"Монгол бахархалын өдөр"-т зориулсан барилдаанд харцага Ө.Бат-Орших түрүүллээ
Эзэн богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр болж өндөрлөсөн юм.
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Монгол бахархалын өдөр"-т зориулсан энэхүү барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ц.Лхагвасүрэн нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөх зодоглосон юм.
Хүчит 128 бөхөөс Увс аймгийн Улаангом сумын харьяат Увс нуур дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увс нуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагтханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой компаний бөх улсын гарьд Б.Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хилчин спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж нар үлдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ