МХБХ-ны ээлжит бус их хурлаар шинэчилсэн дүрэм батална
Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганболд авлигын хэрэгт холбогдсон учраас Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ёс зүйн хорооноос түүний олон улсын болон үндэсний хөлбөмбөгийн арга хэмжээнүүдэд оролцох эрхийг таван жилээр хассан. Тиймээс тус холбооны Удирдах зөвлөл хуралдаж Б.Ганболдын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх А.Ганбаатарыг томилсон юм.
Монголын хөлбөмбөгийн холбоо ээлжит бус Их хурлаа өнөөдөр хуралдуулж байгаа бөгөөд Монголын хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн дүрмийг батлахаар хэлэлцэж байгаа ажээ. Их хуралд 21 аймгийн төлөөлөгчөөр 42, Хөлбөмбөгийн клубээс 48, шүүгчдээс 4, дасгалжуулагчдаас 8, эмэгтэйчүүдээс 4, ахмад хөлбөмбөгчдөөс 12, эмч нараас 2 төлөөлөгч, нийт 120 хүн оролцохоор баталсан байна. Хөлбөмбөгийн холбоо байдаггүй аймгуудаас төлөөлөгч сонгохдоо аймгийн Засаг даргын Тамгын газраар нь уламжлуулан мандат олгож байгаа гэлээ.
Монголчууд хөлбөмбөгийн спортын дүрмээ шинэчилж, холбооны багт сэлгээ хийх цаг нь болсон. Учир нь энэхүү спорт нь манайд 17 жил зогсолтын байдалтай байлаа гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ