А.Зүмбэрэл: Б.Билэгтийн тухай одоо ярихгүй

Хоёр долоо хоногийн өмнө дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхээс Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14, 28-ны өдрийн 258,269 тоот тогтоолыг хүчингүй болгож, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилохыг Засгийн газарт үүрэг болгосон нь маргаан дагуулаад байгаа билээ. Хариуцагч тал болох Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатанд гомдол гаргахаа мэдэгдсэн. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлтэй ярилцлаа.

-Шүүхийн шийдвэрээс үзэхэд иргэний хэргийн хариуцагч болох Засгийн газрын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүйгээс гадна Б.Билэгтийн нэхэмжлэлийн эсрэг гаргасан ямар ч тайлбар, нотлох баримт дурдагдаагүй байсан. Танайхаас хэргийн материалд хавсаруулахаар ямар ч тайлбар өөгүй юм уу, эсвэл өгсөн нотлох баримтыг шүүх хэрэгссэнгүй юу?

-ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш нэхэмжлэлийнхээ шаардлагыг гурван ч удаа өөрчилчихөөд байгаа. Эхний удаад С.Баатаржавыг ЦЕГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэмэхжлэл гаргасан. Дараа нь С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар жинхэлсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гурав дахь удаагаа ЦЕГ-ын даргын үүрэгт ажилд эргүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр шүүгчийн туслах надад гардуулж, 14 хоногийн дотор хариу тайлбараа гаргаарай гэж хууль сануулаад явсан. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 24-ний дотор манайх тайлбараа гаргаж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл маргааш нь буюу 11-ний өдөр шүүх хурал болоод Б.Билэгтийг үүрэгт ажилд нь эргүүлэн тогтоолгох шийдвэр гарсныг бид дараа нь мэдсэн. Хариуцагч талаас тайлбар өгөөгүй байгаа нь ийм учиртай. Тайлбар өгөх хугацаа нь болоогүй байхад шүүх хуралдааныг зөвхөн нэг талыг байлцуулаад хийчихсэн.

-Яагаад 14 хоногийн хугацаа дуусаагүй байхад шүүх хуралдааныг товлосон юм бэ?

-Өмнө нь шүүх хурал нэг удаа хойшлоод 11-ний өдрийн шүүх хурлын тов гарчихсан байсан. Өглөө 8.00 цагт шүүх хуралдаан эхлэхэд бид шүүгчээс “Өчигдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан. Манай талаас хариу тайлбараа гаргаагүй, хуулийн хугацаа дуусаагүй байхад шүүх хуралдааныг энэ хэвээр үргэлжлэх юм уу” гэдгийг асуухад “Үргэлжилнэ” гэсэн.

-Яагаад?

-Ажилд эргүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлээ өөрчилсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн биш, тодруулсан байна. Тиймээс хариу тайлбар гаргуулахаар хугацаа өгөхгүй гэсэн. Тэгэхэд нь бид хуульд заасан үндэслэлийн дагуу шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан.

-Ямар үндэслэлээр?

-Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91-д заасан үндэслэлээр. /91.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал/ Шүүгчдийн зөвлөл хуралдаж, шүүгчээс татгалзсан асуудлыг хэлэлцэхээр шүүх хуралдаан 11 цаг хүртэл хойшилсон. 11 цагт дахиад шүүх хурал эхэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХЗЯ-ны Хуулийн нэгдсэн бодлогын газрын дарга н.Баасандорж шүүгчээс татгалзаж байгаагаа хэлсэн. Гэтэл шүүгч өөрийг нь татгалзсан асуудлаар өөрөө шийдвэр гаргаад “Наад асуудлыг чинь шийдвэрлэсэн . Татгалзлыг хүлээж авахгүй” гээд шүүх хурлыг цааш үргэлжлүүсэн. Уг нь хуулиараа Ерөнхий шүүгч үүнийг шийдэх ёстой л доо. Тиймээс бид шүүх бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзсан, энэ шүүхээр шийдвэрлүүлэхгүй гээд. Ингээд шүүх хуралдаан хойшилсон. Энэ үед нэхэмжлэгч талын өмгөөлөгч “Дараагийн шүүх хурлыг товлохгүй юм уу” гэхэд шүүгч “Шүүгчдийн зөвлөл хэзээ хуралдахыг мэдэхгүй учраас шүүх хуралдааныг товлох боломжгүй” гээд алх тогшоод шүүх хурлыг хаасан.

-Тэгээд яагаад 11-нд шүүх хурал болчихсон юм бэ?

-Энэ шүүх хурлын дараа би цагдан хорионы шүүх хуралтай байсан юм. Шүүх хуралд оролцож шүүгчийн захирамж аваад цагдан хорих 461-р анги руу явсан. Явж байх замд над руу шүүгчийн туслахын утаснаас биш, огт өөр танихгүй дугаараас эрэгтэй хүн яриад “Шүүгчдийн зөвлөгөөн болчихлоо, тогтоол гардаж ав” гэсэн. Би ийм ажлаар 461-р анги руу явж байна. Тогтоолыг дараа очиж авна гэдгээ хэлсэн. Гэтэл “шүүх хурал чинь16.00 цагаас болсон шүү” гэхэд нь би 15:00 цаг өнгөрчихсөн байсан учраас “Хүндэтгэн үзэх шалтгаантай, ажилтай явж байгаа учраас шүүх хуралдаанд очих боломжгүй” гэдгээ хэлсэн.Шүүх хурал болсныг маргааш нь мэдсэн.

-Шүүх хуралдаан яагаад болсон юм бэ? Нэгдүгээрт шүүхээс татгалзсан, хоёрдугаарт нэхэмжлэлийн хариу тайлбар өгөх хугацаа болоогүй байдаг?

-Шүүгчдийн зөвлөл хуралдаад “Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нь үндэслэлгүй” гэж үзээд шүүх хуралдааныг явуулсан юм билээ.

-Одоо тэгээд танайх ямар үндэслэлээр давж заалдаж байгаа юм?

-Шүүхийн шийдвэр хууль зөрчиж гарсан байна, мэтгэлцэх зарчмыг хангасангүй л гэж гомдлоо гаргана л даа. Уг нь бол хуульд заасан хугацаанд шүүх хуралдааны товыг мэдэгдээд байхад хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байвал хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж болно. Яг энэ тохиолдолд бол шүүгчдийн зөвлөл хэзээ хуралдах нь тодорхойгүуй, хариуцагчийн өмгөөлөгч дараачийн шүүх хуралд явчихсан байхад тэр дор нь шүүх хуралдаан зарлачихаж байгаа байхгүй юу. Шүүхэд мэтгэлцэх боломж олгохгүйгээр зориудаар нэг талыг нь байлцуулаад шийдвэр гаргачихаж байгаа юм.

-Тэгэхээр энэ удаад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, үндэсгүйнталаар маргахгүй гэсэн үг үү?

-Тийм. Шүүхийн процесс өөрөө хууль зөрчөөд, буруу яваад байна гэдгийг яриад байгаа юм. Түүнээс биш нэмэхмжлэлийн шаардлага, үндэслэлтэй үндэслэлгүйн тухай энэ удаа ярихгүй. Түүнийг анхан шатны шүүх дээр хэлэлцэж шийдвэрлэнэ. Одоо бол анхан шатны шүүх хууль зөрчиж шийдвэр гаргасан талаар давж заалдах шатанд гомдол гаргана. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй, хэвээрээ байна гэж үзсэн юм бол өмнөх өдөр нь надад гардуулсан нэхэмжлэлийн шаардлага, хууль сануулсан 14 хоногийн хугацаа ямар учиртай байх вэ. Шүүхэд тайлбар өгөх асуудал шүүх хуралдаанаас өмнө л яг хэзээ өгөх нь хариуцагчийн, өмгөөлөгчийн тактикийн асуудал. Гэтэл 14 хоногийн хугацаанд тайлбараа өг гэчихээд маргааш нь шүүх хуралдаан хийчихэж байгаа нь хууль зөрчсөн хэрэг. Хариуцагч талыг хуураад байгаа юм уу, сонин харагдаж байгаа биз дээ.

-Шүүх Б.Билэгтийг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй, тодруулсан байна гэснийг та юу гэж үзэж байна? Хуулинд тийм зүйл бий юу?

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөвхөн талууд юу хүсч байна, түүн дээр л үндэслэж явагддаг. Та нэхэмжлэлийг шаардлагаа “Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулья” гээд биччихсэн байхад“Энэ яг ажилдаа эргүүлж тогтоолгоно доо”, эсвэл “Ажилдаа эргүүлж тогтоолгохгүй цалингаа аваад болих гэж байгаа юм байна” гэж өмнөөс нь таах боломжгүй. Б.Билэгт эхний хоёр нэхэмжлэлдээ ажилдаа эргүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаагүй. Тиймээс гуравдах удаагийн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан биш, нэмэгдүүлсэн байна л гэж үзнэ л дээ.

-Б.Билэгт ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн авах шаардлагыг аль нэмэхжлэлдээ гаргасан юм бэ?

-С.Баатаржавыг ЦЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсныг хүчингүй болгуулах тухай анхны нэхэмжлэлээрээ гаргасан. Нэмэгдүүлсэн шаардлага нь юу байсан гэхээр С.Баатаржавыг жинхэлсэн Засгийн газрын 269-р тогтоолыг хүчингүй болгох, дараа нь ЦЕГ-ын даргын үүрэг ажилд эргүүлэн тогтоолгох.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин