Алтангадас бууж өгөхгүй, Н.Алтанхуяг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болохыг хүсч байна
Өнөөдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Одоо намын дарга Н.Алтанхуяг түүний нэрийг ҮЗХ-ны хурлаар оруулж танилцуулах юм. Ингээд ҮЗХ-ны шийдвэрээр дэмжигдвэл УИХ-аар хэлэлцэгдэнэ.
Гэхдээ үүнээс өмнө олон сонирхолтой зүйл болох бололтой.
Тухайлбал, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Н.Алтанхуягийн тэргүүлдэг Алтангадас фракцийнхан суусангүй. Тэд гүйцэтгэх зөвлөлийн хурлаа зарлаж удахгүй хуралдах гэж байна.
Ингэхдээ Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийг хуралд суугаагүй байхад Р.Амаржаргалыг сонгосон гэдэг асуудлаар гомдол гаргаж, ярилцах бололтой.
Ямартай ч намын дарга Н.Алтанхуягийн хувьд “Р.Амаржаргалыг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн. Одоо ч гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр ийм байр суурьтайгаар оролцох нь тодорхой юм. Өнөөдрийн хуралд суугаагүй нь ч үүнтэй холбоотой. Тэгэхээр гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэр хэрхэн гарах нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Ямартай ч Р.Амаржаргалыг дүрмийн бус гэж үзэж байгаагаа урьдчилсан байдлаар мэдэгдээд байна.
Ер нь Н.Алтанхуягийн энэ бүх үйлдэл нь Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож, өөрөө намын даргадаа үлдэх гэсэнтэй холбоотой гэж намынхан нь ярьж байна.
Тэд Н.Алтанхуягт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэр бүү хэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягт хандан “Албан тушаалыг авсан бол өгч сур” гэж хэлжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр ч удаа хашиж байсан нэгэн. Мөн хоёр удаа сайдын ажлаасаа бууж байлаа. Намын даргын ажлыг ч авч, өгч явсан нэгэн. Гэтэл өөрийг нь огцруулсаны төлөө намынхандаа өс санаж янз бүрийн зүйл яваа Н.Алтанхуяг хааны алба халаатай. Эзний алба ээлжтэй гэдгийг мэддэгүй бололтой. Намын бүлгийнх нь гишүүд бүгд Р.Амаржаргалыг дэмжсэн шийдвэрийг гаргачихаад байхад ганцаараа ингэж асуудлыг уяж байгаа нь цаанаа ч учиртай байж мэднэ гэж зарим гишүүд үзэж байна. Учир нь түүнийг улс төрөөс унавал өөртэй нь холбоотой авлига, албан тушаалын хэргүүд сөхөгдөж магадгүй гэнэ.
Одоо Н.Алтанхуягийн дэргэд намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь л ганцаараа зогсож байгаа аж. Экс Ерөнхий сайд намынхаа нарийн бичгийн даргыг маш их дарамталж байгаа талаар ч эх сурвалж мэдээлж байна. Учир нь түүнгүйгээр тэр энэ бүх улс төрийн ажлаа гүйцэлдүүлэхэд хэцүү юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ