“Жангар” туулиа Хятадуудтай хамтран ЮНЕСКО-д бүртгүүлтлээ ядарчээ бид!!!
Өнгөрсөн зургадугаар сард Шинжаньд зохиогдсон “Жангар” туулийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын дараахан“Монголчууд “Жангар”-аа алдахад ойрхон байна” хэмээн халаглаж байсан ч энэ эмзэглэл тэгсгээд мартагдав. Шинжаний торгуудууд, өөрөөр хэлбэл, хятадууд манай “Жангар” туулийг өөрийнхөө соёлын өв гэж ЮНЕСКО-д бүртгүүлэхээр эрчимтэй хөөцөлдөн, хоёр дахь удаагаа асуудлыг өргөн барихын тулд дээрх хурлыг хийж, Монголоос академич Д.Төмөртогоо, Л.Болд нар оролцсон юм. Одоо тэдэнд ганцхан удаагийн “дайралт” л үлдсэн. Гэхдээ энэ хөлгөн туульсын ихэнх бүлэг нь яалт ч үгүй ар Монголоос олдсон тул манайхны саналыг сонсож, бүр болохгүй бол хамтарч бүртгүүлэх зорилготой байгаа аж. Энэ тухай саналаа ч манай Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд ил цагаанаар хүргүүлсэн гэнэ. Аз болоход “Монголын маргааш дуусдаггүй” болохоор ямар нэгэн хариу өгөлгүй өдий хүрчээ. Шинжаньд “Жангар”-ын хэмээх тодотголтой нүсэр том ордон байгуулж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөртөө хэсэгчлэн оруулж, энэ хөлгөн туульсаар хүүхэлдэйн кино хүртэл хийснийгээ Монголын телевизүүдээр үнэгүй гаргах гээд гуйж яваагаас нь харахад тэд дангаараа бүртгүүлж хараахан чадахгүй байгаа гэдэг үнэн бололтой. Гэхдээ л “Жангар”-ыг хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгүүлэхийн тулд хамгийн их хичээл зүтгэл гаргаж байгаа учраас тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлээд ЮНЕСКО итгэл хүлээлгэхгүй гэх баталгаа үгүй. Тиймээс биднийг ингээд гараа хумхиад сууж байх зуур Шинжаний торгуудууд гурав дахь удаагаа олон улсын эрдэм шинжилгээний хурлаа хийж өөрсдийгөө “Жангар”-ын эзэд хэмээн баталж дөнгөвөл Монголын эртний уран зохиолын гурван сүмбэр оргилын нэг “Жангар” тууль харь улсаар овоглох болно.
Харин бид “миний, манай” хэмээн өмчлөх эрхтэй өв соёл бүхнээ эзний ёсоор өмгөөлж хамгаалахын тулд юу хийсэн билээ. Дотор хүний ухаан гаргаж, хятадуудыг барьцаа ийнхүү улам лавшруулж байхад халимагууд “Бид-Жангар”-ыг нэгэнт өөрийнхөө нэр дээр бүртгүүлж чадахгүйгээс хойш ядаж монголчууд аваад үлдчихээсэй” хэмээн гаслахдаа манай руу утасдаж хэл хүргэсэн байсан. Шинжанийг бодоход Халимаг “Жангар” арай олон бүлэгтэй, илүү өргөн цар хүрээтэй боловч халимагууд олон улсын Соёлын гэрээнд нэгдээгүй учраас ЮНЕСКО-д хандах эрх тэдэнд байхгүй. Тиймээс л “Жангар”-ын өлгий нутаг, гал голомт нь болсон ар монголчуудыг энэхүү соёлын үнэ цэнэтэй дурсгалаа хамгаалаасай гэсэн хэрэг. Харин хуралд нь сууж байсан эрхмүүд тэнд индэр дээрээс “Жангар”-аа өмгөөлж юу гэж хэлсэн бол Академич Д.Төмөртогоогоос энэ тухай асуухад “Жангар” тууль бол баруун монголчуудын бүтээсэн соёлын хосгүй өв. Хожим Ойрадууд гурав хуваагдахад энэ туулийн өв уламжлал ч мөн хуваагдсан. Тиймээс бид ганцаараа “Жангар”-ыг өмчилж болохгүй. Энэ их хөлгөн туульсыг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө бид юуч хийгээгүй атлаа бусдын босгосон байр суурийг булааж хэрхэвч таарахгүй. Харин ч хамтарч бүртгүүлье гэж байгаа дээр нь саналыг нь хүлээж авах хэрэгтэй” хэмээв. Нэг талаас бодох л асуудал. Уг нь “Жангар” туулийн гол цөм нь Монголд байгаа. Бид мөнгөтэй, сэтгэлтэй, зүтгэлтэйсэн бол аль эрт үүнийгээ ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөх байлаа. Гэтэл одоо ингээд хэн нэгэнтэй булаалдаад сууж байдаг. “Туулийг харьд алдана гэдэг бол газар нутгийнхаа талыг алдаж байгаатай адил” хэмээн ШУА-ийн Аман зохиолын секторын тууль судлаач Т.Баясгалан хэлсэн нь учиртай. Тэр дундаа “Жангар” хэмээх баруун Монголын энэхүү баатарлаг тууль Грекийн “Илиада”, “Одисей”, Оросын “Игорийн хорооны цэрэглэсэн тууж”, Энэтхэгийн “Рамаяна болон Махабхарата”, Киргизийн “Манас” зэрэг хөлгөн туульстай дүйцэхүйц том хэмжээний бүтээл юм. Энэ бол Монголчуудын хүн төрөлхтөнд бүтээж өгсөн, улс төр, шашин, түүх, соёлын хосгүй үнэт өв.
1924 онд Оросын нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов тэргүүтэй эрдэмтэд Монгол ардын аман зохиолын нэгэн төрөл болох туулиудыг судалж, бичиж тэмдэглэх судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ явцдаа “Жангар”-ыг монголчуудын олон овог ястны дунд янз бүрийн хувилбараар түгээмэл тархсаныг олж илрүүлжээ. Шинжлэх ухааны академи Монгол нутгаас олдсон “Жангар” туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж, хоёр удаа эмхэтгэн гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн багш Т.Дүгэрсүрэн 13 бүлгийг нь халимаг хэлнээс орчуулан олны хүртээл болгосон байдаг. Харин Монгол “Жангар”-ын бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхлэлийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар юм. Хожим тэдний ажлыг шавь Т.Галсан нь үргэлжлүүлж, 2006 онд Монгол “Жангар”-ын сонгомол эхийг бэлтгэх даалгавраа амжилттай бмелүүлэн, энэхүү хөлгөн их судрын 26 бүлгийг хоёр ботиор хэвлүүлж монгол түмэндээ өргөн барьсан. Тэрбээр энэ асуудалд мөн л эмзэглэн хандаж байгаа хүмүүсийн нэг. Ардын уран зохиолч Т.Галсан “Халимаг, Шинжаний хувилбарыг бодвол Монгол “Жангар” утга агуулга, бадаг шадын багтаамж, дүр дүрслэл, уялдаа холбоогоороо хавьгүй илүү. Гэтэл бид үүнийгээ эзэн хүний сэтгэлээр нандигнан хайрлаж, хадгалж хамгаалж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. Гэвч цаг хугацаа нэгэн цагт аль нь жинхэнэ “Жангар” вэ гэдгийг харуулах болов уу хэмээн найдаж сууна” гэсэн юм. Шинжаниуд дангаараа ч байна уу, манайтай хамтардаг ч байна уу, ямар ч байсан удахгүй “Жангар” ЮНЕСКО-д бүртгэгдэх бололтой.
Харин нэгийг алдах нь гэж халаглахын зэрэгцээ арайхийн авч үлдэж чадсан нөгөө хэдийгээ хэр арчилж тордож байгаа билээ гэдэг асуулт бидний өмнө тулгарах болов. Монголчууд уртын дуу, морин хуур, бий биелгээ, хөөмий тэргүүтнээ хүн төрөлхтний соёлын үнэт өвд бусдаас түрүүлж бүртгүүлж чадсан чгэлээ эргээд түүнийгээ дэлхийд сурталчлан таниулах, мандуулан бадраах ажлыг энэ хугацаанд огт хийсэнгүй. “Энэ чинь монголчуудынх, бид эзэн нь” гээд бөмбөрцгийн хаана ч нүүр бардам илэрхийлж чадах тийм уран бүтээлчдийг тусгай бодлогоор бэлтгэж гаргасангүй. Гэтэл “Морин хуур, уртын дуу”, “Монгол хөөмий”, “Монгол бий биелгээ” зэрэг үндэсний хөтөлбөрүүд энэ жилээр дуусгавар болж байдаг. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр ч мөн дуусаж буй. Аанай монголчуудын “Болж байна, болно доо” гэж сэтгэлээ амраах шалтаг, шалтгаан болж байсан эдгээр хөтөлбөр зогсохоор манай соёлын бодлого хаашаа чиглэх бол. Дээд тал нь арваад жил хэрэгжсэн үндэсний хэмжээний хөтөлбөрүүдтэй байхад урагш ахиагүй энэ салбар цаашид юугаар зүг чиг хийх вэ гэдэг хойшлуулшгүй бодох зүйл мөн билээ. Саяхан Засгийн газрын хуралдаанаар баталсан Соёлын баримтат өвийг хамгаалах болон “Монгол соёл урлаг” гэсэн хоёр хөтөлбөрийг эс тооцвол үндсэндээ даацтай үр дүн хүлээх ажил үнэндээ алга. Японы эрдэмтэн манай цамын бүжгийг судлаад явж байна. Казакстан гэхэд л сүүлийн арав гаруй жилийн турш соёлын салбартаа маш их хөрөнгө мөнгө зарцуулж, эрдэмтдээ олон улсад тараан судалгаа шинжилгээ хийлгүүлсний үр дүнд тусгаар улсын түүхээ дахин бичиж эхэллээ.
Тэндхийн хүчирхэг эрдэмтдийн баг Чингисийг хүртэл “манайх” хэмээн зарлаж мэдэхээр тийм их мэдлэг мэдээлэл, сурвалж бичиг цуглуулаад байгаа тухай учир мэдэх эрдэмтэн сэтгэл зовинон хэлсэн юм. Саяхан л манай эрдэмтдийг “Бидэнд заагаад өгөөч” хэмээн царайчилж байсан өвөрмонголчууд өдгөө Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн тэргүүтэй их хүмүүсийн бичсэн бүтээлүүдийг бут цохин гарч ирээд, Монголын түүхийг орвонгоор нь эргүүлж орхих тийм багууд бэлтгэж байгааг ШУА-ийн нэгэн ажилтан анхаарууллаа. Ийнхүү соёл иргэншлийн “дайнд” улс орон бүр бэлтгэж байгаа аж. Харин бидэнд юу ч алга. Ямар сайндаа л туулийн олон улсын хуралд зориулсан ном хэвлүүлэх гэтэл ганц тууль галиглаад буулгачих эрдэмтэн ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэнд олдоогүй гэнэ лээ. Авианы галиг мэдэх хүнгүй учраас МУИС-ийн багшийг гуйсан нь Монголын соёлын эмгэнэлт явдал биш гэж үү.
Б.Мөсөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ