“Рио Тинто” Н.Алтанхуягийг огцруулсныг дэмжиж байгаагаа дэлхийн удирдагчдын өмнө мэдэгдлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорч, АН хаалттай хуралдан хөлөө жийлцэж буй хэрэг манай орны халуун сэдэв болоод байна. Тэгвэл энэ асуудал олон улсын анхаарлыг ч улам ихээр татах боллоо. Учир нь ням гарагт урд хөршийн нийслэлд эхэлсэн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн чуулганы үеэр “Рио Тинто”-гийн захирал Монголын Ерөнхий сайд огцорсон асуудалд байр сууриа илэрхийлжээ. Олон орны улс төр, бизнесийн манлайлагчид оролцож буй чуулганы үеэр “Блүүмберг” телевизэд өгсөн ярилцлагадаа “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Н.Алтанхуягийг огцруулсныг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Түүний мэдэгдлийг барууны болон Австралийн хэвлэлүүд ихээхэн онцолж байгаа юм.

“Монголын цор ганц бас хамгийн том гадаад хөрөнгө оруулагч болох Рио Тинто тус улсын ЗГ-ын тэргүүн өөрчлөгдөх гэж буйг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж гэж харж байна. Рио Тинтогийн СЕО Сэм Уолш “Би үүнийг эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдлээ” гэж хэвлэлүүд иш татжээ.

Тэрээр “Мэдээж ард иргэд Оюутолгойн төслийг үргэлжүүлээсэй гэж хүсч буйг илтгэх олон зүйл бий. Цаг хугацаа бид төслийг ямар хурдан бүтээж чадах байсныг харуулж байна” гэжээ.

АН Ерөнхий сайдыг сонгохоо хүлээж байгаа бол Рио Тинто Засгийн газрын шинэ төлөөлөгчтэй гэрээгээ үргэжлүүлэн хэлэлцэхийг хүсч байна. “Би Оюутолгойн төслийг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Ажил хугацаандаа явагдахад би дуртай, гэвч Монгол эрх баригчдад энэ асуудлаа цэгцлэх хугацаа хэрэгтэйг ойлгож байна. Бид хүлээх болно” хэмээн Сэм Уолш ярьжээ.

Би Оюутолгойн төслийг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Ажил хугацаандаа явагдахад би дуртай, гэвч Монгол эрх баригчдад энэ асуудлаа цэгцлэх хугацаа хэрэгтэйг ойлгож байна. Бид хүлээх болно

2013 оны нэгдүгээр сард томилогдсон 64 настай Уолш төслийн хадгаламжийн хүүгийн талаар “Бидэнд өсөлтийг үргэлжлүүлэх боломж өгөөч. Энэ нь хувьцаа эзэмшигчдэд ч бас ихээхэн өсөлтийг эргүүлэн авчирна” гэж хэлсэн байна.

“Рио Тинто” Оюутолгой төслийн хоёр дахь үе шат болох гүний уурхайн өргөтгөлийн ажилд хэрэглэх 5.4 тэрбум ам.долларыг Монголын Засгийн газраас шаардаж байгаа бөгөөд оноос өмнө санхүүжилт өгөхгүй бол ажлыг үргэлжлүүлэхгүй гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.

Б.Ариунцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин