Засаглаж чаддаггүй АН, Жагсч чаддаггүй МАН, Эвлэж чаддаггүй ЭВСЭЛ

“АН-ын ҮЗХ юу болж байна аа”. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ийм асуултын хариуг нэхсэн сонирхсон, зүгээр л хэрэгт дурласан хүн маш олон байлаа. Энэ парламентад хамгийн олон суудалтай учраас Засгийн газар байгуулах саналыг бусдадаа тавих эрхтэй АН өнгөрсөн лхагва гаригт Ерөнхий сайдаа огцруулсан. Ингэснээр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар огцорч, шинээр томилогдсон Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхээр болов. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах санаачилгыг сөрөг хүчин МАН гаргасан хэдий ч унагасан нь харин ардчилагчид өөрсдөө байлаа. Чуулганы танхимд үүнийг АН-аас олон хүн хэлж байлаа. Товчхондоо бол, ардчилагчдад Монголын ард түмэн итгэж найдаж сонголтоо хийх тоолонд “нялх Сэнгүм”-үүд төрөөрөө тоглож эхэлдэг нь жишиг болох нь ээ.

1996 онд яалаа даа, дөрвөн жилийн дотор дөрвөн Засгийн газар гарч ирж, дөрвөн хүн Ерөнхий сайд болсноор дууссан. Ингэж бужигнаж бужигнаж 2000 оны сонгуульд ардчилсан хүчин задарч, АН, Монголын социал демократ нам гэж хоёр хуваагдаж сонгуульд оролцож байсан билээ. Эвлэж нийлээд сонгуульд ялсан амжилтаа эрх мэдэл, албан тушаалын төлөөх эцэс төгсгөлгүй дажингаар сольсон ардчилагчид задарч салж байгаад сонгуульд орсон нь тухайн үеийн МАХН 72 суудал авсан парламентыг бүрдүүлсэн дүн гарч байлаа. 2000 оноос хойш парламентын гурван сонгуулийн мөчлөг өнгөрч, Ардчилсан нам эрх барьж хоёр жил болсон энэ хугацааны дараахь өнөөдрийн нөхцөл байдал өнгөрсөн түүхийг давтаж байна. Энд тэртээх 2000 оныхоос ялгаатай өөрчлөгдсөн зүйл нь гэвэл мөнгө, эдийн засгийн эрх ашиг гэдэг юм нь холилдон сүлэлдсэн явдал. Хэрвээ маргааш сонгууль болбол, дөрөв хөрвөөсөн засагтайгаар сонгуульд ороод нам ялагдаж байсан тэр түүх давтагдана.

Засгийн эрх мэдлийн төлөөх АН доторхи “зодоон” гэдэг бол энэ нам дахь бүлэглэл фракцуудын тэмцэл. Угаасаа өнөөдрийн АН маш олон талаас олон үзэл бодолтой бүлэглэлүүдийн нийлбэр. Фракц гэдэг гадаад үгээр сайхан нэрлэчихээд байгаа болохоос биш сайнаар хэлбэл, нам доторхи жижиг намууд, сөргөөр тайлбарлавал ямар нэгэн хэрэг түвэг хийж магадгүй гэмт хэргийн маягийн бүлэглэл. Өнөөдрийн Засгийн газрыг унагахын төлөө кноп дарсан, зугтсан хүмүүс гэдэг бол маргааш дахин намаа, үзэл бодлоо сольж магадгүй “хамелеон”-ууд. АН дахь энэ олон бүлэглэл фракцын учрыг Н.Алтанхуяг юугаар зангидаж учрыг нь олоод байсан бэ гэдэг сонин. Мань хүн тэдэнтэй ил цагаан дайн зарлаагүй, харин ч эсрэгээрээ дайсантайгаа нөхөрлөх зарчим барьж, албан тушаал эрх мэдэл хэмээх бялуунаас тэгш хүртээх гэдэг зарчим баримталж иржээ. Хэн нэр дэвших, хэн жагсаалтад орох хэнийг сайд дарга болгох вэ гэдэг дээр ердөө л бүлэглэл, фракцуудынхаа төлөөллийг жигд хангах гэж оролдож хийсэн байна. Нам доторхи эв нэгдлийг хангах гэдэг дээр энэ нь сайн арга бас үр дүнгээ ч өгсөн. Хамгийн тод жишээ гэхэд 2012 оны сонгуулиар тус намаас нэр дэвшүүлэх процесс хэл ам, хэрүүл зодоон багатайгаар төгссөн. Гэхдээ бялууг тэгш хуваарилах нь гэдэг энэ аргад сөрөг тал их. Наад зах нь аль нэг фракцын төлөөлөл болж сонгогдсон, томилогдсон нөхөд улс орон гэдэг өргөн эрх ашиг бүү хэл, намынхаа мөрийн хөтөлбөр зорилго гэх тодорхой хүрээнд ч асуудлыг алсаас харахаа больж, зөвхөн өөрийн бүлэглэл фракцын эрх ашгийн төлөө ажилладаг болсон. Тэгээд тухайн хариуцсан салбар, яам сонгогдсон тойрогтоо зөвхөн өөрийн бүлэглэл фракцынхаа хүнийг ажиллуулна. Төрийн алба яагаад төрлийн алба болсон юм бэ гэдгийн тайлал нь энэ. Наанаа мэдээж, улс орон ард түмэн гэж ярьдаг цаасан малгайгаа мартаагүй нь ч байгаа, тас мартсан нь ч байгаа.

Энэ бүхэн яван явсаар АН доторхи намын даргын байр суурийг хүчгүйдүүлж, эцэстээ эрх мэдлийг гартаа авах гэсэн өөр хоёр бүлэглэл нь нийлээд Ерөнхий сайдыг огцрууллаа. Тэдэнд нам дамжсан хэдэн нөхөд туслалаа. Олон хүний өвөр дамжсан эмэгтэй хүнийг биеэ үнэлэгч гэж доромжлоод байдаг юм билээ. Олон нам дамжсан улстөрчийг чухам юу гэж нэрлэдэг юм бүү мэд. Монголчууд юмны голыг олж нэрлэхдээ сайн ард түмэн. Удахгүй нэршлийг нь тодорхой болгоод өгчих буй заа.

Ардын намын Улаан хамгаалагч байсан Д.Арвинг жишээ нь өнөөдөр ардчиллын бэлгэ тэмдэг гэж харахад хэцүүхэн дээ хэцүүхэн. Хуучин намдаа байхдаа энэ эмэгтэй нэг бол эрх мэдэлтэй дарга нарыг дагаж зулгуйддаг хэсэгт багтан түүнийхээ зараалаар нам доторхи нөхдөө үгээр намнадаг л байсан шүү дээ. Улс төрийн замнал нь тэр чигээрээ Ардчилсан намын эсрэг байсан хүн намдаа гомдонгуутаа гэнэт ардчиллын үнэт зүйлс гээд яриад ирэхээр даанч нэг үнэмшилгүй. Ж.Батзандан байна. Шударга дээдсийн нь цус Ж.Батзандангийн судсаар гүйж байгаа юм гэсэн. Монголчуудын түүнээс бусдынх нь судсаар шударга биш дээдсийнх нь цус гүйж байгаа болж таарч байна л даа.

Улс төрийн нам дахь хямрал зөрчил улс орных болж хувирч байна. Бүтцийн өөрчлөлт хийгдсэн яамд сайдтай болохгүй, бараг сар боллоо. Ирэх онд энэ улс орон яаж амьдрахыг төсөв шийднэ. Улсын төсөл хэлэлцэж байхад улс нь албан ёсны Ерөнхий сайдгүй, яамд нь сайдгүй, төсөв нь улаан иймэрхүү л дүр төрхтэй. Эрх ашгийн эрэмбээ мэддэггүй, эрх барих ухаанд суралцаагүй АН-ынханд улс орон ард түмний эрх ашиг гэдэг хоёрдугаарт тавигдаж байна. Зөвхөн хэн дараагийн Ерөнхий сайд байх, хэн ямар албан тушаалд очих нь л сонин байгаа нь ҮЗХ нь хурал удирдах хүнээ сонгох нь нэг өдрийн асуудал болж буйгаас харж болно.

25 жилийн түүхтэй ардчилагчид засаглаж чаддаггүй гэдгээ дахин нотлолоо. Засаглаж чаддаггүй АН-тай 16 он хүртэлх хугацаанд юу өрнөх вэ гэхээс өмнө засгаа байгуулах гэж одоо ямар жүжиг тоглох бол…

Засаг огцрох гэдэг бол улс орнуудад байдаг л зүйл. Японд гэхэд л саяхан дараалан хэд хэдэн сайд нь огцорсон. Эрх баригч нам нь бараг маргааш нь дараагийн сайдыг томилоод явчихаж байна. Харин манайд бол сайд томилох гэж сар болох нь ердийн, Засгийн газар үүрэг гүйцэтгэгчтэйгээр хагас жил болдог учраас эрх баригчдын зодоон энгийн иргэдийн халаасанд хүртэл хямраадаг залхаадаг билээ.

ЖАГСЧ ЧАДДАГГҮЙ МАН

Ардын нам хүнээр бол бараг насаараа дарга хийсэн. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байна гэж харж сурсан тэдэнд сөрөг хүчний суудалд жижгэрч, эрх баригчдын эсрэг тэмцэж жагсана гэдэг сураагүй ажил. Жагсч тэмцэж чаддаггүй тэд улс төрийн жагсаал гэхээрээ задгай талбайн жүжиг тоглочих гээд байдаг гэмтэй. Мөнөөх улс төрийн жүжигчилсэн тоглолтыг дэглэсэн улсаас нь өөр хүмүүс ойлгохгүй гээд зовлон их.

Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө Ардын намын шинэчлэх хөдөлгөөний Аюурсайхан гэдэг залуу “Н.Алтанхуяг огцор” гэж арваад хоног суулт зарлахад Төрийн ордноос МАН-ын гишүүд дарга нараас нэг ч албан тушаалтан гарч ирээгүй. Гудамжинд жагсах гэдэг МАН-ын эвэртэн тууртан нарын хувьд гутамшиг гэж үзэж байгаа учраас Аюурсайхан Ардын намын өмнөөс ганцаараа гудамжинд хашгираад яахав дээ.

Жагсч тэмцэж чаддаггүй МАН-ын удирдлагууд харин ордны хов хутгаж, хор найруулахдаа гарамгай. Хумсаа нуусан муур багш наанаа бурхны ном айлдаад цаанаа хулгана барьж идээд байдагтай адил.

АН, МАХН хоёр хамтран ажиллах гэрээ байгуулаад чухам юун дээр гарын үсэг зурснаа шууд зарлалгүй орхисон алдааг нь хорчин МАН-ынхан гарамгай ашиглаж, гэрээний нууц хавсралт зохиож үйлдээд цацаадахав. МАН-ын энэ хорыг АН доторхи Н.Алтанхуягт дургүй хэсэг нь шүүрч аваад л улс төр хийлээ. Бүтцийн өөрчлөлт гээд сайд нарын асуудал хэлэлцэж байхад МАН гэнэт чөлөө авсан. Бүлгийн даргад нь энэ үүрэг гэнэт л ирсэн гэх. Шалтгаан нь юу байсан гэхээр Н.Алтанхуягийг унагаах хүсэлтэй нөхөдтэй нийлж, АНМАН байгуулах хор нь амжилттай найрах магадлалтай болсон тул ийнхүү яаралтай арга хэмжээ авч, завсарлага авангуутаа маргааш нь Ерөнхий сайдыг огруулах тогтоолын төсөл өргөн барьсан билээ.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулган дээр хэлэлцэх үеэр харин МАН-ынхан гэж буруугүй, харин АН-ынхан өөрсдөө засгаа огцруулсан хойд захын хар овоохой нь болоод дууслаа. Улс төрийн зарим ажиглагчдын хэлж байгаагаар, МАН-ын өнөөдрийн үйлдэл тоглолт нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, улмаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөсгөх зорилгоор хутгаж буй улс төрийн хоронд ашиглагдаж байх магадлалтай гэнэ.

Тусгаар тогтнолын ордон ойрын үед хөл хөөр ихтэй байгаа гэнэ. Засгийн газар огцроод, дараагийн ээлжинд МАНАН үүсгэчих санаатай улс “МАНАН бишээ АНМАН болох юм” гэдэг суртал хийгээд л. Ардын нам цагаан байрныхаа ашиглалтын зардлыг яаж төлнө дөө гэдэг нь толгойн өвчин болоод байсан нь гайгүй болох нь гэж хөрөнгө мөнгө хариуцдаг улс нь хүртэл өөр хоорондоо ярилцсан тухай сураг ч чих дэлсэв. МАН үнэхээр манийгаа бодоод засгийг огцруулаад байна уу, МАНАН-гаа мөрөөдөөд хороо найруулаад байна уу.

Жагсч чаддаггүй, харин ордны хор найруулахдаа мэргэшсэн МАН дотор нь одоогийн намын удирдлага, хуучин удирдлагын хооронд бас асуудал үүсээд байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Өвөр зуураа, өөр хоорондоо бие биенийхээ эсрэг хийж байгаа хор нь МАН дотор ямар манан үүсгэх бол. Загасчин усандаа гэдэг нэг үг бий. Улс төрийн хороо өөрсдөө хүртчих вий дээ.

ЭВЛЭЖ ЧАДДАГГҮЙ ЭВСЭЛ

2012 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан парламент “Шударга ёс” эвсэл гэдэг бүлэгтэй болсон. УИХ-ын гишүүн хорон үгт Ц.Нямдоржийн эвслийг “Шударга бус” гэж нэг бус удаа нэрлэж байсан билээ. Монголчууд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг гэж зүйрлэн хэлдэг дээ, эв түнжин муутай юмыг. “Шударга ёс” эхнээсээ л тиймэрхүү төрхтэй байсан. Эвслийг бүрдүүлж байгаа МАХН, МҮАН хоёр, тэдгээрээс нэр дэвшиж болон жагсаалтаар орж ирсэн хүмүүс эрээвэр хураавар элдэв өнгө төрхтэй. Гудамжнаас шууд УИХ-д ороод ирсэн, эсвэл Н.Энхбаярын төлөө сайн ажилласныхаа шагнал урамшууллыг хүртэн парламентын босго давсан гэдэг зүүлт дагалдсан улс энэ эвслийг бүрдүүлж байна. “Шударга ёс” эвсэл эхнээсээ л эвтэй, нэгдсэн байр суурьтай байж чадаагүй, бараг л толгой дараалан хувь хувьдаа улс төрийн тоглолт хийдэг дүр төрхтэйгөөр явж ирсэн. Найрал дуу гэдэг нийтээрээ дуулахыг хэлдэг, найрал дуучид бүгдээрээ гоцлол дуулна гэвэл утгаа алдана. “Шударга ёс” эвслийг бүгдээрээ гоцлож дуулах гэж солгой хоолойгоор дуулаад байгаа найрал дуутай жишиж болно.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал энэ бүлгийн гишүүдийн эвлэж нэгдэж чаддаггүй байдал, эрх барилцаж байгаагаа ч замын хагасыг туулчихаад одоо хүртэл ойлгож мэдрэхгүй явж байгаа гээд олон юм нь тод харагдлаа гэдгийг олон хүн хэлж байна.

Д.Тэрбишдагва, Н.Улаан нар МАН-аа хаяж, Н.Энхбаярыг дагаж МАХН-д ирсэн улс. МАХН-ын 27 дугаар Их хурлаас нэр солих асуудал хэлэлцэж, Н.Энхбаяр үндсэндээ тэндээс хөөгдөөд гарч байхад дагаж явсан, нэрэээ солихгүй гэж зүтгэж байсан цөөхөн хүний дотор энэ хоёр эхэндээ байгаагүй гэдэг. Харин дараа нь мөнөөх алдарт бор оймстой хөл гозолзуулах үеэр гарч ирцгээсэн, улмаар уугуул намаа сонголоо гэж пиардаж, нэг нь нэр дэвшиж нөгөө нь жагсаалтаар гарч ирсэн. Товчхондоо бол, Д.Тэрбишдагва, Н.Улаан нар хэрвээ МАН-даа үлдсэн бол өнөөдрийнх шиг сайд, УИХ-ын гишүүн болно гэдэг боломжгүй зүйл байв. Харин тухайн үедээ хийсэн улс төрийн сонголтынхоо үр шимийг хүртэж төрийн өндөр алба хашиж байна.

Ч.Улаан, Л.Цог нар МАХН-даа байтугай парламентад ахмадын тоонд орно. Гэхдээ энэ хоёр хүнээс улс төрийн карьераа дуусгаж байгаа төрх нь сая харагдлаа. Ахмад тулхтай улстөрчид гэхээсээ илүү албан тушаалд ханадагггүй, дахин цаашаагаа явах зам байхгүй тул зөвхөн өөртөө шударга мундаг гэсэн имиж бүрдүүлж үлдээх гэсэн явцуу тоглолт л харагдав. Ч.Улаан, Л.Цог хоёрын хажууд МАН-ын бүлгийн гишүүн, нас сүүдэр 70 давсан Д.Дэмбэрэл харин зангарагтай байна билээ Насаараа төрийн алба хашсан Ч.Улаан хамт ажиллаж байсан Ерөнхий сайдаа унагахад хувь нэмрээ орууллаа. Улс төр увайгүй хийгээд новшийн юм байдаг гэдгийн хамгийн тод жишээг эвлэж чаддаггүй эвслийн, улс төрийн карьераа дуусгаж байгаа Ч.Улаан гуайн үйлдэл батлав.

“Шударга ёс” эвслийн олон өнгөний нэг нь гудамжнаас улс төрд ирсэн тэмцэгчид. Төрийн эрх барих гэж сонгогдож гарч ирсэн, тэгэх тусмаа эрх барилцаж байгаа улс төрийн хүчинд харьяалагдаж байгаагаа мартчихаад байдаг гэдэг үгийг Д.Батцогт, Г.Уянгаа, Л.Цог нарт хаягласан шүүмжлэл өнгөрсөн хоёр жилд мөн ч олон гарсан даа. Одоо бол Д.Батцогт энэ эвсэлд харьяалагдахаа больсон. Уянга ч бас л эвсэл шударга бус байна гэдэг юм яриад эхэлсэн байна билээ. Дараагийн сонгуульд зориулсан тоглолт, нүүдлээ хийхэд гайхах зүйлгүй.

О.Баасанхүү, Л.Баянсэлэнгэ нар нар уг нь хуульч хүмүүс. Энэ утгаараа тэднийг хурдан өсч хөгжих байх гэж найдаж байсан хүн бий. Ингэж найдаж байсан хүмүүсийн итгэлийг энэ хоёр биелүүлсэнгүй. Танин мэдэхүйн асуултаасаа хэтрэхгүй тал замаа туулчихсан таваргаж яваа.

Ерөнхий сайдаа солиод, Засгийн газраа огцуулаад засаглаж чаддаггүй АН том болж, төрийн эрх барьж сурах уу, жагсч чаддаггүй МАН дараагийн хороо яаж үргэлжлүүлэх, эвлэж чаддаггүй эвсэл дараагийн Засгийн газарт МАН-д байраа тавьж өгөх үү, эсвэл өөрсдөө сайн дураараа ийш тийшээ тарж бутарч дуусах уу гэдгийг цаг хугацаанд даатган үлдээе. Харин эгэл жирийн монгол хүний хэтэвчнээс төрийн хямрал, дээдсийн зодоон холуур өнгөрөөсэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин