Ж.Батзандан: Сайд болох санал ирсэн ч хүлээн авахгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаад Ерөнхий сайдад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрээ гаргасан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг өмнө нь Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэн. Гэтэл өнөөдрийн хуралдаанаар Ч.Сайханбилэг сайдыг нэр дэвшүүлээд оруулаад ирлээ. 27 гишүүн байр сууриа өөрчлөх болж байна уу?
-Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын ҮЗХ-оо хоёр нам дотор шийдвэр гаргах гол байгууллагууд. Өнгөрсөн долоо хоногт бүлгээс Р.Амаржаргал гишүүнийг дэмжсэн шийдвэр гаргасан. Тухайн үед Ч.Сайханбилэг гишүүн хуралд оролцоогүй. Харин Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас олонхи нь Ч.Сайханбилэг гишүүнийг дэмжсэн шийдвэр гаргаж, бүлэг гаргасан шийдвэрээ эргэн хараач ээ гэсэн. Бүлэг өнөөдөр ярилцаад, “Одоо бид нам дотроо маргаад байх хугацаа алга. Засгийн газрын ажлыг цааш үргэлжлүүлэх шаардлагатай. Төрийн тогтвортой байдал бидэнд хэрэгтэй байна” гэж үзээд бүлгийн хуралдаанд оролцсон 29 гишүүнээс 19 нь ҮЗХ-ны шийдвэрийг дэмжээд явуулъя. Засгийн газраа ажилд оруулъя гэдэг шийдвэр гаргалаа.
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төсөлд гарын үсэг зурсан гишүүний нэг нь та. Гэтэл энэ хүний танхимд ажиллаж байсан хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү. Огцорсон Засгийн газрын танхимын гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Н.Алтанхуягийн танхим муу ажилласан гэж үзээд огцруулаагүй юм уу?
-Хувь хүнийхээ хувьд сэтгэл дундуур байгаа. Эдийн засгийн хямралыг бий болгоход, улс орныг хүнд нөхцөл байдалд хүргэхэд гол оролцсон хүний нэг нь яах аргагүй Ч.Сайханбилэг гишүүн. Гэхдээ амьдрал үргэлжлэх ёстой. Надад таалагдсан болгоныг туйлын зөв сонголт гэж үзэхгүй байгаа. Олонхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг улстөрийн соёлыг харгалзан үзэж байгаа. Өөрийнхөө байр суурийг хурал болгон дээр илэрхийлж байгаа. Гэхдээ бүлгийн төвшинд АН-ын гишүүдийн маш цөөхөн саналаар буюу дөрөвхөн гишүүний саналын зөрүүтэйгээр Ч.Сайханбилэгийг дэмжиж байна. ҮЗХ-ноос зургаахан хүний зөрүүтэйгээр дэмжлэг хүлээсэн. Энэ юуг харуулж байна вэ гэхээр шинээр сонгогдох Ерөнхий сайд маш бага хувийн саналаар дэмжлэг авч байгаа үед дутуу дэмжлэгээ бүрэн болгож, хагас дэмжлэгээ бүтэн болгож цаашаа явна. ҮЗХ-ны гишүүдийн хагас хувь нь буюу 45 нь дэмжихгүй байна гэдэг нь асуудалтай гэсэн үг.
-АН-ын гишүүд олонхийн саналаа хүлээн зөвшөөрдөг зарчимтай болох нь?
-Энэ үйл явцаас АН-ын гишүүд нэг л зүйлийг ойлгож байгаа. АН дүрэм журмаа шинэчлэх ёстой, фракцийн тулгалт, тохироогоор явдаг, шийддэг, дүрэмгүйтоглолтоосоо татгалзаж, хоцрогдсон дүрмээ өөрчилж, АН шинэ нам болох ёстой. Энэ ч утгаараа АН-ын шинэ дарга арванхоёрдугаар сард болох намын ИХ хурал дээр шинэ дүрмээ танилцуулах болно гэдгээ мэдэгдсэн. Намын шинэ дарга ҮЗХ-гоор сонгогдсон. Арванхоёрдугаар сарын 8-нд болох их хурлаар шинэ даргаа батламжилна.
-Шинэ Засгийн газрын танхимд сайд болох санал ирвэл та хүлээн авах уу?
-Би сайд болъё гэдэг санал гаргаагүй. Хоёрдугаарт тийм санал ирээгүй байгаа. Сайд болох санал ирсэн ч хүлээн авахгүй.
-“Шонхор” фракци “Алтан гадас”-тай намын даргын суудлаар арилжаа хийснээс Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэр өөр гарлаа гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Би тэгж бодохгүй байна, Ардчилсан хүчний холбоо “Шонхор”, МоАХ-оо, МҮДН фракцийнхан бүгд Р.Амаржаргал гишүүний төлөө саналаа өгсөн. 80 гаруй санал бүрэн дүүрэн очсон. Харамсалтай нь, дундын байр суурьтай гишүүдийн санал эцсийн шийдвэрт нөлөөлсөн байх. Гэхдээ АН ардчилсан зарчмаа дагах ёстой. Олонхийн шийдвэртээ хүндэтгэлтэй хандаж, цөөнхийн дуу хоолойгоо сонсож урагшлах ёстой.
-Дараагийн Засгийн газар ямар байх бол?
-Дараагийн Засгийн газар дан дээлтэй хүмүүсээр бүрдсэн байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ер нь ч ийшээ явах ёстой. Давхар дээлтэй сайд нар маань ажлаа үр бүтээлтэй хийж чадахгүй байна гэсэн асуудал үүссэн.Хоёрдугаарт эдийн засгийн хямралт байдал үүссэн. Эдийн засгийн хямралт байдлаас гарахын тулд шинээр бий болж байгаа Засгийн газарт амаргүй үүрэг даалгавар ногдож байгаа. Өмнөх Засгийн газрын нэгэн адил асар их мөнгөн дээр тансаглах боломжгүй, улсын төсөв нь 15-30 хувиар танагдсан. Эдийн засгийн маш амаргүй нөхцөлд үүсэх Засгийн газар. Энэ Засгийн газар Р.Амаржаргал гишүүний хэлдгээр авралын Засгийн газар болж гарч ирэх ёстой. Үндэстнийг эдийн засгийн хямралаас аврахын тулд бололцоотой шаардлагатай бүхнийг хийх ёстой.
Г.ДАРЬ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ