АТГ-т падгүй ажил гэж бас байна

Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулах, урьдчилан сэргийлж соён гэгээрүүлэх, хөрөнгө орлого, ашиг сонирхлыг хянах эрх, үүрэгтэй. Харин гэмт хэргийн нарийн ширийн мэдээ, мэдээллийг олон нийтэд тайлагнах үүрэг шууд утгаараа хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, тус газарт шалгаж байгаа хэрэг олны анхаарлыг татсан ч, ташаа мэдээлэл цацагдсан ч хэвлэлийн бага хурал хийж, хавтаст хэргээс баримт сөхөх эрх энэ байгууллагад байхгүй. АТГ ийн сайн дураараа “ил тод” байснаараа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт, Гэм буруутай нь хуулийн Дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож үл болно” гэсаэн заалтыг бүдүүлгээр зөрчиж байна.

Ингэснээрээ АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэгт холбогдсон ардаа хань ижил, найз нөхөр, үр хүүхэд, элгэн садан, бизнесийн түнш, хамт олонтой олон хүнийг мэдээлэл өгснөөрөө “яллаж” байна гэсэн үг. “Хэргийг шалгах явцад ийм нөхцөл байдал тогтоогдсон, илэрсэн, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон” гэсэн тайлбар нь ч шүүн таслах ажиллагаанд нөлөөлж байгаа хэрэг.

Ер нь бол АТГ-ын мөрдөн шалгах ажил хуулиараа л явж байгаа бол хөндлөнгөөс хэн юу ярих нь огт хамаагүй л дээ. Хүмүүс юу сонсох, юу ярих тэдэнд огт падгүй. Эцсийн дүндээ тэдний шалгасан хэргийн нотолгоо үнэн зөв, шударга байж, прокурорын хяналтыг давж шүүхээр орж улсын эрх ашиг, хүний эрхийг хамгаалах нь чухал. Практикаас харахад, цагдаа, прокурор, шүүхийн нэр хүнд нийгэмд тийм ч сайн байдаггүй нь харагддаг. Учир нь, аливаа шийдвэр үнэн, худлын нэг л талд гардаг. Ийм учраас улстөрчид шиг олон нийтэд таалагдах шаардлага АТГ-ынханд байхгүй. Энэ утгаараа ажлаа чимээгүй хийж байх ёстой төрийн тусгай байгууллагуудын нэг бол АТГ “Замын ноход хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэдэг шиг АТГ өмнөө байгаа ажлаа л хийх хэрэгтэй.

Нэгэн үе Тагнуулын ерөнхий газрыг удирдаж явсан хурандаа Р.Болдын онож хэлсэн үг байдаг. Тэр нь “Тагнуул чимээгүй байвал ажлаа хийж байна гэж бод” гэж. Хууль сахиулах, мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд өөрсдийгөө өмөөрөөд, дуу ороод ирэхээрээ нэг л биш болоод ирдэг гэсэн санаа. Тэгвэл АТГ-ын дуу ордог үе хэдийд вэ гэдгийг бодож үзье.

Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгууль дөхөхөөр, улс төрийн аливаа эгзэгтэй үе таарахаар гэдгийг бодож цөхөх зүйлгүй хэлж болно. Сүүлийн жишээг хэлэхэд, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө хэвлэлийн бага хурал хийж “Нүүрс” хөтөлбөрт холбогдсон Л.Гансүх нарт холбогдох хавтаст хэргийг задалж ярьсан. Энэ нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах “жүжиг”-ийн нэг үзэгдэл байсан гэдэг. Н.Алтанхуяг хэчнээн муу хүн байж болох ч энэ хэргийн талаар мэдээлэл хийх шаардлага АТГ-т байгаагүй. Ингээд үзэхэд, гэмт хэргийн мэдээллийг хэдийд задлах, задлахгүй вэ гэдэг нь АТГ-ын ашиг сонирхол мэт. Дээхнэ үед, “Сайд, ялаа хоёрыг сонингоор алж болно” гэдэг үг байсан.

Харин одоо АТГ хэвлэлийн бага хурлаараа…
Саяхан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн хөдөлж эхлэв. Тэд АТГ-т шүүхээр шийдвэрлээгүй гэмт хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх замаар шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхөө боль гэсэн утгатай албан бичиг илгээжээ. Шүүхийн захиргааны байгууллагын энэхүү шаардлага хүний эрх талаасаа, хууль журмаараа зүйд нийцнэ. Энэ нь үе үе мэдээлэл хийдэг цагдаа, прокурорын байгууллагад ч бас хамаатай. Шүүхийн ерөнхий зөвлөл АТГ-т албан бичиг илгээснээрээ хууль сахиулах бусад байгууллагад ч цохилт өгөв. Одоо тэд дараахь зүйлийг болих хэрэгтэй байна.

1.Манай цагдаа, тагнуул, гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, ШӨХТГ, аудит, АТГ-ынхан тодорхой хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгөхдөө эзэн холбогдогчийн нэрийг бүтнээр нь ажил, албан тушаалтай нь нэрлэдэг. “Үүнийгээ прокурорын зевшөөрсен хэмжээнд, мөрдөн байцаалтын нууц задруулаагүй” гэж зарим нь тайлбарладаг. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Оюунчимэгийн гэрт хулгай орж, их хэмжээний үнэт эдлэл алдагдахад сэтгүүлчдэд хэлчихэж байгаа юм. Төрийн албан хаагчийн цалингаар авч хүрэхгүй үнэт эдлэл яагаад Оюунчимэгт байв. “авлигач, үндэслэлгүй хөрөнгөжигч” гэх мэтээр ярьж байна. Цагдаагийн байгууллагад итгэж гэмт хэргийн мэдээллийг хохирогчийн үүднээс өгсөн Оюунчимэг үүнээс болж адлуулж байх жишээтэй. Хэрвээ иргэн “О-гийн гэрээс алдагдлаа” зэргээр мэдээлж, албан тушаалыг нь хэлээгүй бол Оюунчимэг ингэж давхар нэр хүнд, сэтгэл санаагаараа хохирохгүй л байв.

2. Мөрдөн байцаалтын нууц гэсэн ойлголт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд бий. Энэ нууцыг задруулбал Эрүүгийн хуулиар шийтгэдэг. Гэтэл хууль сахиулах үүрэгтэй байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан мэдээллээ нийтэд цацсаар байна. Хариуцлага хүлээж байгаа хүн ч алга. Үүний ил тод жишээ нь “МИАТ-ийн” гэх хэрэг. Уг нь, гэмт хэргийг “прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж болно” гэсэн хуулийн заалттай. Гэтэл прокурорын зөвшөөрсөн хэмжээ байтугай хавтаст хэргийг тэр чигээр нь хэвлэлүүд “а”, “б”-гүйнийтэлсэн. Тухайн үед ийм нарийн ширийн мэдээллийг мөрдөн байцаагчаас нь өөр хүн задлах боломжгүй байсан. “МИАТ-ийн” хэргийн мөрдөн байцаалтын нууцыг задалсан хүн нь хариуцлага хүлээгээгүй. Харин олон сар иргэдэд чичлэгдэж удирдлагууд нь ял шийтгүүлсэн. Хэвлэлүүд, прокурор, хууль сахиулагчид тэднийг Дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө угаасан гэж мэдээлсэн хэдий ч шүүх мөнгө угаагаагүйг нь тогтоосон. Хэрвээ “прокурорын зөвшөөрсөн хэмжээ”, “мөрдөн байцаалтын нууц” гэдэг ойлголтод юу хамаарахыг нэгд нэгэнгүй хуульд оруулахгүй бол хууль сахиулагчид өөрсдөө хүний эрхийг зөрчсөөр байх нь ээ.’

3.Шүүгч аливаа хэргийг нотлох баримтыг дотоод итгэл үнэмшлээрээ үнэлэн хуулийн хүрээнд шийдвэрээ гаргана гэдгийг хуульчилсан. Тэгвэл “шүүгчийн дотоод итгэл үнэмшил” гэдэг ойлголт хуулийн сул тал хэвээр байна. Шүүгчийн дотоод итгэл үнэмшил буюу хувийн үзэмж, сэтгэл хөдлөл, зарчим, үзэл бодолтой “тулж ажиллах” нь хууль сахиулагч, прокурор, өмгөөлөгч нарын хамгийн ач холбогдол өгдөг ажил болчихоод байна. Хуулийн зохицуулалт сайн бол шүүгч үзэмжээрээ хэргийг шийдэх шаардлагагүй. Манай Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн зохицуулалт дутуу байгаа учраас шүүгч нэг мөр болоогүй ойлголтыг итгэл үнэмшлээрээ шийдэж байгаа. Хууль сахиулах, прокурорын байгууллага бол яллах тал гэж явдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн нэг оролцогчийн эсрэг төрийн яллах механизм ажиллаж байдаг. Энэ “механизм” өөрсдөдөө ашигтай байдлаар нийтэд мэдээлэл өгч, нийгмийн оюун санааг бэлддэг.

Нийгмийн оюун санааг бэлдэхээс гадна шүүгчийн дотоод итгэл үнэмшилд дам нөлөөлж байдаг. “МАХН-ын дарга
Н.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрт ганбөмбөлөг нийлүүлэх замаар мөнгө завшсан, Японы “Агоншю” байгууллагын хөрөнгөөр хувьдаа “ТВ9″ телевизийг байгуулсан” гэх мэдээллийг АТГ, прокурорын байгууллага хийсэн байдаг. Хэрвээ тэд мэдээлэл хийгээгүй бол нийтээрээ Н.Энхбаярыг үзэн ядахгүй, “Эрдэнэт”, “Агоншю”-гаас мөнгө завшсан гэж хоёр шатны шүүх үзэхгүй байж ч магадгүй байв. Дээд шүүх Н.Энхбаярыг дээр дурдсан хоёр үйлдэлд холбогдолгүйг тогтоосноор түүний ялыг багасгаж байв.

Эцэст хэлэхэд, Монгол Улсын Эрүүгийн хууль хүний эрхийг хамгаалах, гэмт хэргийг гаргуулахгүй байх үндсэн зорилготой. Шүүх байгууллага бол үнэнийг, шударга ёсыг тогтоож байдаг. Гэтэл хууль сахиулах байгууллагууд бусдын зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд ажиллагаа явуулахдаа нөгөө хэсгийн эрхийг зөрчиж байна. Тэд мэдээлэл хийх замаар үнэн, худлыг дэнсэлдэг шүүх, шүүгчид нөлөөлж буй нь юуны төлөө вэ?

Г.УЛСБОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин