Б.Саруул: Сэжигтэний ар гэрийнхэн бидэнтэй уулзаагүй
Хувиараа бөөний төв ажиллуулдаг залуу бусдын гарт амь насаа алдсан хэрэг өнгөрөгч есдүгээр сарын 15-нд гарсан.
Хэргийг Баянзүрх дүүргийн XI дүгээр хороо буюу Хонхорт үйл ажиллагаа явуулдаг “Хадат мянган” дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэн үйлдсэнээ мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрч, өдгөө урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа билээ.
Уг хэргийн мөрдөн байцаалт болон шүүх хурал хэзээ болох талаар талийгаачийн эхнэр Б.Саруултай ярилцлаа.
-Төв аймагт айлын хашаанд нуусан автомашины суудлын бүрээснээс олдсон үсний сэв Г.Пүрэвсүрэнгийн эхнэрийн үс байсан талаар мэдээлж байсан. Энэ хэр бодитой мэдээлэл юм бол. Эхнэрийг нь сэжигтнээр татан шалгаж байгаа юу?
-Хэргийг хариуцаж байгаа мөрдөн байцаагч Н.Аптан-Очир хэлэхдээ “Тухайн машины суудлын бүрээснээс гурван ширхэг үс олсон. Гэхдээ эхнэрийнх нь үстэй таараагүй” гэж хэлсэн. Миний хувьд, энэ хэрэгт хамсаатан байгаа гэж бодож байна.
Тийм ч учраас “Хамсаатныг илрүүлэх тал дээр ажиллуулмаар байна” гэдгээ мөрдөн байцаагчдаа хэлсэн. Ямар нэгэн байдлаар тэр их барааг ганцаараа зөөнө гэж байхгүй. Өмнө нь Г.Пүрэвсүрэн “Номин”ХХК-ийн агуулахыг ухаж байсан талаар мэдээлэл ирсэн.
Тэгээд энэ хэргээ хүлээхгүй байсаар тэнсэн харгалзах ял аваад гарсан юм билээ. Өмнө нь ийм хэрэг хийгээд ял зэмгүй мултарч байсан учраас “Болдог юм байна” гээд саяын хэргийг үйлдсэн байх. Одоо ямар ч байсан 2-3 өмгөөлөгч авчихсан байгаа гэх сурагтай байна.
Манай талаас нэг өмгөөлөгч авсан. Хэрэг нь тодорхой юм болохоор мөрдөн байцаагчдаа бүх зүйлээ даатгачихаад байж байна. Мөрдөн байцаагчийн хэлснээр ирэх арванхоёрдугаар сард хэрэг прокурорт шилжинэ гэсэн. Мөрдөн байцаах ажиллагаа хоёр сар үргэлжилдэг юм байна. Тэгээд прокурорт шилжээд тэндээс яллах дү;нэлт үйлдээд шүүхэд шилжинэ гэж хэлсэн.
-“Г.Пүрэвсүрэнгийн эхнэрийг сэжигнээр татаж цагдан хорьсон ч жирэмсэн учраас гадуур байцааж байгаа” гэсэн мэдээлэл байсан. Энэ мэдээлэл ташаа болж таарч байна уу?
-Бидний мэдэж байгаагаар нөхөр нь хэргээ хүлээгээд, эхнэр нь оролцоогүй гэдгээр мэдүүлгээ өгч хэргийг өөрөө хийснээр явж байгаа гэж сонссон. Эхнэр нь жирэмсэн гэдэг нь үнэн юм билээ.
Бид байцаагчтайгаа очиж уулзаж байна. Манай талаас нэг л удаа мэдүүлэгөгсөн. Хэргийгоноосөмнө шийдэх байх гэж бодож байна. Бид үнэхээр гомдолтой байна.
-Өнгөрсөн сарын дундуур Хонхорт очиход дээрх дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн байсан. Эд хөрөнгийг нь битүүмжилдэггүй юм болов уу?
-Уг нь үйл ажиллагаа явуулах ёсгүй байх. “Дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож битүүмжилнэ” гэж байсан. Одоо ажиллахгүй байгаа байх аа.
-Сэжигтний ар гэрийнхэн танайхантай уулзсан уу. Ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлж байна уу?
-Уулзаагүй. Манайх бөөний дэлгүүр ажиллуулаад бараагаа зөвхөн дэлгүүрээрээ борлуулж болох байсан. Үйлчлүүлж байгаа хүмүүстээ ойртох үүднээс машин худалдаж аваад нөхөр маань борлуулалтад явдаг болсон.
“Хадат мянган” дэлгүүр манайхаас архи, пиво зээлээр авдаг байсан. Яах вэ, “Тухайн сардаа багтаагаад өгчихнө биз” гэж тохироод бараа өгдөг байсан. Гэтэл сүүлийн үед сардаа багтааж мөнгөө өгөхгүй байсан болохоор манайх зээл өгөхөө больчихсон.
Бид хоёр ч “Эднийд зээлээр өгөх дэмий юм байна” гэж ярилцаж байсан. Тэгээд л “Зээл өгөхгүй байна” гэдэг үүднээс өс хонзон санаж байсан юм шиг байгаа юм. Эхнэр нь Хонхорын Засаг даргаар ажиллаж байсан эмэгтэй юм билээ. Таньдаг мэддэг хүмүүс нь маш шуналтай, хэл амтай хүн гэж хэлсэн.
-Тэгэхээр хэрэг болох үеэр тэдний дэлгүүрээр талийгаач очоогүй гэсэн үг үү. Эх сурвалжийн хэлж байгаагаар дэлгүүрийн эзэн талийгаачаас “Дүүгийн хурим болох гэж байна. Мөнгө зээлээч” гэсэн. Тэгээд “Боломжгүй” гэж хэлснийх нь төлөө амь насанд нь хүрсэн байж болзошгүй талаар мэдээлж байсан л даа?
-Тухайн өдөр манай хүн Хонхорын гурван дэлгүүрт бараа хүргэж өгөөд хамгийн сүүлд өвгөн, хөгшин хоёрын дэлгүүрээр ороод гарах үед Г.Пүрэвсүрэн “Бараа авъя” гэж манай хүнийг дуудсан байгаа юм.
Тэгэхээр нь “Манайх зээлээр ямар ч бараа өгөхгүй” гэсэн чинь “Тэгвэл бэлэн мөнгөөр нь авъя” гэж дэлгүүртээ дагуулж очсон юм билээ.
Тэгэхээр хэчнээн өдрийн өмнөөс төлөвлөж байгаад үйлдсэн гэмт хэрэг гэдэг нь харагдаж байгаа юм. Үнэхээр үгээр хэлж боломгүй хэцүү, хүнд зовлон гэдгийг биеэр мэдэрч байна. Бид үнэхээр амьдаараа шаналахын хэцүүг мэдэрч байна шүү дээ / уйлав/.
-Хэрэг хаана үйлдэгдсэн юм бол. Автомашиныг нь Налайхаас Төв аймаг руу авч явсан байна уу. Эсвэл Хонхороос уу?
-Хонхороос Төв аймаг руу авч явсан гэсэн. Төв аймгаас Улаанбаатар руу ирэхдээ өөр машинтай ирсэн гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Тэгэхээр хэрэг Хонхорт л болсон байх.
-Ээж нь өндөр настай хүн байдаг гэсэн. Хэцүү л байгаа байх даа?
-Яаж ч гайгүй байх билээ дээ. Хоол, цай ч хоолойгоор нь давахгүй л байж байна.
-Танайх бөөний төвөөс бараа авч борлуулдаг байсан болохоор нэлээд хохирол гарсан байх. Тухайлбал, талийгаач биедээ их хэмжээний мөнгөтэй явсан шүү дээ. Хохирлын хэмжээг тогтоосон уу?
-Ер нь бүх зүйл орвонгоороо эргэсэн дээ. Талийгаачийг 15 хоногт эрж хайсан зардал мөнгийг тооцсон мэдээллээ цагдаагийн байгууллагад өгсөн. Энэ хохирол яаж шийдэгдэх гэж байгааг мэдэхгүй байна.
Г.Пүрэвсүрэнгийн ихэнх хөрөнгө нь Б.Отгонханд гэж эхнэрийнх нь нэр дээр байна гэж дуулсан. Өмнө нь бас нэг компани ажиллуулж байсан гэж ярьдаг юм билээ. Хонхортоо нэлээд хэл ам таталдаг айл гэж сонслоо. Бас 2-3 айлын газрыг үнэгүй авч байсан гэсэн.
Б.Цэцэгдэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ