С.Амгаланбаяр: Амины орон сууцыг ипотекийн санхүүжилтэд хамруулна
Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт орсонтой холбогдуулан тус банкны ОНХХ-ийн Эдийн засагч, хэвлэлийн төлөөлөгч С.Амгаланбаяртай ярилцлаа.
-Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд ямар өөрчлөлт орсон юм бэ?
-Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар “Орон сууцны ипоте¬кийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт оруулж хөдөө орон нутагт баригдаж буй амины орон сууцыг тус хөтөлбөрт хамруулахаар боллоо. Ингэснээр Монгол хүн амьдарч буй газартаа, аймаг сумандаа ая тухтай сайхан амьдрах, Улаанбаатар хотыг чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөнийг сааруулах чухал нөхцөл бүрдэж байна.
-Хөдөө орон нутагт гэхээр Улаанбаатарт хамаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ, одоогоор Улаанбаатарт байгаа амины орон сууцанд хамаарахгүй. Харин аймаг, сумдад батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж буй, эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад орсон, цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга зэрэг дэд бүтцийн асуудлаа шийдсэн амины орон сууц тус хөтөлбөрт хамрагдах боломжтой гэсэн үг.
-Амины орон сууц гэхээр газрын асуудал бас давхар хөндөгдөх байх. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?
-Хөтөлбөрт хамрагдах амины орон сууцны хувьд газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой бөгөөд ингэхдээ эзэмших эрх нь 20-оос дээш жилийн хугацаатай байх шаардлагыг тавина.
-80 метрийн талбайн хязгаар амины орон сууцанд хамаарах уу?
-Амины орон сууц худалдан авахад нийт талбайн хэмжээ 80 квадрат метр дотор байх хязгаар тавихгүй. Энэ хязгаарлалт нийтийн орон сууцны хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөөд явна.
-Хямралтай холбоотойгоор 8 хувийн ипотекийн хөтөлбөр удахгүй зогсоно гэсэн яриа гадуур нэлээн байна?
-Энэ хөтөлбөрийг зогсоох биш харин ч амины орон сууцыг хамруулж өргөжүүлж байгааг та бүхэн харж байгаа байх. Хөтөлбөрийг зогсоох тухай ямар ч шийдвэр гараагүй, тийм яриа яригдаагүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэлье. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс шалтгаалан банкууд зээлийн шалгуураа чангатгасан байхыг үгүйсгэхгүй.
Мөн МИК дээр орон сууцны зээлийн багцыг үүсгэж үнэт цаасжуулахад тодорхой хугацаа ордог гэдгийг банкууд иргэдэд сайтар ойлгуулахгүй бол санхүүжилт гацсан юм шиг, Монголбанк санхүүжилт өгөхгүй байгаа юм шиг эндүүрэх явдал байдаг. Хөтөлбөр үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Цаашид бүр өргөжүүлж Улаанбаатарын амины орон сууцыг хамруулах боломжийг нийслэлийн тамгын газартай хамтран судалж байгааг хэлье.
-Нийслэлд буй амины орон сууцыг хамруулна гэлээ. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Бид эхний ээлжинд амины орон сууцны эрэлт, нийлүүлэлт ямар байна, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал зэргийг лавшруулан судлах шаардлагатай байна. Гэхдээ тун удахгүй нийслэлийн иргэд амины орон сууц худалдан авах хөтөлбөрт хамрагдаж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Улаанбаатарын утааг бууруулах нөхцлийг зайлшгүй харгалзан үзнэ гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Малчид ипотекийн зээлд хамрагдах боломжийг Монголбанк нээсэн. Энэ ажил хэр явцтай байгаа?
Энэ ажил ахицтай байгаа. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд баригдсан 24 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд оролцсоныг та бүхэн мэдэж байгаа. Тус арга хэмжээний үеэр Их хурлын дарга байранд орсон айлуудын тал хувь нь 8 хувийн хөтөлбөрт хамрагдсан малчид байгааг онцолсон байдаг.
Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 250 айлын амины орон сууцны “Боловсрол” хотхон баригдаж байгаатай бид газар дээр нь танилцсан. Эхний ээлжийн 104 айл сууцандаа хэдийнээ ороод тохилог амьдарч байна. Дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугам сүлжээ гээд дэд бүтэц бүрэн шийдвэрлэгдсэн тул оршин суугчид нь одоо амины орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна гэсэн үг.
Та энд дарж журамтай танилцана уу.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ