Намын дарга УИХ дахь бүлгийн шийдвэрийг “нам цохьчихлоо” гэв үү
Өчигдөр орой хэвлэл мэдээллийнхнийг гэр гэртээ харьсан хойно АН-ын дарга Н.Алтанхуяг гэнэтийн мэдэгдэл хийлээ. Энэ нь бүтэн хоёр өдрийн турш “Дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг томилох ёстой” гэсэн яриа АН-ынхны “савнаас” хальж нийгэмд хүлээлт үүсгэсэнтэй холбоотой юм. Тиймээс яаран хариу цохилт хийх ёстой гэж үзээд “Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн УИХ дахь АН-ын бүлгийн найман гишүүнээс би хэнийг нь ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдлээ. Тэр дахиад л андуурчихлаа. Санаатай ч байж болох түүний алдаа нь "Ерөнхий сайдыг тодруулах, Засгийн газар байгуулах асуудлаар парламентад суудалтай намуудтай зөвшилцөн ҮЗХ-ны хуралд танилцуулан шийдвэрлэхийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулахыг зөвшөөрчээ".
Түүний ийнхүү давчдах нь “Алтангадас” фракциасаа Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэх нь гэсэн мэдээлэлтэй холбоотой биз. Гэвч интитуци хоорондын уялдааны зарчим талаасаа нэг намын дарга /тэр нь эрх баригч намынх ч байсан хамаагүй/ УИХ дахь намын бүлгийн гишүүдийн эрхэнд халдсан хэрэг биш гэж үү. Учир нь УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. АН-ын бүлэгт энэ эрхийг АН-ын ҮЗХ өгсөн юм. Гэтэл намын дарга өөрт нь өгч байна гэж ойлгосон бололтой. Мэдээж тус намын дүрмийн дагын намын дарга, АН-ын гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ҮЗХ-нд оруулах ёстой. ҮЗХ эрхээ УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн болохоос АН-ын даргад өгөөгүй. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбат даргад өгсөн эрхийг Н.Алтанхуяг булаагаад байгаа хэрэг л дээ. Хатуухан хэлэхэд одоо Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудалд намын дарга Н.Алтанхуяг УИХ-ын гишүүний хувиар л хамаатай гэсэн үг. Магадгүй түүнд энэ эрхийг өгөхөөр ашиг сонирхлын зөрчил үүсч шударга бусаар хандах магадлалтай байсан болохоор ч ҮЗХ ингэж шийдсэн юм билүү,хэн мэдлээ. ҮЗХ намын даргаасаа ухаантай болохоор л “олуулаа” юм шүү дээ. Тэгэхээр Н.Алтанхуяг буруу цагт андуурсан мэдэгдэл хийж нэр хүндээ дахин алдаж, эрх мэдлээ алдаад зогсохгүй, дараагийн эрх мэдэлтнийг удирдах гэсэн “багаж”-аа алдчихлаа.
Эх хувь нь ийм байтал өчигдрөөс хойш АН-ын дарга Н.Алтанхуяг, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар хар дээр цагаанаар бичсэн тогтоолыг "орчуулж" тайлбарлаад байгаа нь намын гишүүдийг бухимдуулах болов. Тиймээс энэ тогтоолыг дахин бүрэн эхээр нь харуулах нь зүйтэй байх. Уг нь олон дахин үзүүлмээргүй л алдаатай бичигдсэн "эд" байна билээ.
Зураг: АН-ын ҮЗХ-ноос гарсан Ерөнхий сайдыг томилох тухай тогтоол 2014.11.09 өдөр
Д.Мөнхмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ