Халамжийн санхүүжилт тасалдахад хугацаандаа мөнгөө аваагүй иргэд буруутай гэв
Сар бүр авдаг нийгмийн халамжийн мөнгөө цагтаа авч чадахгүй нь гэсэн гомдол өнгөрсөн зургаадугаар сараас хойш тасрахаа больжээ. Ялангуяа Чингэлтэй дүүрэгт асуудал илүү хүндэрсэн байна. Тус дүүргийн халамжийн хэлтсээс өгч буй мэдээллээр 2014 оны хоёрдугаар сарын нэгнээс тэтгэвэр, тэтгэмж 10 хувиар нэмэгдсэнээр 610 орчим сая төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон, гэтэл одоог болтол шийдвэрлэж өгөөгүйгээс тасалдаж буй хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин Нийслэлийн төрийн сангаас энэ онд халамжид олгохоор баталсан 83.1 тэрбум төгрөгөөс одоогийн байдлаар 68.1 тэрбумыг олгосон ба энэ нь нийт олгох ёстой дүнгээс 1.7 тэрбумын хэмнэлт гаргасан буюу мөнгө дутсан биш харин ч илүү гарсан байдалтай байгаа хэмээн зөрүүтэй мэдээллийг өгсөн байна. Тэгвэл Нийслэлийн төрийн сангаас сар бүр санхүүжилтийг банкууд руу шилжүүлдэг ба энэ үед өнгөрсөн сарын мөнгөө аваагүй иргэдийн мөнгөн дүнг дараа сарын нийт санхүүжилтээс хасаж шилжүүлдэгт хамаг учир оршиж байгаа юм байна.
Ийм маягаар хуримтлагдсан тэрбум 800 сая төгрөг одоо Төрийн санд төвлөрөөд байгаа аж. Үүний дээр энэ жил байнгын асаргаатай хүүхдүүдэд олгодог халамжийн мөнгө 60 мянгаас 115 мянга болж өссөн, дөрөвдүгээр улирлаас эхлэн түлээ, нүүрсний хөнгөлөлт өгч эхэлсэн, ингэхдээ дээр дурдсан байнгын асаргаатай хүүхдүүдэд заавал түлээ, нүүрсний хөнгөлөлтийг нэмэлтээр олгох хуулийн заалттай тул төсөвлөгдсөн зардалд ачаалал үүсэж байгаа юм байна. Гэхдээ иргэдийн гомдол ихэссэн тул санхүүжилтийг нэмэлтээр олгож, шийдвэрлэж эхэлсэн байна. Энэ дашрамд нийгмийн халамжийн талаар товч мэдээллийг хүргэе. “Нийгмийн халамж гэдэг нь эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ” хэмээн хуульд заасан байдаг.
Нийгмийн халамж нь
-нийгмийн халамжийн тэтгэвэр;
-нийгмийн халамжийн тэтгэмж;
-нийгмийн халамжийн үйлчилгээ;
- нийгмийн хөгжлийн үйлчилгээ
гэсэн төрлүүдтэй байдаг ба эдгээрт зарцуулах санхүүжилтийг улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө; сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү; олон улсын байгууллага, гадаад улсаас өгсөн хандив, тусламж; аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж; болон бусад эх үүсвэрээс бүрдүүлдэг байна.
Өнөөдрийн байдлаар:
-60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй;
-16 насанд хүрсэн одой иргэн;
- хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
-тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд; 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг
гэх мэт нийгмийн зорилтот бүлгүүдэд нийгмийн тэтгэвэр олгож байна. Харин Нийгмийн халамжийн тэтгэмж нь асаргааны тэтгэмж; нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж; онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж; жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж зэрэг төрөлд олгогдож байна.
Өөрөөр хэлбэл:
-Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа; хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
-Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
-Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа,
-Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх;
-18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн;
-хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэн; гэр оронгүй тэнэмэл өрх, иргэн;
-хоёр ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэн;
-байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн;
-гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/;
-“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эх, зэрэг нийгмийн бүлэг хамрагддаг аж.
Нэгэн үе манай улсын иргэн бүр халамж хүртэгч болсон. Хүн бүрт сар бүр 21000 төгрөг тарааж, сонгуулийн амлалтаа биелүүлсний гороор одоог болтол “Чалко”-д өрөө төлж, вагон вагоноор нь нүүрсээ урд зүг рүү зөөж буй. Харин халамжийн ид хавтгайралтай үе буюу 2009 онд 1сая 273 мянган иргэн буюу хүн амынхаа бараг тал хувийг халамжилсан байдаг. Одоо энэ тоо харьцангуй буурсан ч оюутнуудад сар бүр олгодог мөнгөн тэтгэмжээс авахуулаад заавал олгох шаардлагагүй нийгмийн халамж цөөнгүй байсаар байна. Нийгмийн халамжийн хавтгайрал нь бэлэнчлэх сэтгэлгээг бий болгодог бол халамж олгох шалгуурыг хэт чангалах нь халамж хүртэх ёстой хүмүүсийг “хайрцаг”-ны гадна үлдэхэд хүргэдэг. Тиймээс л нийгмийн халамжийн зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь чухал болохыг олон улсын туршлага харуулдаг юм.
Манай улсын хувьд нийгмийн халамжийг төр, засаг дангаараа нуруун дээрээ үүрдэг. Гэвч зах зээлийн харилцаанд бүрэн шилжсэн, хөгжингүй орон гэгдэх АНУ, Сингапур, Индонез, зэрэг орнуудын нийгмийн халамжийн тогтолцоог судлаад үзэхэд мөн л гол үүргийг төр засаг нь хүлээдэг аж. Гэхдээ аж ахуйн нэгж, пүүс компани, байгууллага болон иргэд, хувь хүсүүсийн оролцоо ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. АНУ-д эмзэг бүлгийн хүмүүст олгох тэтгэвэр, тэтгэмжийг төр, захиргааны байгууллага хариуцаж, тэднийг хооллох, байрлуулах зэрэг асрамж, халамжийн үйлчилгээг буяны болон төрийн бус байгууллагууд гүйцэтгэдэг бол Япон Улсад асрамжийн үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлдэг юм байна.
Эх сурвалж: wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ