Г.Чимэд-Очир: Шашин, урлагийн цэнгүүний орлогоор Хангай суманд бүтээн байгуулалт хийнэ

Архангай аймгийн Хангай сумын Нутгийн зөвлөлийн дарга Г.Чимэд-Очиртой төрөлх сумын 90 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Шашин, урлагийн цэнгүүн”-ий талаар ярилцлаа. Доктор, профессор Г.Чимэд-Очир нь ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн салбарын эрхлэгчийн албыг хашдаг юм.


-Хангай сумын түүхт 90 жилийн ой 2015 онд тохиох юм байна. Төрөлх сумын ойд зориулж ямар бүтээлч ажил хийх вэ?
-Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийнхөн нутгийн иргэд, төр захиргааны байгууллагынхантай хамтраад Хангай сумын 90 жилийн ойг угтсан хэд хэдэн бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөгөө сумын Засаг даргын Тамгын газартай хамтран гаргасан юм. Бид төлөвлөгөөнийхөө дагуу сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Монгол Улсын гавьяат багш С.Нэргүйн нэрэмжилт математикийн олимпиадыг өнгөрсөн өвөл, Улаанбаатар хотод суугаа Хангай сумын гаралтай иргэдийн золголтыг хавар зохион байгууллаа. Золголтын үеэр Нутгийн зөвлөл, “Ноёнхангай залуус” нутгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, оюутны холбоог танилцуулсан. Ахмад, дунд, залуу үеийнхэн танилцсан сайхан үйл явдал болсон. Мөн 90 жилийн ойдоо зориулж сумынхаа түүхэн хөгжил, байгалийн үзэсгэлэн, ан амьтан, түүх, эд өлгийн зүйл, нутгийн хөдөлмөрч иргэдийн аж амьдралыг харуулсан баримтад кино хийж байгаа. Киноны дүрсээ бичиж дууссан. Одоо эвлүүлж, найруулж байна. Түүнчлэн Хангай сумын үүх түүх, хөгжил цэцэглэлт, түүнд оролцсон 100 бүл хүмүүсийн намтрыг таниулсан ном хэвлүүлэхээр ажиллаж байна. Баримт материалаа цуглуулж байгаа. Удахгүй бичиж эхэлнэ. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гаргахаар Шинжлэх ухааны академитай ярилцаж байна. Тэгэхээр 90 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудыг хийж эхэлсэн гэж ойлгож болно. Ирэх онд Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Адъяасүрэнгийн нэрэмжилт олимпиадыг сурагчдын дунд зохион байгуулна. Нутгийн зөвлөл, “Ноёнхангайн залуус” ТББ хамтран энэ сарын 16-нд Монголын үндэсний АСА циркэд Халхын эрдэнэ бандида Зая гэгээн Лувсанданзинпүлжүнжигмэд болон нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдартан авьяастнуудыг оролцуулсан “Шашин, урлагийн цэнгүүн” зохион байгуулах гэж байна.


-Зая гэгээн ном уншиж, айлдвар айлдах уу?
-Хангай сумынхаа сүсэгтэн олонд хандсан ном уншуулж, айлдвар айлдуулах зорилгоор гэгээнийг цэнгүүндээ урьсан хэрэг шүү дээ. Зая гэгээнд бараалхахад “Би танай сумын уулс ус, хүн ардын онцлогийг мэднэ. Тиймээс түүнд нь тохирсон ном уншина. Мөн нийт архангайчууддаа зориулж ном уншина” гэж хэлсэн. Тэрбээр цэнгүүнд оролцогчдын буян хишигт зориулж дадлага өгнө гэсэн. Тийм учраас цэнгүүнийг үзэж сонирхох хүмүүс даллагын ууттай ирэх хэрэгтэй. Цэнгүүнд МУГЖ Д.Баянжаргал, Ж.Уранчимэг тэргүүтэй 10 гаруй уран бүтээлч оролцоно. Цэнгүүний үеэр “Ноёнхангайн залуус” ТББ-ынхан үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд Хангай сумын уугуул, суугуул иргэдийн уралсан бүтээл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээж тавигдах юм.


-Цэнгүүний орлогыг хэрхэх вэ. Сумынхаа 90 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудыг санхүүжүүлэх үү?
-Тийм ээ. Өөрөөр хэлбэл, цэнгүүний тасалбарыг худалдан авсан хүмүүс сумынхаа 90 жилийн ойн бүтээлч ажилд хандив өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс Хангай суманд төрж өссөн, амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж байсан хүмүүсийг энэхүү цэнгүүний тасалбарыг худалдан авч, үзэж сонирхохыг уриалж байна. Мөн цэнгүүний үеэр сумын 90 жилийн ойн үйл ажиллагаанд зориулан хандив өргөх хүн олон байгаа болов уу. Хандив өргөх нээлттэй гэдгийг энд онцолъё. Цэнгүүний орлогоор Хангай суманд ямар бүтээн байгуулалт хийхийг Нутгийн зөвлөл болон “Ноёнхангайн залуус” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ. Ингэхдээ сумынхаа удирдлагын санал бодлыг тусгана. Санал санаачилга олон гаргаж байгаа. Хангай сумын нутаг руу ордог даваан дээр угтах, үдэх хаалга хийе, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, камер байрлуулах гэх мэт санал гарч байна. Нутгийнхаа иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг бага ч болов сайжруулах зүйлд цэнгүүний орлогыг зарцуулна. Зөвхөн цэнгүүний орлогоос гэхгүйгээр анги хамт олноороо хамтраад нутаг орондоо хэрэгтэй бүтээн байгуулалтыг хийж болно. Нутаг орондоо бүтээн байгуулалт хийсэн хувь хүн, анги хамт олон, ураг садан хүмүүсийг 90 жилийн ойн баяр наадмын үеэр алдаршуулах юм.


-Цэнгүүний тасалбарыг хаанаас худалдан авч болох вэ?
-Нутгийн зөвлөлийн удирдах зөвлөл болон “Ноёнхангайн залуус” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдэд хандаж тасалбар худалдан авч болно. Мөн АСА циркийн тасалбарын кассаар худалдаж байгаа. Хангай суманд төрсөн, өссөн, ажиллаж амьдарсан бүх хүн нутгийнхаа хөгжилд өчүүхэн боловч хандив өргөнө гэж итгэж байна.

Эх сурвалж: barimt.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин