Хий үзэгдлийн түүх

Хий үзэгдлийн тухай анхны мэдээлэл Эртний Египтэд бий болжээ. Гар хөлгүй, аймшигтай шарх сорвиор дүүрсэн учир битүүлэг сүг сүүдэр хүн амьтныг айлгасан тухай тэмдэглэсэн бичээсүүд зөндөө. Цус асгаруулсан дайн тулаан харж дассан египтчүүд шарх сорвиноос айна гэж байхгүй. Харин ер бусын хачин зүйлсээс жигтэйхэн их айдаг байсан бололтой. Хий үзэгдэлтэй учирсан хүмүүс түүнийг янз бүрээр тодорхойлдог. Зарим нь манан шиг бүдэг бадаг үзэгдэл, зарим нь хүн дүрст сүүдэр харсан гэж, нөгөө нь юу болох нь харагдахгүй ч мэдрэгдэж байсан аймшгийн тухай ярьцгаадаг. Эд юуны тухай яриад байгаа юм бол? Мэдээж маш олон янзын тайлбар, таамаглал бий.

Суут физикч Энштейн “Орчлон ертөнцийн энерги бол тогтмол хэмжигдэхүүн. Нэгэн цагт амьдарч байгаад нас барсан хүмүүсийн энерги алга болдоггүй, харин хэлбэрээ өөрчилдөг” гэж үзэж байжээ. Хүний сүнс махан биеэ орхин гарахад энергийн хүчтэй ялгаралт болно. Хүний үхэл гэнэтийн, хүчинд автсан, эсвэл зовж тарчилж үхсэн бол энергийн цацралт төдийчинээ хүчтэй байна. Энэ энерги хүний тухайн үед амсаж эдэлсэн айдас, зовлон шаналал зэрэг мэдрэмжийг шингээж, мэдээллийг нь хадгалж байдаг. Хожим нь энэ энерги буюу хий үзэгдэлтэй тааралдсан хүмүүс дотоод ухамсартаа тэрхүү айдас, шаналлыг мэдэрдэг байна.

Нөгөө талаас, махан биеэсээ гэнэт гарсан сүнс тодорхой шалтгааны улмаас: дуусгаж амжаагүй үйл хэрэг, дуртай зан заншил зэргээсээ болж материаллаг ертөнцөд хоргодож болно.

Заримдаа хүн юу болж байгааг ойлгож амжилгүй үхдэг. Энэ тохиолдолд түүний энергийн бөөмс өөрийгөө амьд гэж үзэх тохиолдол байдаг гэнэ. Хий үзэгдлүүд амьд сэрүүн ахуйдаа очих дуртай байсан газартаа хүмүүст харагддагийн учир энэ.

Хий үзэгдэл харагддагийн бас нэг нууц нь: хүн нас барах үед одоо хир нь тайлагдаагүй байгаа сэтгэцийн нууц механизм ажиллаж, ойр дотнын хүмүүстээ зайнаас дохио дамжуулж эхэлдэг ба түүнийг нь амьд хүмүүс бодит хэлбэрт оруулан хүлээж авдаг байж болзошгүй. Нэг л газар, нэгэн өрх айлд үзэгддэг «удмын» гэж хэлж болохоор хий үзэгдлүүд байдаг. Төрж өссөн гэр орондоо өөрийн удам угсааныхантай тогтоосон эрчим хүчний байнгын холбооны ачаар хий үзэгдлүүд улам бүр биежиж, бараг л хүмүүс шиг харагддаг байна. Харин амьд хүмүүс ямар нэгэн шалтгаанаар гал голомтоо орхин одвол хий үзэгдэл удалгүй алга болдог ажээ. Зарим үед нэгэн цагт болж байсан аймшигт дайн тулаан зэрэглээ шиг сүүмэлзэн гарч ирдэг. Амь өрссөн тулалдааны үед маш их энерги, адреналин ялгарах нь мэдээжийн хэрэг.

Орчлон ертөнцийн оюун ухаан болж өнгөрсөн нэг ч үйл явдлыг орхигдуулалгүй санаж байдаг. Тэр тусмаа ийм их энерги зарцуулагдсан үйл явдал яахин мартагдах билээ. Иймээс өнгөрсөн үед болсон их тулаан яг тэр газраа дахин гарч ирэх удаа байдаг.Байгалийн төрөл бүрийн гамшиг хий үзэгдлүүд гарч ирэхэд нөлөөлдөг байж магадгүй. 2011 онд Японд болсон цунами, газар хөдлөлтийн дараа олон газар хий үзэгдэл харагдсан байна. Эдгээрээс болж барилгачид ажлаа хийж чадахгүйд хүрч, таксины жолооч нар “нөгөө ертөнцөөс ирсэн” зорчигч суухаас болгоомжилж зогсохгүй явах болжээ. Уул руу авирч яваа хий үзэгдлүүдийн цувааг олон хүн олж харсан байна. Үнэхээр ч хүмүүс ууланд гарч амиа аврахыг оролдсон ч амь гарч чадсан нь цөөхөн билээ. Хий үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс голограммын зарчмаар тайлбарлаж байна. Аль нэг объектоос ойсон гэрэл нь гэрэл мэдрэгч материал дээр буухдаа 2 хэмжээст болж харагдана. Голограмм үүсгэхийн тулд ойсон гэрлийн долгион, нэмэлт эх үүсвэрийн долгион хоёрыг нэг цэгдээр холбох хэрэгтэй.

Хий үзэгдлүүд голдуу салхигүй, сартай шөнөөр харагддаг. Тэгэхлээр өмнө нь аль нэг объектыг “нүдэлсэн” сарны гэрэл лазерийн үүрэг гүйцэтгэж, харин ус буюу өтгөн манан голограмм дүрсийг бичиж авдаг байж болох юм. Гэхдээ зарим үед хий үзэгдлүүд материаллаг ертөнцийн юмс үзэгдэлд хариу өгдөг нь үнэхээр хачирхалтай.

Эх сурвалж: viva.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин