Б.Билгүүдэй хүү тав хоногийн дараа дахин хагалгаанд орно

Хоёр настай Б.Билгүүдэйд хүүд тусалцгаая хэмээх уриалга сүүлийн үед гарч байгаа билээ. Манай сурвалжлах хэсэг Б.Билгүүдэй хүүгийн ар гэрийнхэнтэй холбогдож биеийн байдлыг тодруулахад Бээжин хотноо эмчлүүлж байгааг мэдээллээ. Б.Билгүүдэй уржигдар бөгс, хэвлийн хагалгаанд орсон бол тав хоногийн дараа дахин хагалгаанд орох юм байна. Ингээд Б.Билгүүдэйн төрсөн ах Б.Дашдоржтой ярилцсанаа хүргэж байна.

- Дүү нь яагаад тэгж хүнд гэмтсэн юм бэ? Яг бодит мэдээллийг уншигчдад маань өгнө үү?

- 2014 оны 10-р сарын 16-ны өдрийн 23 цагийн үед ээж дүү бид гурав унтаж байсан. Гэр рүү бөөн утаа ороод ирчихсэн, ээж “Гал гарч байгаа юм шиг байна миний хүү” гээд намайг сэрээсэн. Тэгээд хувцсаа өмсөөд, ээж дүүг тэврээд орцныхоо шатаар буусан. Гал тэгж аймаар гарч байсныг бид нар мэдээгүй. Хав хар утаатай, халуун төөнөөд байсан болохоор угаартсан. Ээж дүүг тэвэрч явсан болохоор бид гурав бүдэрч унаад, дүүг унагаачихсан. Бид гурав дөрвөн давхарт л унасан юм шиг байгаа юм.Тэгээд 4 давхрын хүн ээж бид хоёрыг гэртээ оруулсан. Тэр хүн ээж бид хоёрыг гэртээ оруулах хүртэл хав харанхуй, битүү утаан дунд бид хоёр дүүгээ хайгаад олоогүй. Удалгүй дүүг маань Онцгой байдлынхан аварч Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн.

Хэрэг хийсэн хүмүүс бол орцны жижүүрүүд байсан. Архи уудаг л хоёр хүн байсан юм шиг байгаа юм. Тэр өдөр архидан согтуураад, халуун тогоотой хоол тавьснаа мартаад гараад явсан байсан. Халуун тогоо нь удахаараа буудаад орцны шат, цахилгааны утсаар дамжиж гал гарсан. Шат нь тог дамжуулаад тэрнээс нь барьсан юм шиг байгаа юм. Тэрийгээ бол сайн санахгүй байгаа юм.

- Б.Билгүүдэйн онош? Өнөөдрийг хүртэл хийсэн эмчилгээний талаар?

- Анхандаа яаж гэмтсэнийг нь мэдээгүй. Эмч нар харуулаагүй. Хэдэн хоногийн дараа мэдсэн. Бөгс, нуруу, хэвлий, хоёр хөл, гар нь түлэгдсэн. Зүүн хөл нь цахилгаанд юм уу, шатанд удаан хайрагдаж яс нь гараад ирсэн. Тэр нь 4-р зэргийн түлэгдэлттэй гэдгийг тогтоосон. 10-р сарын 16-ндаа гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд 11-р сарын 12-нд хөлийг нь тайруулахгүйн тулд Бээжин руу явсан.

Монголд дүү маань сар гаран эмчилгээ хийлгэсэн. Дүүдээ гуяныхаа арьснаас өгсөн. Тэгэхгүй бол шарх нь гүн болохоор уураг, хүчээ шархаараа алдаад байсан болохоор надаас арьс авсан. Гэхдээ энэ нь түрхэн зуурдаа аргацаах маягийнх л байсан.

- Дүүгээс нь гадна ээж нь бас өөрөө гэмтсэн юм уу?

-Ээж нүүрний хэсгээрээ түлэгдсэн.

- Чи өөрөө?

- Баруун гар гүн түлэгдэлтэй. Гэмтлийн эмнэлэгт сар гаран эмчлүүлсэн. Зүүн гар, нүүр, чих түлэгдсэн. Эмчилгээ хийлгээд гайгүй болж байгаа.

- Уржигдар дүү нь Бээжинд эхний хагалгаандаа орсон гэсэн?

- Толгойных нь үсийг хусаж, арьс аваад бөгс, хэвлий зэрэг өнгөц түлэгдсэн хэсгүүдэд арьс нөхөж тавьсан гэсэн. Одоо дүүтэй хамт ээж, ээжийн төрсөн дүү байгаа.

- Цаашид хэдэн хагалгаа байгаа гэсэн бэ?

- Яг тэд гэсэн тоо байхгүй. Хүнд байгаа, хэдэн ч удаа хагалгаа хийлгэж магадгүй. Доод тал нь хоёр сар эмчилгээ хийлгэнэ гэсэн. Тав хоногийн дараа дахиж хагалгаанд орно гэсэн. Ээж маань долоо хоног унталгүй дүүг сахиж байгаа. Өнөөдрөөс л эгчтэй солигдож, одоо амарч байгаа.

- Уучлаарай. Өөрт тань эвгүй санагдах байх. Гэхдээ гадуур өөр өөр дансны дугаар яваад байсан. Тэдгээр данс яг та нарынх мөн үү?

- Яг бид нарынх биш. Яг миний өөрийн данс 5024-6904-88. Фэйсбүүк дээр Мөнхбаяр Карол гээд Хөх хотод сурдаг нэг охин байгаа. Тэр охины 5374 гэж эхэлсэн Хаан банкны данс, мөн өөрийнх нь нэр дээр байдаг нэг хятад данс, миний хаан банкны данс нийт энэ гурван данс л байгаа. Сүүлд ээжид нэг данс нээж өгсөн гэсэн. Олон данс байгаад байгаа болохоор хүмүүс төөрөлдөөд байх шиг байсан. Үүнийг өөрийнхөө Фэйсбүүк дээр тавиад ойлгуулсан.

- Хандив хэр цугларч байна вэ?

-Монгол даяар тарчихсан болохоор мэдэхгүй хүн бараг байхгүй байна. Хүн бүр л эмчилгээнд тусалж байгаа. Эмчилгээний нийт зардлын хамгийн доод хэмжээ нь 60 сая төгрөг. Тэрнээс хэд хүртэл нэмэгдэж магад. Мөнгө нь нэхэгдэж байгаа. Одоогоор 50 орчим хувь нь цуглаад байгаа. Хүмүүс боломжоороо хийж байгаа. Зарим нь бүр яг өөрийн чинь данс уу гэж асууж байгаад шуурхай хийж байна. Бүх хүнд баярлалаа. Маш олон хүн тусалж байгаа. Нэг бүрчлэн хэлэх боломжгүй ч гэсэн бүх хүнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа.

- Орцны жижүүрүүдийг барьсан уу?

- Яг одоогоор бид Б.Билгүүдэйд л анхаарч байгаа болохоор тэр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг мэдэхгүй байна. Бүх зүйл жигдэрсний дараа тэрийг дараа нь зохицуулж болох байхаа.

Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

А.Баярмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ