Мэргэжлийн сүмогийн дээд амжилтын эзэн "Цагаан гарьд"
Монгол орныхоо нэр хүндийг арлын Японд төдийгүй олон улс, тив дэлхий түвшинд өндөрт өргөж, олон сайхан амжилт үзүүлж яваа мэргэжлийн тамирчид бол манай сүмо бөхчүүд билээ. Эдгээр бөхчүүдийн тэргүүнд мэдээж бидний бахархал болсон Японы сүмо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын заан Долгорсүрэнгийн хүү Асашёорюү Дагвадорж, 69 дэх их аварга, Монгол Улсын дархан аварга, Мехикогийн 1968 оны олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбатын хүү Хакүхо Даваажаргал, 70 дахь их аварга, Монгол Улсын заан Даваанямын хүү Харүмафүжи Д.Бямбадорж, 71 дэх их аварга Какүрюү Мангалжалавын Ананд нар юм.
Дархан аварга Ж.Мөнхбатын отгон хүү, ёкозүна Хакүхо Даваажаргал нь 1985 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төржээ. Хакүхо багаасаа л аавыгаа даган бөхийн гал, наадмын дэвжээнд байнга очдог байсан гэдэг. Түүний том ах нь бөхийн спортыг төдийлөн сонирхож хичээллээгүй аж. Харин дунд ах М.Батхуяг нь самбо, жүдо бөхөөр хичээллэж өсвөр үе, залуучуудын улс аваргад тодорхой хэмжээний амжилт гаргаж явжээ. Одоо тэрбээр аавынхаа үндэслэн байгуулсан "Их шавийн" дээд сургуульд самбо, жүдо бөхийн дасгалжуулагч, багшаар ажиллаж байгаа билээ.
Дархан аварга Ж.Мөнхбат Хакүхог Япон руу жүдогийн дунд сургуульд оруулах санаатай явуулсан аж. Харин Хакүхогийн өөрийнх нь сонголт жүдо биш, сүмо бөх байлаа. Хүүгийнхээ сонголтыг хүндэтгэн үзэж Ж.Мөнхбат аварга Кёкүшюзан Д.Батбаяраас миний хүүг сүмогийн дэвжээнд оруулж өгөөч хэмээн хүсэлт тавьсан байдаг.
Кёкүшюзан Ж.Мөнхбат аваргын хүсэлтийг хүлээн авч Хакүхог дагуулан сүмо бөхийн олон дэвжээнд очжээ. Сүмогийн мэргэжилтэн дэвжээний ояката нарт Хакүхогийн жин, биеийн өндөр нь гологдож тэд дэвжээндээ авахаас татгалзжээ. Арга нь барагдсан Кёкүшюзан Миягино оякатагаас "Энэ хүү манай Монголын алдарт бөхийн хүүхэд байгаа юм. Сайн бөх болж амжилт гаргана гэдэгт нь би бүрэн итгэлтэй байна. Та өөрийн дэвжээндээ аваач" гэж гуйжээ. Харин Миягино ояката "Энэ хүүгийн амжилт гаргах нь юу л бол, гэхдээ яах вэ сайн хоол өгөөд үзье" гэсэн гэдэг.
Ийнхүү их аварга ёкозүна М.Даваажаргал, Кёкүшюзан Д.Батбаярын тусламжтайгаар Японы мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөд хөл тавин орж Хакүхо буюу "Цагаан гарьд" алдар нэртэй болсон түүхтэй. Тэрбээр хоромхон хугацаанд макүшита зиндаанд таван башё барилдаад жүрё зиндаанд 2004 оны нэгдүгээр сард дэвшин орсон байдаг. Улмаар 19 настайдаа дээд зиндаанд дэвшин 2004 оны Токиогийн тавдугаар сарын Нацү башёд маэгширагийн зүүний 16-аас босч, дээд зиндааны маэгшира, комүсүби, сэкивакэ, озёки цолтнуудыг өвдөг сөхрүүлэн гурван унаа, 12 даваатайгаар башёг өндөрлүүлсэн билээ. Дээд зиндааны анхны башёдоо амжилттай барилдсан Хакүхог сүмогийн мэргэжилтнүүд ихэд олзуурхан үнэлж ирээдүй их аварга "дай ёкозүна" хэмээн дуу алдацгааж байв.
Японы сүмо бөхийн дэвжээнд их аварга Хакүхо Даваажаргалын тогтоосон рекорд амжилтуудыг тоочвол барагдахгүй. Хакүхо 2004 оны арваннэгдүгээр сарын Фукуокагийн Кюүшю башёд маэгширагийн барууны нэгээс босч гурван унаа, 12 даваа авч комүсүби цол хүртсэн. Дараагийн сар буюу 2005 оны нэгдүгээр сарын Токиогийн Хару башёд комүсүби цолтойгоор барилдан 11 даваа авч мөн оныхоо гуравдугаар сарын Осакагийн Хару башёд сэкивакэ цолтойгоор барилдах болсон юм. Хакүхо 2006 оны нэг болон гуравдугаар сарын башёд дараалан 13 даваа авч озёки цол хүртэн мөн оныхоо тавдугаар сарын башёгоос эхлэн озёки цолтойгоор барилдах болсон. Харин мөн оны арваннэгдүгээр сарын барилдаанд бэртлийн улмаас барилдалгүй өнжсөн юм. Бэртлээ эдгээсний дараа 2007 оны гуравдугаар сарын Оскагийн Хару башёд 13 даваагаар, тавдугаар сарын Токиогийн Нацү башёд нэг ч унаагүйгээр 15 даван, хоёр башё дараалан түрүүлсэн амжилтаараа сүмо бөхийн их аварга ёкозүна цолыг хүртсэн билээ.
Японд төдийгүй дэлхийд танигдсан Монголын спортын од болон гялалзаж яваа тамирчин гэвэл яах аргагүй Хакүхо М.Даваажаргалыг хэлнэ. Хакүхо дэлхийд од болон танигдсан Холливудын алдарт кино жүжигчин Сельвистер Сталлоне, Дольф Лундгерн, мэргэжлийн теннис сонирхогчдын хүндлэлийг хүлээсэн дэлхийн шилдэг, Испанийн топ тамирчин Рафаел Надал, Сербийн залуу од Милош Раонич нартай цуг зургаа авахуулсан байгаа нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын од гэдгийг илтгэж байна.
Холливудын алдарт кино жүжигчин Сельвистер Сталлоне, Дольф Лундгерн нар их аварга Хакүхотой өөрсдөө ирж уулзжээ. Сталлонегийн өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон "The Expendables" киноны Япон дахь нээлт болсон бөгөөд хоёр хоногийн хугацаатай Японд зочилсон холливудын супер одууд киноны нээлтэд Монголын их аварга Хакүхо М.Даваажаргалыг урьжээ. Түүгээр зогсохгүй Сельвистер Сталлоне Японы Сүмогийн ордонд зочилж, их аварга Хакүхо М.Даваажаргалын барилдааныг үзэж сонирхсон байна. Хакүхо ёкозүна "Багаасаа Сталлонегийн тоглосон киног үзэх дуртай байсан" гээд өөрийнхөө шүтэж явдаг жүжигчинтэй уулзсандаа сэтгэл нь хөдөлж, киноны нээлтийн үеэр Сталлонег яг л хүүхэд шиг дээш өргөн, олныг хөгжөөсөн гэнэ.
Сүмо бөхийн 69 дэх их аварга М.Даваажаргал 2012 оны арваннэгдүгээр сарын Кюүшюү башёд түрүүлж, японы эзэн хааны цомыг 23 дахь удаагаа гардан авсан. Харин одоо тэрбээр энэ оны сүүлийн тэмцээнд түрүүлснээр Кюүшюү башёд долоон жил дараалан түрүүлж байна. Тэрбээр ийнхүү 32 удаа дээд зиндаанд түрүүлэн сүмо бөхийн их түүхийн нэгдүгээрт бичигдэж эхэллээ. Японы эзэн хааны цом, ялалтын туг, Япон улсын ерөнхий сайдын цомыг гардан авсныхаа дараа уламжлал ёсоор "NHK" телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө эх монгол хэлээрээ ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн нь тун сайхан үйл явдал болсон. "Алсад суугаа аав ээж, ах дүүс, амраг садан, биднийг үргэлж дэмжиж байдаг Монголынхоо ард түмэн та бүхэндээ үргэлж баярлаж явдаг шүү. Баярлалаа" хэмээн хэлсэн юм. Долоон жилийн өмнө 2005 онд ёкозүна Асашёорюү их рекордуудыг шинэчилснийхээ дараа ийнхүү монголоор мэндчилж байсан билээ.
Мөн Хакүхо Ёкозүна ярилцлагадаа таны ирэх 2013 оны зорилго юу вэ гэсэн асуултад "Илүү сонирхолтой сайхан барилдаан хийж та бүхнийхээ итгэлийг алдахгүй олон түрүүлж өмнөө байгаа Китаноүми рижичо, Асашёорюү нарын рекорд амжилтуудыг шинэчлэхийг хичээнэ" хэмээн амлалт өгсөн билээ. Хакүхо М.Даваажаргал амлалт өгдөг түүндээ хүрч чаддаг аварга билээ. Харин Хакүхог Япон бүсгүй Саёко Вадатай хайр сэтгэлийн холбоотой болсон гэдэг нь үнэн байв. Их аварга өдгөө гурван хүүхэдтэй. Ууган хүүг нь Д.Мөнхжаргал гэдэг. Япон нэр нь Махато. Монголчилбол "Үнэнээр жигүүрлэгч" гэх утгыг илэрхийлдэг. Харин том охиных нь монгол нэр Юнрэнцоо гэдэг бөгөөд япон нэр нь Амиюү гэдэг аж. Амиюү гэдэг энэ нэр урт удаан наслахыг бэлгэдсэн нэр гэнэ. Тэгвэл бага охин Д.Маяагийх нь япон нэр нь Миюша. Өнөр өтгөн гэр бүлийнхээ хамт их аварга Хакүхо М.Даваажаргал Японд хамгийн үнэтэйд тооцогдох 150 сая иенээр үнэлэгдэх элит орон сууцанд амьдардаг гэсэн.
Хакүхо их аваргаас сэтгүүлчид "Асашёорюүгийн зодог тайлсантай холбогдуулан хэдий хүртэл барилдах гэж байгаа талаар тодруулахад санаанд оромгүй хариулт хэлжээ. Тэрбээр "Хэзээ нэгэн цагт дохёноос бууна гэдгээ үргэлж бодож явдаг. Миний хувьд 30 нас хүрээд зодог тайлах бодолтой байдаг юм. Урт удаан насламаар байна" гэж хэлсэн нь хэвлэл мэдээллийнхнийг гайхшруулсан юм. Мөн үлдсэн хугацаанд жилийн зургаан барилдааны гуравт нь түрүүлэх зорилготой байгаа гэдгийг ч сэтгүүлчдэд дуулгажээ. Японы "NHK" телевиз Хакүхогийн амьдрал, замналын тухай өгүүлсэн тусгай нэвтрүүлэг хийж 2011 оны есдүгээр сарын 10-наас эхлэн цувралаар дэлхийн 120 гаруй оронд цацжээ.
Хакүхо аварга Монголдоо нэг гүүр барих санаатай байгаагаа илэрхийлсэн байдаг. Хаана гэдэг нь одоогоор тохироогүй байгаа аж. Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох санаа өвөрлөж яваа юм билээ. Хакүхо Монгол, Япон хоёр орны найрамдал нөхөрлөлийн гүүр болж явдгийн хувьд, ард түмнийхээ хайр хүндлэлийг дааж яваагийнхаа хувьд эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох санаа өвөрлөн яваа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ