Хүүхдийн спортын V их наадмыг ирэх онд орон даяар зохион байгуулна
Засгийн газрын хуралдаанаар иргэдийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжиж 4 жил тутамд хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг орон даяар зохион байгуулдаг. Үүний нэг болох хүүхдийн спортын V их наадмыг 2015 онд өвөл, зуны төрлүүдээр зохион байгуулахыг ССАЖЯ, БШУЯ, аймаг, нийслэлийн удирдлагуудад даалгалаа.
Их наадмыг хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийн дунд 8 төрлөөр ирэх оны 6 дугаар сард, ЕБС-ийн сурагчдын дунд зуны спортын 15 төрлөөр 9 дүгээр сард, өвлийн спортын 5 төрлөөр 12 дугаар сард тус тус нийслэл хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өмнөх наадмуудыг 3 үе шатаар явуулж байсан бол энэ удаа тухайн спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан баг тамирчдыг оролцуулан их наадмыг Улаанбаатар хотноо нэгэн зэрэг эхлүүлж, 5-7 хоногт багтаан зохион байгуулах юм. Түүнчлэн, оролцогчдыг урлаг соёлын тусгай хөтөлбөрүүдэд өргөнөөр хамруулна.
Хүүхдийн спортын их наадмыг 1999 онд анх зохион байгуулж байжээ. Олон улсын хэмжээнд ч хүүхэд залуус спортоор хичээллэхийг дэмжин 2010 оноос эхлэн өсвөр үеийнхний Олимпийн наадам зохион байгуулах шийдвэрийг Олон улсын Олимпийн хорооноос гаргасан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ