Завхан аймаг: Оготны сүүл 200 төгрөг, нэг кг хөеө 500 төгрөг

Хөдөө суманд байгаа ижийтэйгээ саяхан утсаар ярилаа. Гэтэл үлийн цагаан оготно устгаад завгүй байгаагаа гайхав. “Оготны хамраас цус гаргаж нүгэл үйлдээд” гээд ижийгээ цаашлуулж, учрыг нь лавлатал бэлчээрийн дайсан үлийн цагаан оготныг устгах ажиллагаа Завхан аймгийн бүх суманд явагдаж байгаа гэв.

Нээрээ ч үлийн цагаан оготно бол бэлчээр сүйтгэгч. Бидний багад устгаж сүйд болдоггүй байсан ч одоо аймгийн Засаг даргын захирамжаар бэлчээрээ хамгаалахаар бүх нийтээрээ ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн жил үлийн цагаан оготно устгах ажиллагааг зохион байгуулсан нь ихэд үр дүнгээ өгсөн байна. Тиймээс энэ жил дахин устгах арга хэмжээ авч байгаа нь энэ аж.

Хүүхэд байхад хулганы нүх рүү ус цутгаж, норсон хулгана нүхнээс гарч зугтахад айж, дэггүй ах нар чавхдаж, түүнийг хараад даган баясдагсан. Гэтэл энэ дүр зураг өнөөдөр солигдож, томчууд оготны нүх рүү ус цутгаж байна. Гэхдээ малчдынхаа бэлчээрийг бүрэн бүтэн үлдээхээр, байгаль орчноо хамгаалах гэж тэд тэмцэж байгаа нь энэ юм. Үлийн цагаан оготно өвсний үндсийг иддэг учраас дахиж ургах боломжгүй болдог аж. Энэ нь дэлхийн дулаарлаас болж цөлжилтөд өртөж байгаа манай улсыг улам бүр цөлжүүлж байгаа аюулын дохио юм.

-ХӨЕӨГ НЬ ХУРААЧИХААР НҮХЭНДЭЭ ӨЛБӨРЧ ҮХДЭГ БАЙНА-

Үлийн цагаан оготно хурдан үрждэг амьтан байна. Өөрөөр хэлбэл үржилд орсон гөлчгий сарын дараа гэхэд дараагийн үржилд орох чадвартай болдог байна. Нэг удаа 16-20 зулзага гаргадаг гэж бодохоор ёстой гэрлийн хурдаар өсдөг гэсэн үг. Өвлийн хүйтэнд ч үржиж байдаг амьтан юм байна. Ингээд бодохоор нэг оготно хавар, намар, зуны хугацаанд 100-150 болж үрждэг бөгөөд 1.5 жил насалдаг аж. Тиймээс үлийн цагаан оготнотой дайтахаас өөр аргагүй болжээ. Монголчууд аливаа нэг үйл хийхдээ монгол ухаанаа ашиглаж, олны хүчээр төвөггүйхэн шиг хийчихдэг. Тиймдээ ч үлийн цагаан оготныг устгахдаа олон арга хэрэглэж иржээ. Эдүгээ ус цутгах, замд нь нүх ухаж сав суулгах, мотоцикль, автомашины утаагаар нүхийг нь утах зэрэгаргуудыг ашиглаж буй юм байна. Үүнээс гадна хамгийн шалгарсан арга бол өвлийн идэш тэжээл буюу хөеөг нь ухаж гаргах. Өвлийн идшийг нь ухаад гаргачихаар нүхэндээ өлбөрч үхдэг байна. Нэг талаараа харгис арга ч нөгөө талаараа бэлчээрээ бүтэн үлдээж, малаа онд оруулах нь тэдэнд чухал юм.

-НЭГ ОГОТНЫ СҮҮЛИЙГ 200 ТӨГРӨГ, НЭГ КГ ХӨЕӨГ 500 ТӨГРӨГӨӨР АВЧ БАЙНА-

Зарим суманд устгах ажилллагааг эрчимжүүлэхийн тулд нэг оготны сүүлийг 200 төгрөгөөр, нэг кг хөеөг 500 төгрөгөөр худалдан авч байгаа аж. Өнгөрсөн жил оготны хөеө хураасан нь үр дүнгээ өгсөн талаар малчид ярьжээ. Энэ жил үлийн цагаан оготно ч эрс багассан байна. Харин хураасан хөеөгөө малын тэжээлд хэрэглэдэг аж. Гэхдээ байгалийн тэнцвэрт байдлыг харгалзан үзэж устгах нь зүтэй юм. Учир нь тоо толгой нь цөөрвөл махчин шувуу идэш тэжээлгүй болж, аюул дагуулж мэдэх учир толгой дараалан устгахдаа анхаарах шаардлагатай зөвлөмжийг ч өгчээ.

Хэрэв өвс 12 см өндөр ургасан бол үлийн цагаан оготны амьдрах таатай орчин алдагдаж үржил нь зогсдог байна. Гэхдээ дөрөө шүргэж ургасан өвстэй аймаг, сум бараг байхгүй учраас ингэж тэмцэхээс аргагүй байгаа аж. Үлийн цагаан оготнотой “дайтах” ажиллагаа энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх жил газар гэсэхээр үр дүн нь илт мэдэгддэг гэдгийг малчид хэлж байна.

Ж.ГАНАА

zavhan

zavhan

zavhan

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин