Чойжин ламын сүм музейн Занхан сүмийг авраарай

Зуун жилийн түүхтэй монголчуудын түүх соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейд гамшиг нүүрлээд байна. Хотын төвд байрладгаасаа болж барилгуудад газраа алдаж, хамгаалалтын бүсээ хумслуулсан ч тэднийг тоох эрх мэдэлтэн олдохгүй л байгаа.

Харин саяхан тус музейгээр орохдоо гол сүмтэй залгаа Занхан сүмийн дээврээс дусаал гоожиж, хэд хэдэн үзмэр гэмтсэн тухай дууллаа. Монголын 300 гаруй шилдэг урчуудын хамтран бүтээсэн энэ сүмийн хийц, барилгын материал нь дахин давтагдашгүй онцлогтой юм.

Өнгөрсөн зуны долдугаар сард орсон ширүүн борооны улмаасЧойжин ламын сүм музейн “Занхан” сүмийн дээврийн баруун хойд хэсгээр ус орж, Богд хаан, Ловон Бадамжунайн баримал, түүний сэнтий, жавилийн урд хэсэг, Балин зэрэг үзмэр норсон байна. Чойжин буух зан үйлийг хийдэг байсан гол хэсэг нь энэхүү Занхан сүм юм билээ.Энэ сүмд Чойжин лам Лувсанхайдавын эдэлж хэрэглэж байсан аяга, хөөрөг, сангийн бойпор,модон сэнтий, түүний хөрөг зураг болон чойжин бууж байхдаа барьж байсан илд, зангидсан сэлэм, Богд хааны сэнтий зэрэг ховор үзмэрүүд хадгалагддаг.

Дусаал гоожсоноос шалтгаалан үзмэрийн аюулгүй байдал алдагдаж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болсон тухай тус музейн удирдлагууд харьяалах байгууллагуудад уламжлаад байгаа ч төсөв нь одоо хэр нь шийдэгдээгүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Алтансүх наймдугаар сард Занхан сүмийн байдалтай танилцаад яаралтай сэргээн засварлуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийн дагуу ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтэс “Сүлд проект” ХХК-аар “Дээврийн хэсэгчилсэн сэргээн засварлалтын ажлын зураг, тєсєв”-ийг гаргуулжээ. Гэвч Занхан сүмийн дээвэрт 1975 оноос хойш сэргээн засварлалт хийгдээгүй, вааран дээвэр бүхэлдээ муудсан тул “хэсэгчилсэн сэргээн засварлалт” хийх бус дээврийг бүрэн бүтнээр нь сэргээн засварлах шаардлагатай байгаа аж.

Энэ ондоо багтаан сүмийн дээврийн түр хамгаалах хэрэгтэй байгаа бөгөөд үүнд 48.5 сая төгрөг хэрэгтэй аж. Харин ирэх ондоо багтаан бороо ихсэхээс өмнө тус сүмийн дээврийг бүрэн солих зайлшгүй шаардлагатай болжээ. Одоогийн байдлаар хэдэн төгрөгөөр бүрэн засвар хийж болох тухай судалж байгаа юм байна.

Сүмийн дээвэр гэмтсэнээс хойш дөрвөн сар болж байгаа боловч өдийг хүртэл мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, харьяалах яам, хэлтэстээ хүсэлт явуулж суугаагаас хэтэрсэнгүй. Түүхэн дурсгалт барилгыг хэн дуртай нь засчихдаггүй учраас ингэхээс ч өөр аргагүй. Гэхдээ л биднийг санхүүгийн асуудлаа шийдэж, данс дугуйлах гэсээр суутал Занхан сүмийн үзмэрүүд гэмтэж, түүх соёлын өв нурах аюулд өртөөд байна. Занхан сүмийг авраарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин