Н.Алтанхуяг: Та нар надтай тохиролцохгүйгээр төрийг цааш нь авч явна гэж худлаа шүү

Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсонтой холбогдуулан дараагийн Ерөнхий сайдыг тодруулах марафон АН-д өрнөсөн хэвээрээ байна. Өчигдөр энэ асуудлаар АН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж, гурван хүнийг албан ёсоор нэр дэвшүүлж байгаагаа зарласан.

Хэдийгээр бүлэг албан ёсны мэдээллийг олон нийтэд өгөөгүй ч гишүүдийнх нь хэлснээр “Алтангадас” фракцийн даалгавраар С.Баярцогт гишүүн Ч.Сайханбилэгийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн бол “Шонхор”-ын даалгавраар Г.Баярсайхан гишүүн Д.Ганбатыг дэвшүүлжээ.

Харин С.Эрдэнэ гишүүн Р.Амаржаргалыг “Шинэ Засгийн газрыг тэргүүлэх боломжтой” гэж үзэн нэр дэвшүүлсэн байна. Р.Амаржаргал гишүүний хувьд “МҮДН” фракцид харьяалагддаг ч “Шонхор”-ынхон ийнхүү түүнийг дараагийн Ерөнхий сайдаар ажиллах боломжтой гэж үзжээ.

Түүнчлэн олон нийтийн зүгээс ч Р.Амаржаргал гишүүнийг туршлагатай, тулхтай улс төрч гэдгээр нь сайшаалтай хүлээн авч байгаа. Гэвч түүнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшиж байгааг нь АН-ын дарга Н.Алтанхуяг дэмжээгүй.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан, АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр олон нийтэд хандан мэдэгдэл хийж, өөрийг нь огцруулах кноп дарсан найман гишүүнээс дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшсэн тохиолдолд дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.

Дээрх гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хураангуй байдлаар сонссоны дараа нууцаар санал хураалт явуулж, дараагийн Ерөнхий сайдын нэрийг өчигдөртөө багтаан тодруулна гэж байсан ч “Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулж, санал бодлыг нь сонсоно” гэх шалтгаанаар бүлгийн хуралдаан дахин хойшилжээ. Хэдийгээр бүлгийн гишүүд ийм тайлбар хийсэн ч хөшигний цаана өөр асуудал өрнөснийг эх сурвалж хэлэв.

Тодруулбал, АН-ын өчигдрийн бүлгийн хуралдаанд намын дарга Н.Алтанхуяг бүрэн суугаагүй бөгөөд хурлын дундуур гарч одсон юм. Ингэхдээ тэрбээр нэлээд ууртай гарсан бөгөөд бүлгийн гишүүдтэйгээ ам зөрсөн талаархи мэдээлэл цахим сайтуудаар гарсан. Харин энэ үйл явцын талаар эх сурвалж мэдээлэхдээ өөрийнх нь эсрэг санал өгсөн гишүүдийн нэг Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэнд ихээхэн дургүйцсэн байна.

Түүнчлэн тэрбээр “Та нар дэмий юм хийж байна даа. Намын дүрмээр одоогоор надад бүх эрх нь байна. Та нар надтай тохиролцохгүйгээр төрийг цааш нь авч явна гэж худлаа шүү” хэмээснээр гарч одсон байна. Товчхондоо энэ бол Н.Алтанхуяг гэдэг хүн АН-ыг өөрийн дураар хөдөлгөж, хүссэн бүхнээ гүйцэлдүүлдэг байсны бодит жишээ ч гэж харж болохоор байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин