй гэдгээрээ алдартай. Мөн япон төхөөрөмжийн тоон үзүүлэлт, хэмжээ, дүрс хамгийн зөв байдаг учир зөв оношилгоо хийхэд тустай. Энэ төхөөрөмж нь манай төвийн ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулахад ач холбогдолтой” гэв.
Nihon Kohden корпорацийн Ази хариуцсан захирал Т.Шимада хэлэхдээ “Манай компанийн бүтээгдэхүүн Монгол улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ХСҮТ-ийн хамт олны ажил үйлчилгээг дэмжихэд ач тусаа өгөх болсонд баяртай байна. Nihon Kohden корпораци 1951 оноос эхлэн хяналтын монитор, тархины бичлэгийн аппарат, зүрхний бичлэгийн аппарат зэрэг олон төхөөрөмж үйлдвэрлэж байгаа бөгөөд одоо дэлхийн 120 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа Япон улсын бахархал болсон дэлхийд алдартай компаниудын нэг юм. Манай бүтээгдэхүүнүүд чанартай учир эвдрэл маш бага гардаг. 25 жилийн өмнө Монгол Улсын 3-р эмнэлэгт Японы ЗГ-ын тусламжаар орж ирсэн зүрхний бичлэгийн аппарат өнөөдрийг хүртэл асуудалгүй ажиллаж байна. Япон тоног төхөөрөмж харьцангуй үнэтэй боловч маш сайн чанартай учир олон жил ашиглагдаж эцсийн үнэ нь, хямд үнэтэй төхөөрөмж олон удаа худалдаж авахаас хамаагүй хямд болдог. Мониторууд эдэлгээний явцад асуудал гарвал бид Монгол дахь дистрибютер Си-Ай-Ти ХХК-тай хамтран засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэх болно” гэсэн юм .
Харин Си-Ай-Ти ХХК-ийн захирал Б.Гэрэлмаа“Манай компани 2006 оноос эхлэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн импорт, ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээний мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулж ирлээ. Япон улсын дэлхийд алдартай FUJIFILM, SHIMADZU, HITACHI ALOKA MEDICAL, NIHON KOHDEN, ACOMA компаниудын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Бид дэлхийн технологийн дэвшлийг тэргүүлж байдаг Япон технологи, стандарт, чанарыг эх орондоо нэвтрүүлж, найдвартай засвар үйлчилгээ үзүүлж ажиллахыг зорилгоо болгодог. Энэ удаа Nihon Kohden корпорацитай хамтран ХСҮТ-д нэн шаардлагатай хяналтын мониторуудыг бэлэглэж байгаадаа туйлын баяртай байна” гэлээ.
Нийгмийн хариуцлага өндөртэй ийм компаниуд улам олон болох болтугай.
эх сурвалж: news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ