Н.Алтанхуяг огцровч “Г.Дэнзэн, Ч.Сайнбилэг нарын хэрэг” хэвээрээ

АН-ын ҮЗХ Ерөнхий сайдаас огцорсон намын даргаа үлдээх үү, үдэх үү гэдгээ шийдэх гэж байна. Энд нэг зүйлийг хатуу сануулахад Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцровч “Г.Дэнзэнгийн хэрэг” хэвээрээ, хуулийн дагуу шийдэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэн гэдэг хувь хүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогч буруутсанаар Г.Дэнзэнд холбогдох хэрэг замхрах ёсгүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 08 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт нэгэн ноцтой баримтыг дурьдсан байдаг. Энэ нь 2012 оны хоёрдугаар сарын 15-нд байгуулагдсан Сингапурын "Five hills holding" компанийн Монгол дахь хуулийн этгээд, захирал нь Meil James Wilson гэж Австрали улсын иргэн байна гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн “TTJvco” компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн есдүгээр сарын 13-ны 23 дугаар тогтоолоор 2012 онд 31 тэрбум 988 сая төгрөгийн балансын үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгсөн байна. Хөрөнгийг тухайн оны дөрөвдүгээр сард 23-нд гэрээгээр хүлээлгэн өгчээ. Зүүн Цанхийн уурхайн гэрээт олборлогч юм гэх энэ компанид техник, тоног төхөөрөмжийг шилжүүлэх асуудлыг ТӨХ-нд тавьж шийдвэрлүүлэхийг тухайн үед “Эрдэнэс МГЛ”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбишт даалгасан аж. Тэгэхээр энэ асуудалд “Эрдэнэс МГЛ”-ийн экс захирал Б.Энэбиш, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, тус компанийн ТУЗ-ийн экс дарга Г.Дэнзэн, эдүгээгийн ТУЗ-ийн дарга Ч.Сайнбилэг гээд олон хүн хамаарах нь.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн есдүгээр сарын 13-ны 23 дугаар тогтоолын 3 дахь хавсралтын 2-т 46 тэрбум 840 сая 920 мянга 600 төгрөгийн балансын үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг гэрээний дагуу дээрх компанид шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн байна. Энэ үед ТӨХ-ны ямар нэг шийдвэр гараагүй байдаг.

Үүнээс хойш жилийн дараа “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны 37 дугаар тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны А/318 тоот тушаалын дагуу гэрээт олборлогч “TTJvco” компанид 47 ширхэг, 86 тэрбум 771 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг шилжүүлэн данснаас хасчээ.

Төрийн өмчийг хувийн компанид хариу төлбөргүйгээр шилжүүлж болохыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд өмч хувьчлалаас гадуур үндсэн хөрөнгийг хувьд шилжүүлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29дүгээр зүйлийн 29.1-д зааснаар Засгийн газрын шийдвэрээр гагцхүү нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана гэж заасныг зөрчсөн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар 2013 оны зургадугаар сард томилогдсон Ч.Сайнбилэг нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ангийн хүүхэд гэдгээрээ анхаарал татаж байна.

Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэлгээгүй ч бас нууцлалын зэрэгтэй биш билээ. Нөгөөтэйгүүр тус байнгын хорооны 2014 оны 08-р тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ахалж, Г.Батхүү, Х.Болорчулуун, С.Одонтуяа, А.Тлейхан, Г.Уянга, Ж.Энхбаяр нар ажлын хэсэгт байсан. Гэтэл Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцорсон өдөр дээрх ажлын хэсгийн дарга Д.Хаянхярваа гишүүнд Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй Дүүргийн иргэний анхан шатны хоёрдугаар шүүхээс мэдэгдэх хуудас ирсэн нь тохиолдол байсан гэж үү. Сонирхолтой л юм.

Эх сурвалж: zaluu.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин