С.Ганбаатар “нүцгэлнэ”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т тайлагнахаас гадна ард түмэндээ ч мэдээлэх ёстой гэсэн үзэлтэй нэгэн.

Энэ хүрээндээ тэрбээр өнгөрсөн жилээс эхэлж ард түмэндээ өөрийн санхүүгийн тайланг тавьж эхэлсэн билээ. Босоо гишүүн маань өөрийн цалин болон УИХ-ын гишүүний хангамжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгсөн анхны гишүүн гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээгээд байгаа.

Тэрбээр УИХ дахь машингүй цорын ганц гишүүн бөгөөд алхаж явдаг. Ингэх нь замд нь таарсан иргэдийн санал бодлыг сонсох ач холбогдолтой гэж үздэг юм. Санхүүгийн байдал нь алган дээр тавьсан юм шиг ил байдаг С.Ганбаатар гишүүн энэ жилийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг ирэх мягмар гарагт ард түмэндээ тайлагнахаар болсон байна.

Түүний энэхүү тайлан дээр үндэслэж, иргэд УИХ-ын гишүүдийн цалин хийгээд хангамжийн талаар баримжаатай болдог бөгөөд УИХ-ын гишүүд ч энэ талаар худлаа ярих боломжгүй болдог ач холбогдолтой. Ямартай ч УИХ-ын гишүүдийн дургүйг хүргэдэг ч ард түмэнд хамгийн ихээр таалагддаг үйлдлээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар дахин хийх нь ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ