Харилцан визгүй зорчиж эхэлсний нээлт Алтанбулагт боллоо
Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхэлсний нээлтийн ёслол энэ сарын 16-нд буюу өчигдөр Алтанбулаг боомтод боллоо. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар иргэд харилцан визгүй зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тус хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдрөөс харилцан визгүй зорчих боломжтой болсон.
Уг нээлтийн ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Арвин, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Иргэний харьяалал, шилжилт, хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж, ОХУ-ыг төлөөлж Буриад Улсын Засгийн газрын Улаанбаатартхотод суугаабайнгын төлөөлөгчийн газрын тэргүүн Будажапов Сергей Пурбуевич, Буриад Улсын Засгийн газрын Улаанбаатартхотод суугаабайнгын төлөөлөгчийн газрын төлөлөгч Гендунов Александр Баяртаевич, Хиагтынхурлын дарга Полонов Анатолий Николиевич нар оролцлоо.
Нээлтийн арга хэмжээг нээн УИХ-ын гишүүн Л.Болд “Өнөөдөр бид Монгол Оросын түүхэнд бичигдэхнэгэн сайхан хуудсыг нээх гэж байгаадаа маш их баяртай байна. Монгол Оросынард түмний мөнхийн найрамдлыг бэхжүүлэх энэ арга хэмжээ бол үеийн үед үр дүнгээ өгөх чухал үйл явдал юм. Сүүлийн 20-иод жил бид хоёр талдаа эрчимтэй ажиллаж Монгол Улсын иргэд ОХУ руу харилцан визгүй чөлөөтэй зорчих бололцоог бүрдүүлэхийн төлөө чармайн ажилласан. Энэ оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад түүхэн айлчлал хийж энэ айлчлалын үеэр хоёр орны Гадаад хэргийн сайд нар энэхүү гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр хоногийн өмнө энэхүү гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хоёр орны харилцаанд гарч буй чухал ахиц, амжилтыг бататган УИХ-д төрийн зүгээс өөрийнхөө анхаарлыг хандуулах баталгаа илэрхийлэл гэж бодож байна. Энэ бүх ажлыг дэмжиж зохион байгуулж энэхүү ачааллыг нуруун дээрээ үүрч байгаа хил, гааль, боомт болон нийт хүмүүстээ чин сэтгэлийн талархал дэвшүүлэн ажлын өндөр амжилт хүсье” гэв.
-Д.Баярмагнай: Иргэд 6 сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй хугацаагаар зорчих боломжтой-
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын дарга Д.Баярмагнайгаас зарим зүйлсийг тодрууллаа.
-Хилээр гарч, орж байгаа иргэдийн хувьд ямар зөрчлүүд зонхилох хувийг эзэлдэг вэ?
-Татвар, хураамж болон хүнсний хуулийн биелэлт дээрбага зэрэг зөрчил гардаг. Тэр нь Алтанбулагаар байнга явдаг хил орчмын нутгийн иргэд гаргадаг зөрчлүүд байдаг. Түүнээс биш ноцтой зөрчлүүд бол харьцангуй бага. Иргэд маань ч олон жил хил, гаалиар гарч, ороод сурсан учраас хуулиа баримтлан ухамсартай ханддаг.
-Өдөртөө хэчнээн иргэн хилээр нэвтэрч байна?
-Энэ сарын 14-нөөс хоёр орны иргэн визгүй зорчдог болсноос хойш өдөртөө 1000 хүн хилээр нэвтэрч байна.
-Голчлон аль улсын иргэд их зорчиж байна?
-ОХУ-ын талаас 200-300 хүн, үлдсэн нь монголчууд байна. Ерөнхийдөө монголчуудын урсгал их байдаг.
-Өмнө нь энэ хөдөлгөөн ямар байсан бэ?
-Өмнө нь өдөрт орон нутгийн 200-300 иргэн л нэвтэрдэг энэ хөдөлгөөн бага байсан. Сүхбаатарын төмөр замын ачаалал бол Эрхүү явдаг 1-2 вагон явдаг байсан. Өмнө нь нэг вагон явахад 10-аад хүн явдаг байсан бол өчигдрийн /11 сарын 15-ны/ байдлаар 30 гаруй хүн явдагболж байна. Хэдийгээр тоо нь бага байгаа мэт боловч хувилаад үзвэл төмөр замын зорчигч тээвэр нэмэгдэнэ гэсэн хандлага харагдаж байгаа.
-Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчсоноор ОХУ-аас Монгол руу гэмт хэргийн бүлэглэлийнхэн чөлөөтэй нэвтрэх боломж үүсч байна гэсэн эргэлзээ иргэдийн дунд байгаа. Энэ асуудлыг мэргэжлийн байгууллагынхан хэрхэн харж, дүгнэж байгаа вэ?
-Үүнд ганц бид биш хил хяналтын байгууллага, хилийн цэрэг, гааль зэрэг олон байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа. Өнөөдөр гадны аль ч улсын иргэний духан дээр гэмт бүлэглэлийнх гэсэн бичиг байхгүй шүү дээ. Энэ бол ганцхан хууль, хяналтын байгууллагын хоорондын ажлынуялдаа сайжрах ёстой юм.
-Хоёр улсын иргэд нийт ямар хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой вэ?
-Хоёр орны иргэдийн визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн нэг удаад 30 хүртэлх хоног юм. Нийт зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан байгаа. Тиймээс 180 хоногт хэдэн ч удаа орж гарч болно. Тэрхүү нийлбэр хугацаа нь 90-ээг дээшгүй байх ёстой.Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих журмын дагуу виз авна.
Г.ДАША
СЭТГЭГДЭЛ БИЧИХ