Ц.Оюундарь: Ерөнхий сайдаас Ц.Элбэгдорж даргыг огцруулчихаад дараа нь яг ийм хуйвалдаан хийж байсан

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

Гүйцэтгэх зөвлөл лхагва гаригт хуралдсан. Хуралдаанаар ямар шийдвэр гаргав?

-ҮЗХ-ны товыг намын дарга эсвэл Гүйцэтгэх зөвлөл гаргана гэсэн заалттай. Тэр процедураар асуудлыг яриад баасан гаригт төсвөө хэлэлцэж баталчихаад залгаад ҮЗХ-г хуралдуулъя гэсэн.

-АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан нь дүрмийн зөрчилтэй гэж байгаа ч ҮЗХ-г хуралдуулахад ямар нэгэн асуудалгүй гэсэн үг үү?


-Хэлэлцэж байгаа нэрээр хэрэлдээд маргаан тасрахгүй шинжтэй байна. Гүйцэтгэх зөвлөл ҮЗХ-ны товыг гаргахаас гадна хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг. Баасан гаригт ҮЗХ хуралдахаас өмнөхөн Гүйцэтгэх зөвлөл дахин орно. Тэр болтол хэлэлцээр үргэлжилсээр байна гэж ойлгож болно.

-Нэр дэвшигчдийн тухайд та ямар байр суурьтай байна?


-Бүлэг асуудлыг хэтэрхий түрж шийдэж байна. Яагаад гэвэл ҮЗХ-ны хуралд суусан гишүүд бүгд мэдэж байгаа. Ерөнхий Сайдыг тодруулах чиглэлээр бүлэгт чиглэл өгөөгүй. Засгийн газрыг байгуулах чиглэл гэдэг нь 2012 оны гэрээгээ үргэлжлүүлэх юм уу эсвэл парламентад суудалтай намуудыг оруулж ирэх юмуу, бие даагчдыг татах уу гээд эвсэх тухай концепцийг бий болгох чиглэлииг бүлэгт өгсөн.

Ерөнхий сайдыг тодруулахдаа намын дарга бүлэгтэйгээ ярилцаж байгаад л оруулж ирдэг. Тэгээд ч Ерөнхий сайдыг тодруулах асуудал ҮЗХ хурал дээр тусдаа яригдсан. УИХ-ын дарга З.Энхболд огцорсон сайд болоод өөрийгөө хасч “Үлдсэн 33 гишүүнээ жагсааж байгаад хэлэлцье” гэсэн асуудлыг тусад нь дэвшүүлэхэд “Намын дарга тодруулдаг учиртай” гээд унагасан гэсэн үг.

-Хяналтын ерөнхий хорооноос мэдээлэл хийсэн. Намынхан ингээд дүрмээ зөрччихөөр ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?

-Хяналтын ерөнхий хороонд ҮЗХ-ны гишүүдээс гомдол ирснийг нь шалгаж үзэхэд үнэхээр тийм зөрчил илэрсэн гэсэн. Тэгээд л хэвлэлээр хэлэх хэрэгтэй гэж үзсэн юм билээ. Миний хувьд адилхан л үзэгч.

-Э.Бат-Үүл, Д.Баттулга нар тогтоолоо яг засч өөрчилсөн нь үнэн юм уу?

-Хэн зассаныг нь би мэдэхгүй. Бид оролцоогүй. Хурлын тэргүүлэгчид нь Н.Алтанхуягийг авч хаяхад илт дэмжсэн хүмүүс. Редакцийн комисст нь А.Гансүх, З.Нарантуяа гээд хоёр хуульч орсон. Тэнд аппаратаас нэг ч хүн суулгаагүй. Сүүлд нь гаргасан тогтоолыг нь цахимаас хараад үнэндээ ичсэн. Хоёрын хоёр хууль ч хийсэн гэхэд ихээхэн хэцүү санагдсан. Тэр нь намын нэр хүндэд л сөргөөр нөлөөлж байгаа юм.

-АН-ын бүлгийн 27 гишүүн Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж дэмжсэн байна?

-Би Р.Амаржаргалыг хувь хүн талаас нь дэмжиж байгаа. Эдийн засагч, хоёр жил УИХ-д суугаагүй учраас хамгийн их гадагшаа явж аптет хийсэн, шинэ юм дуулсан хүн. Нөгөө талаас нь намын гишүүн гэдэг утгаар нь аваад үзэхээр дүрмээ зөрчсөн хүн. Яг энэ жишгийг тогтоох юм бол 16 аймаг, 180 суманд эв нэгдэл задрахад бэлэн байгаа.

Яагаад гэвэл АН бүх шатанд үнэмлэхүй ялалт байгуулаагүй. Хэдхэн суудлын зөрүүтэй ялалт байдаг. Тэгэхээр АН-д айхтар буруу жишиг тогтоно. Тэр утгаар нь би болгоомжилж байгаа. Хувь хүн гэдгээрээ бус ерөнхий нарийн бичгийн даргын байр сууринаас хандахад эмзэг байгаа олон газарт гал асаах юм байна гэж би харж байна.

-Намынхаа эсрэг ажилласан Р.Амаржаргалд гишүүний шагналд Ерөнхий сайдын суудлыг өгч болохгүй гэсэн үг үү ?

-Шагнал гэдэг үг буруу тодорхойлолт байна. Эсрэг саналтай хүмүүс алдааг засахын тулд дүрмийн хүрээнд асуудлаа тавьж болдог. ҮЗХ-ны гишүүдээ цуглуулаад Н.Алтанхуяг болохгүй байна гээд, намын даргаас нь чөлөөлөх бүрэн боломж байсан. ҮЗХ-ны хурлыг харахад ч тийм хүч манайханд байсан байна. Гэтэл байгуулсан засгаа МАН-тай нийлж унагах арга нь буруу байсан.

Коммунизмын үед өссөн хүмүүст коммунист арга хэрэглэх гээд байх юм. коммунистуудын зорилго нь аргаа зөвтгөдөг гэдэг ш дээ. Харин ардчиллын зарчим зорилгодоо хүрэхийн тулд хэцүү ч гэлээ зөв арга замыг сонгодог. Манайхан ардчиллынхаа энэ замаар бус хүчирхийллийн аргыг сонгож байгаа нь цаашид ямар байхыг нь бас тодорхойлчихож байгаа юм.

-Р.Амаржаргал гишүүнд Ерөнхий сайд болох боломж байна уу?

-Олонхиороо шийднэ. Би цөөнхийн хувьд саналаа илэрхийлж байгаа. Олонхи маань эдийн засгийн асуудал чухал байна, Р.Амаржаргалыг сонгоё гэвэл шийдээд л явна. Хамгийн гол нь сөрөг үр дагавар, болгоомжлол бий гэдгийг л илэрхийлж байна.

-Ний нуугүй хэлэхэд ҮЗХ дээр фракциудын харьцаа ямар байгаа юм бол. Алтангадас бусад гэсэн хэсэгт хуваагдчихаад байгаа шүү дээ?

-Би энэ талаар үнэндээ мэдэхгүй. ҮЗХ-ны сая хуралдсан хэмнэлээс нь харахад тооны харьцаа ойролцоо байсан. Ер нь гишүүд асуудалд яаж хандахаас л хамаарна.

-Тэгэхэд МҮДН фракц Алтангадас фракцтайгаа хамт байсан биз дээ?

-Энэ хоёр фракц салаагүй байсан. Үнэхээр олонхи дэмжвэл шийдвэрийг хүчин төгөлдөр болгоод л явах ёстой. “Бид эсрэг саналтай байсан” гэж зөрж давхидаг арга чинь буруу. Р.Амаржаргалын жишээнээс харахад би эсрэг саналтай байсан гээд хоёр жил ганцаараа явлаа. Энэ жишгээр бол Алтангадас фракц ч гүрийх нь ээ.

Гэхдээ тийм зүйл байж болдоггүй юм. Цөөнх саналаа хэлээд, хүлээн зөвшөөрүүлэх гэж мэтгэлцээд үнэхээр дийлээгүй бол олонхийнхоо шийдвэрийг л дагах ёстой. Олонхи Р.Амаржаргалыг дэмжвэл цөөнх дуугүй л дагна. Гэхдээ Р.Амаржаргал тэр үлгэрийг үзүүлээгүй хүн. Тэгэхээр цөөнхөд шаардлага тавих эрхгүй болж байна гэсэн үг.

-Намын даргын асуудал тусдаа яригдаж байна. Дүрэмдээ яг юу гэж заасан байдаг юм бэ?

-Сонгуульд олонхи болсон намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Хэрвээ татгалзвал Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өөрөө ҮЗХ-д санал тавьж, хэлэлцүүлнэ гэсэн байдаг. Парламентат ёстой улсад намын дарга нь Засгийн газраа аваад явах нь зөв байдаг. Гэхдээ өнгөрсөн хоёр жилээс харахад энэ засаг АН-ынх бус эвслийн Засгийн газар. Тэгэхээр С.Оюуны, Н.Удвалын, Д.Тэрбишдагвын ажил муу байхад манай намын дарга давхар балбуулаад байгаа юм.

Тиймээс эвслийн Ерөнхий сайд кабинетийн хэмжээний ажил юм байна, намын дарга гэдэг бол намын нүүр царай болж явах ёстой юм байна гэж дүгнэж байгаа. Засгийн газрын шавар шавхайг намын дарга давхар үүрч байгаа учраас салгаж явах ёстой юм байна гэж үзсэн. Хуулийн хүрээнд ч нээлттэй асуудал.

-УИХ-ын дарга намын даргад өрсөлдөх юм байна. Н.Алтанхуяг дарга суудалдаа үлдэхийг эрмэлзэнэ. Өөр хэн хэн өрсөлдөх бол?


-Манай гишүүдийн хэн нь ч нэр дэвших боломжтой. Д.Ганбатыг л гэхэд Ерөнхий сайдад өрсөлдүүлэхээр нэрийг нь дэвшүүлж байгаа биз дээ. Түүн шиг намын даргад хэн нь ч магадлалтай. Ний нуугүй хэлэхэд Ерөнхий сайд нь ч тэр, намын дарга нь ч тэр шинэ залуусаас гараасай. Шууд хэлэхэд манай 10а ангийнхан төгсөхгүй байна. Өөрсдийгөө залуу гэж бодоод л яваад байдаг. Гэтэл саяын ҮЗХ-ны хурлаас харахад манай намын ахмад үеийнхэн “Чи тэр үед тэгсэн” гээд дурсамжаараа амьдраад байна.

Олон жил сэтгэлийн мухарт нь хураагдсан бүхэн байнга ил гарч ирж байдаг. “Тэр угаасаа л тэгдэг хүн” гээд итгэлцэл гэж зүйл бас байхаа больчихож. Ийм байдлаар цаашаа явахгүй, эвлэрлийг олохгүй учраас шинэ үе түрэн гарч ирэх ёстой юм байна. Тэгэхээр Р.Амаржаргалыг ч, З.Энхболдыг ч дэмжихэд хэцүү л байгаа. Гэхдээ манай залуус ахмад үеийнхнээ хүндэтгэсэн байдлаар ханддаг. Амбицаа гаргаж чаддаггүй. Энэ нь залуусын алдаа.

-Ер нь ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр яагаад цөөнхийн талд байр сууриа илэрхийлж байна вэ. Өнөөдөр АН-д олонхи болж байгаа хүмүүс ҮЗХ-ны хурал дээр ч гэсэн таныг хатуу шүүмжилсэн гэсэн?

-Үеийн үед ерөнхий нарийн бичгийн дарга хурлын процедурт оролцдог. Гэтэл Н.Алтанхуягтай нийлээд байна гэдэг шалтгаанаар асуудалд хандсан. Тиймээс энд тайлбар хийе гэж бодлоо. Би хувь хүнийхээ байр сууринаас Н.Алтанхуягийг шүүмжилдэг байлаа. Алдаа хийлээ гэдгийг нь ч хэлсэн. З.Энхболд, Х.Баттулга нартай ойрхон байсан. Зөв аргаараа буюу намынхаа дотоод дүрмээр асуудалдаа хандъя гэдгийг нь байнга хэлдэг.

Гэтэл тэд засгийг унагахад нь “буруу" байна гэсэн юм. Дээр нь үүний үр дүнд МАН засагт орж ирнэ. МАН орж ирнэгэдэг хамгийн буруу гэж байнга ярьж байлаа. Эцсийн мөчид хүртэл “Үр дүнд нь МАН засагт орж ирэх гээд байна” гэхэд 'Өөр арга байхгүй гэж байсан. Тиймээс би хүлээн зөвшөөрч чадахгүй нь гээд сапсан. Яагаад гэвэл 1998 онд би Ц.Элбэгдоржийн Засгийн газарт хэвлэлийн албаных нь даргаар ажилласан. Ц.Оюунгэрэл туслах нь.

Тэгэхэд Ц.Элбэгдорж даргыг намын тэргүүн байхад Ерөнхий сайдаас нь огцруулчихаад намын даргыг нь авах гэж яг ийм хуйвалдаан хийж байсан. Тэр үед Б.Дэлгэрмаа ерөнхий нарийн бичгийн дарга намын даргынхаа эсрэг хуйвалдаанд оролцож Элбэгээ даргыг гав ганцааранг нь үлдээж байсан. Аппарат гэдэг бол тамгандаа үйлчилдэг, тамга өөр хүнд шилжтэл баг болж ажиллаж байх ёстой. Дараагийн дарга ирэхэд 100 хувь үйлчлээд явах ёстой юм байна гэдгийг ойлгож байсан. Энэ бол аппаратын ёс зүй.

Ц.Оюунгэрэл бид хоёр л үлдээд үнэхээр гайхаж байсан даа. Кабинет нь, бүх зөвлөхүүд нь, намын аппарат хүртэл хаяад явж байсан түүхийн гэрч болсон учраас өнөөдөр ийм шийдвэртэй байна. Гэтэл “Н.Алтанхуягийн талд орлоо. Индэр дээр байлгаж болохгүй” гээд заваан юм хийчих юм. Үүнээс болж алдаатай бичиг, баримт гарлаа. Үүний төлөө хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болчихлоо. Уг нь намын аппарат хариуцлага хүлээх ёстой байсан ч оролцоогүй.

-ҮЗХ-ны хурлыг тэргүүлэхийн ач холбогдол юунд байна. Яагаад булаацалдаад байгаа юм?


-Би ч ойлгохгүй байна. Орж ирээд л дайрчихсан. Зэрэгцээд л хашхирсан. Суугаад үлдсэн ч, босоод явсан ч би нэр зүүх байсан учраас тамгандаа үйлчлэх гэдэг зарчмыг дагасан.

-МоАХ-ны дарга ч гэсэн таныг загнаж, шүүмжилсэн сураг байсан?

-Би МоАХ гэдэг ганц л тамгатай. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Х.Баттулга бол МоАХ биш. МоАХ гэдэг том хүчнийг X. Баттулга удирдаж чадахгүй байна. УИХ-дбайгаа есөн кнопоо хүртэл хуваачихсан. Хувь хүн талаасаа мундаг ч удирдагч биш юм байна. Би энэ асуудлаар МоАХ дотроо зөндөө шүүмжилдэг.

-МАН-д ямар хэмжээнд суудал амлаж байгаа бол. Шударга ёс эвсэл нь шинэ засагт байх юм уу?

-З.Энхболд, Х.Баттулгыг сөрсөн гол шалтгаан бол МАН-ыг засагт оруулах гэж би хэлсэн дээ. МАН засагт орно гэдэг зарчмын хувьд буруу. Улс төрийн зах зээлд МАН, АН гэсэн хоёр том монополь байна. Энэ хоёр нэгдчихээрээ том компаниуд үгсэн хуйвалдаад үнээ нэмдэг шиг зүйл болж байгаа. Өмнө нь хамт байгаад буруу гэдэг нь тогтоогдчихсон байхад давтах гээд байх юм.

Улс төрийн зах зээл дээрх монополиуд үгсэн хуйвалдахыг Америкт Rockfeller гэдэг хүнийг ид мандаж байхад “Sherman Act” гэж хуулиа гаргаад хориглочихсон. Хэрэглэгчдийг хохироодог ганц зүйл нь энэ юм байна. Тэгэхээр АН, МАН хоёр нэгдвэл Монголд ардчилал, сонгууль гэж байх шаардлагагүй болно. Энэ хоёр нам бүх зүйлээ хамтраад л хийчихнэ. Би одоо ч гэсэн МАН-ыг засагт оруулж болохгүй гэж бодож байгаа.

-Тэгэхээр АН доторх өнөөдрийн харьцааг харахад Р.Амаржаргал гэсэн Ерөнхий сайд, З.Энхболд гэсэн намын даргатай болох нь ээ?


-ҮЗХ-ны хурлаас олонхийн санал авсан хүн Ерөнхий сайд болно. Одоогийн байдлаар Ч.Сайханбилэгийн нэр ч албан ёсоор яригдаагүй байгаа. Миний айж байгаа зүйл гэвэл Р.Амаржаргал Ерөнхий сайд, З.Энхболд намын дарга болно гэж үзье. Энэ хоёр хоёулаа гөжүүд, зөрүүд. Бусдын үгийг хүлээж авахдаа муу. Энэ хоёр нийлээд хоёр дахь өдрөө хэрэлдээд, хор дундуур нь гүйгээд хоёр сарын дараа бүтэхгүй юм байна гэдэг дүгнэлт хийгээд байтал дундуур нь “намын даргата Ерөнхий сайдаа авах хэрэгтэй” гэдэг хатгаас орж ирээдхавар засаг дахиад унах вий гэж эмзэглэж байна.

-Генсекийн суудал ганхах уу?

-Намын дарга л шийддэг. Дүрмээр намын дарга ҮЗХ-д оруулж хэлэлцүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин