Оюутолгойн ээдрээг тайлах учиг олдох болов уу

Оюутолгойн тухай хэрүүл гурван парламентын нүүр үзэж байна. Гэхдээ манайхан хоорондоо л уралцаад байхаас биш хөрөнгө оруулагч тал дуугүйхэн ажлаа хийж, ашгаа хүүдийлэхээр бэлдэж байгаа нь нууц биш. Ажил ч санасныг бодвол урагштай байгаа. Уг нь 2013 онд багтааж бүтээн байгуулалтын эхний шатыг дуусгана гэж байсан. Гэтэл энэ ажил төлөвлөснөөс хамаагүй эрт дуусч, хоногт 100 тонн хүдэр баяжуулах үйлдвэр ажиллаж эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулалт 5.1 тэрбум доллар байхаар тохирсноос хоёр тэрбумаар хэтэрлээ гэж мэдэгдэв. Харин учир шалтгааныг нь “Оюутолгой” компанийн зүгээс тайлбарлахдаа, НӨАТ, зээлийн хүү, менежментийн үйлчилгээний төлбөр, МСҮТ байгуулсан, орон нутагт бас бус хөтөлбөр хэрэгжүүлсэн гэжээ.

Нэгэнт эхний шат дуусчихсан юм чинь дараагийн төлөвлөсөн ажлаа хийж эхлэлгүй яахав. Ямар ч байсан энэ ажлын хөрөнгийг хэрхэн босгохоо “”Рио Тинто” манай Засгийн газарт дуулгасан. Өөрөөр хэлбэл, санал болгоогүй, зүгээр л хийх гэж байгаа ажлынхаа талаар ёс төдий мэдээлсэн. Тэд халаасан дахь мөнгөн дээрээ гадны банкуудаас зээл авах маягаар мөнгө нэмж, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө босгоно гэсэн байх юм. Тэгэхдээ дээр дурдсан хоёр тэрбум ам.долларын зардлаа эндээс нөхнө гэжээ.

Хамгийн ихээр эргэлзээ төрүүлж буй зүйл нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд зардлыг хязгаарласан заалт байхгүй. Энэ тохиолдолд зардлаа хэтрүүлсэн, тэрийгээ ямар ч байсан нөхөх гэсэн асуудал дахин гарахгүй гэсэн баталгаа алга гэж эдийн засагчид үзэж байна. Үүнээс гадна Оюутолгойг ашиглах ТЭЗҮ-г бүрэн гаргаагүй байхад олборлолтын лиценз олгосон болохоор өнөөгийн алдаанууд гарч байгааг Монголын туршлагатай эдийн засагч, улстөрчид хэлдэг ч эрх баригчид ойшоолгүй өдий хүрсэн.

Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Оюутолгойн хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээМонголын хувьд ашиггүй болсон. Монголын Засгийн газар үндэсний баялагтаа эзэн болж чадахгүй, гадны хөрөнгө оруулагчдын дур сонирхолд хөтлөгдөж гэрээг байгуулснаараа эдийн засгийнхаа орон зайг хуваагаад хаячихсан юм. Оюутолгойн гэрээг аваад үзэхэд, анхнаасаа манай хууль тогтоомжийг илт зөрчиж эхэлсэн. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз өгөөд, түүнийхээ дараа техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад гэрээ байгуулсан. Ингэснээрээ Засгийн газар улс үндэстнийхээ эсрэг гадныхантай хуйвалдсан гэхэд болно. Үүний эцсийн үр дүн орлого зарлагын талаасаа Монгол Улс хосгүй орд газраа гадны компанид эзэмшүүлээд өөрөө өртэй үлдэж байна” гэж ярьсан юм.

Эдийн засагчдын тооцооноос үзэхэд Оюутолгойн орлого Монголд орж иртэл хамгийн багадаа 10 жил хүлээх юм билээ. Яагаад гэхээр Оюутолгойн гэрээнд 34 хувийг нь төр эзэмших бөгөөд энэ хэмжээний хөрөнгө оруулахын тулд өр тавьсан. Уг нь энэ орд маш үнэтэй гэдэг утгаараа 34 хувьд тооцогдох хөрөнгийг гаргахгүйгээр шийдэж болох байж. Тэгэхээр гэрээ ёсоор Монгол өрөө төлж дууссаныхаа дараа л ашгаа хүртэнэ. Гэтэл Монгол Улс өрөө төлтөл 9-10, тэгээд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэвэл бүр тэр байтугай жилийн дараа жинхэнэ ашиг орж ирж магадгүй.

Энэ хооронд “Рио Тинто” Оюутолгойн нөөцийг ашиглаж, олон улсын хөрөнгийн зах зээлд ашиг олж, бүтээгдэхүүн борлуулснаар хагартлаа баяжих боломжтой. Өнгөрсөн хугацаанд үүнийг хангалттай ярьсан. Харин одоо Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуульд Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаагаар хийх талаар заасан нь эдийн засгийн хувьд боломжийн гэж ярих болов. Өөрөөр хэлбэл, 8-9 жилийн хугацаанд тогтвортой байдлыг хангана гэхээр хөрөнгө оруулагч тал хүссэн, хүсээгүй манайд ашигтай ажиллах болно. Харамсалтай нь одоо энэ асуудлыг хөндсөнөөр Монголын Засгийн газар томоохон төлбөрт унах нь тодорхой болох нь.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ