Л.Гансүх: Улстөрчдийн гар хөл болсон АТГ намайг зохиомол хэрэгт холбогдуулсан
Л.Гансүхтэй ярилцлаа. Түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрөөс онц их хэмжээний мөнгө бусадтай нийлж завшсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа билээ.
Таны биеийн байдал ямар байна вэ. Хэд хоног өлсгөлөн зарлаж байж батлан даалтад гарсан бэ. Энэ асуудлаар яриагаа эхлэх үү?
-Цагдан хорих төвд 90 гаруй хоног саатуулагдсан. Хоригдож байхдаа арав гаруй хоног өлсгөлөн зарласан.Хүн чинь хоол тэжээлийн дутагдалд ороод эхлэхээр биеийн бүх эд эрхтэн мууддаг юм байна. Биеийн байдал хорихоос гарч ирснээ бодвол нэлээд сайжирч байгаа. Бөөрний бүх үзүүлэлт муудсан. Би бөөрний архаг өвчтэй болоод олон жил болж байна. Дараа нь элэг муудсан. Өмнө нь огт өвдөж байгаагүй, вирусгүй байсан элэг церрозтой хүний элэгний үзүүлэлттэй болсон байна лээ. Мөн зүрхэнд өөрчлөлт гарч, хэм алдагдаж, олон хоног хоол идээгүйгээс цөс өвдөж, бүх бие шар ногоон өнгөтэй болчихдог юм байна. Энэ бүгдээс болоод цусан хангамж муудчихдаг юм байна. Бас нүд муудаад ойр орчмын зүйл бүрэлзэж, чих шуугиад эхэлсэн. Толгой бол байнгын манараатай, дүйнгэтдэг болсон.
-Та АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хандан хорихоос наймдугаар сард бичсэн захидалдаа "Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахын тулд АТГ "хэрэг" зохиолоо" гэсэн байсан. Энэ талаараа тодорхой тайлбар өгөөч?
-Харин тиймээ. Энэ нь сая Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэхийн урьд өдөр АТГ-ын хийсэн хэвлэлийн бага хурлаар нотлогдлоо шүү дээ. АТГ-ын хийсэн хурал прокурорыг хажуудаа суулгаж байгаад, олон хуулиа зөрчин, нэг талыг хэт барьсан мэдээллээр Гансүх өөрийн туслахууд, хамаатан зэрэг 10 холбогдогчтой 13 тэрбум төгрөгөөр улсыг хохироосныг "нотолсон" тухай дэлгэрэнгүй мэдээллээ. Тэгэхдээ нэг талыг барьсан "нотолгоо"-г бодит мэт мэдээлэв. Эхнээс нь "хэрэг" хэрхэн үүссэнийг хугацааны дэс дарааллаар ярья:
Нэгдүгээрт, 2014 оны тавдугаар сарын 9-нд сонинд "Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монгол улсын хилээр оргон зугтжээ" гэсэн мэдээлэл гарсан. Утга нь Прокурорын байгууллагын эх сурвалжаар "Л.Гансүх охин Цэрэнжагзан нь удирддаг охиныхоо компаниар, тендергүйгээр иргэдэд нүүрснийлүүлээд ихээхэн ашиг олсон нь баримтаар нотлогджээ. Мөн улсыг 854 сая төгрөгөөр хохироогоод, АТГ хэрэг үүсгээд шалгаад эхэлмэгц оргон зугтжээ" гэсэн. Энэ нь хугацааны хувьд Х.Тэмүүжин сайдыг огцруулах болон алдарт "Дан дээл, давхар дээлийн асуудал" хэлэлцэжбайх үе юм. Энэ мэдээлэл гарснаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх авлигачин болсон.
Иймээс Н.Алтанхуягийг "муухай" гэж харагдуулах, "Дан дээл, давхар дээл, Х.Тэмүүжин сайдыг огцруулах гэх мэт "хэрэг"-үүд АТГ-ыг "гар хөлөө" болгож байгаа улсуудын хүссэнээр шийдэгдэхэд хэрэгтэй байжээ. (тэр үед би гүтгэлгийг АТГ зохиосон гэж бодоогүй) Уг нь би бүр дөрөвдүгээр сарын 24-нд Солонгос яваад хагалгаанд ороод эмнэлэгт байсан бөгөөд намайг явах хүртэл манай ажлаар болон гэрээр ямар нэгэн зарлан дуудах ирээгүй юм.
Тухайн моментонд дээрх үйл явдлуудад нөлөөлөхийн тулд намайг ирэхийг хүлээлгүй маш их яарч ийм мэдээлэл гаргасан байжээ. Ингээд тавдугаар сарын 20-нд би Монголд ирэхэд анхны зарлан дуудах ажлын хаягаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын нэрээр ирээд, тавдугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр татах тогтоол гарсан. Хамгийн сонирхолтой нь намайг сэжигтнээр татах тогтоолын бичвэр сонин дээр гарсан текстээр бичигдсэн байвал яах уу. Надаар гадаад явахгүй байх баталгаа гаргуулан хоёр хүнээр батлан даалт хийлгүүлэн хуулийн дагуу гадуур байцаахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Би ч хэрэг хийгээгүй учраас хуулийн дагуу шалгуулаад учир нь олдоно гэж бодсон.
Араас нь харахад тэр үед АТГ-ынхан намайг албан тушаалаа ашиглан ямар ч шийдвэр гаргах эрхгүй, оргож зугтаагаагүй ,"Нүүрс" хөтөлбөр хэрэгжих хоёр жилд миний охин Монголд байгаагүй, миний охин энэ компанид хувь эзэмшдэггүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсаас нэг ч төгрөг гаргаагүй учраас тендер зарлах хэрэггүй, 800 гаруй сая төгрөгийг Гансүх аваагүй менежмент хийсэн компани зээлээр аваад буцаагаад дөрвөн сарын дотор хоёр хуваагаад төлсөн, хөтөлбөр хэрэгжсэн эхний жил уг компани алдагдалтай ажиллангуут MGLSB компанийг эзэн нь татан буулгаад харин дотор нь ажиллаж байсан хүмүүс хоёр дахь жилдээ хөтөлбөрийг зогсоохгүйн тулд шинээр MGLSBD компани байгуулан (Би хуучин компанийн эзнийг "Чи тоглоомноос гарч байгаа бол орондоо ажиллах компаниа олж өг" гэж шахсанаас ийм шийдэлд хүрсэн ) хуучин компанийн байгуулсан сүлжээ, ажилчид, өр, өглөгийг хариуцан шинэ менежментээр хэмнэлттэй ажиллаж,нэг их ашиг олоогүй ч өр ширгүй болсныг хангалттай мэдэж байсан гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, намайг ямар ч хэрэг хийгээгүйг мэдэж байсан. Тухайн моментонд л "хэрэг" захиалагчдад нь хэрэгтэй байсан учраас яаруу сандруу энэ зохиолыг зохиосон.
Хоёрдугаарт, Тиймээс намайг "жинхэнэ" хэрэгтэн болгохын тулд АТГ-ын байцаагч Золжаргал, АТГ-ын ня-ботой хамтран намайг улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон мэт хийсвэр тооцоо зохион Аудитын газрын байцаагч Ичинхорлоог дарамтлан дүгнэлт болгуулааддолдугаар сарын 5-ндАТГ-ын Амарбатаар "Гансүх улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон нь Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоосон" мэтээр зарлуулсан. Энэ хохирол гээд байгааг хойно дэлгэрэнгүй ярья. Тэгээд долдугаар сарын 9-нд намайг дуудан яллагдагчаар татах тогтоол гаргасан. Намайг тавдугаар сарын 26-наас долдугаар сарын 9 хүртэл хоёр удаа байцаахдаа энэ тухай огт асуугаагүй. Хөтөлбөрийн тухай ерөнхий хэдэн асуулт л асууж байсан. Яллагдагчаар тогтоол танилцуулахдаа энэ зохиомол дүгнэлт гэгчээ танилцуулаагүй, тэр ч бүү хэл өнөөдрийг хүртэл танилцаагүй л байна. Манай өмгөөлөгч нар олон удаа шаардаж байж арай гэж өнгөрсөн аравдугаар сард л уншсан гэсэн. Хуулбар хийлгэхгүй, тэмдэглэл ч хийлгэхгүй харин тэмдэглэл хийх гэсэн Баасандорж өмгөөлөгчийг хөөж гаргасан гэсэн. Ичинхорлоо АТГ-ынханд дарамтлуулж, хүссэнээр нь дүгнэлт гаргаснаа манай өмгөөлөгч Баасандоржтой уулзахдаа хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Баасандорж Чингэлтэй дүүргийн цагдаад хандаад, цагдаа эрүү үүсгэх хүсэлтийг прокурорт тавьсан боловч прокурор эрүү үүсгэхээс татгалзсан. Мөн сая ээлжит гүтгэлгээ арваннэгдүгээр сарын 4-нд хийхдээ прокурорыг хажуудаа суулгасан нь прокурор АТГ-аас 100 хувь хараат болсныг харуулж байна.
Гуравдугаарт, Долдугаар сарын 29-ний өдөр Золжаргал байцаагч намайг "Өмгөөлөгч хэрэггүй, яаралтай хүрээд ир. Нэг юм танилцуулъя" гэж хууран аваачаад "Нүүрс" хөтөлбөр эхлэхэд ганцхан сар надад туслаж ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Тулга, түүний найз Төмөрбаатар нарын дансаар ихээхэн хэмжээний мөнгө орсон, гарсан байна. Энэ нь нүүрсний мөнгө гэдэг үндэслэлээр "Гансүх, Тулга нарын мөнгө угаасан хэрэг" гэгчийг нэмж, гаргаж ирэн долдугаар сарын 9-ний өдөр яллагдагчаар татсан тогтоолоо шинэчлэн дахин яллагдагчаар татсан тогтоол үйлдэн биднийг шууд хоёр сараар хорих шийдвэр гаргасан. Энэ залуучууд менежмент хийсэн компанитай болон нүүрсний борлуулалттай ямар ч холбоогүй, өөрөөр хэлбэл Тулга, Төмөрбаатар нартай менежмент хийсэн компанийнхан мөнгө өгч, авалцаж "угааж" байгаагүйгээ нотолж байгаа юм. Эд нар надтай бас мөнгөний ямар нэгэн холбоо байхгүй. Одоо бодоход Н.Алтанхуягийг тойрон хүрээлж "улсыг идэгчид"-ийн тоог л нэмэх хэрэгтэй байсан юм шиг ээ. Бас АТГ-тТулга нар Алтанхуягийн зөвлөх байсан нь өөр дээрээ байцаах эрх авахын тулд л "нүүрстэй" холбох хэрэгтэй байж гэж бодогдож байна. Үнэхээр мөнгө угаасан хэрэг байгаа юм бол цагдаагийн харьяаллын учраас цагдаа л шалгах ёстой биз дээ. Яагаад долдугаар сарын 29-нд яаран хоёр сараар хорьсон гэхээр бидний хоригдох хугацаа есдүгээр сарын 29-нд дуусахад дахин нэг сараар сунгаж, аравдугаар сарын 1-д УИХ-ын чуулган эхлэхэд Алтанхуягийн зөвлөхийн авлигын хэрэг анхаарлын төвд дахин орно гэж тооцоолсон бололтой. Яагаад гэхээр намайг хоёр сар хорихдоо ганцхан удаа буюу наймдугаар сарын 15-нд байцаасан. Юу асуусан бэ гэхээр "Ерөнхий сайд чам дээр яах гэж ирсэн юм. Ирэхээ урьдчилж чамд хэлсэн үү. Ерөнхий сайдтай чи юу ярьсан бэ,Нүүрс нийлүүлэх компани банкнаас зээл авахад чи яагаад бичиг өгдөг юм" гэсэн хорьж шалгах ямар ч шаардлагагүйэнгийн хэдэн асуулт л тавьсан.
Дөрөвдүгээрт, Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Н.Алтанхуягийг огцруулах асуудал хэлэлцэхтэй холбоотой урьд өдөр нь "улс төржсөн" АТГ мэдээлэл хийлээ. Нөгөө л Алтанхуягийн тойрон хүрээлэгчид ямар "муухай" тухай. Тэдний тоо 10 хүрсэн тухай. Одоо бүр ичихээ болиод шууд л баахан мөнгө идсэн нь нотлогдсон тухай "солиотой" арифметик зохиолоо. Нэг тонн нүүрсийг маш хямдхан 27500 төгрөгөөр буюу нийт зургаан тэрбум гаруй төгрөгөөр 200000 гаруй тонныг аваад гурав дахин үнэтэй80.000 төгрөгөөр буюу 19 тэрбум гаруй төгрөгөөр зараад улсыг 13 тэрбум (19-6=13) төгрөгөөрхохироолоо гэж зарлав. Нүүрс ямар ч зардалгүйгээр Багануур, Улаанбаатарт хоёр дахин шигшигдээд, Багануураас үнэгүй тээвэрлэгдээд, Улаанбаатарт шуудайлагдаад, 163 цэг рүү тээвэрлэгдээд, борлуулагч нар цалингүй зарагдаад байсан гэнэ. Тэгээд Гансүх баахан туслахуудтайгаа 13 тэрбум төгрөг хувааж идээд баяжсан гэнэ.
-Танд АТГ-ынхны хэлээд байгаа 13 тэрбум төгрөгийг идээгүй, шамшигдуулаагүй гэх баримт байгаа биз дээ. MGLSB компани таны охинтой ямар ч хамааралгүй юм уу?
-Гансүхийн албан тушаал ямар ч шийдвэр гаргадаггүйтэй адил хувийн компанийн мөнгө Гансүхэд огт падлийгүй гэдгийг АТГ-ынхан сайн мэдэж байгаа. Компанийн бүх бичиг баримт, анхан шатны болон тайлан тооцоо, компьютер, тамга тэмдгийг нь АТГ хурааж авсан. 13 тэрбум төгрөг ямар зүйлд зарцуулагдсан, хэдэн төгрөгийн ашиг, алдагдалтай ажилласан тухай АТГ-ын нэг өрөөгөөр дүүрэн баримт байж л байгаа. Гэтэл энэ зардлуудын тухай ганц үг ганхийсэнгүй. Тэгсэн хэрнээ уурхай компани хоёрын хоорондын тооцоогоор төлөгдөөд явж байсан 399 сая төгрөгийн шатахууны тооцоог "хохирол" мэтээр тоотой нь зарлах юм. Бас MGLSB компанийг эзэн Сүхбаатар нь манай охинтой хамтран байгуулсан мэтээр дахин гүтгэх юм. Бас намайг компанийн эзэнтэй"санхүүгийн асуудлаас болж" зөрчилдсөнөөс шинэ компани буюу MGLSBD-г байгуулж гүйцэтгэх захирлаар өөрийн туслахаа тавьсан мэтээр, намайг хуурамчтайлан гаргаж 854 сая төгрөг ЗГХЭГ, Эрчим хүчний яаманд хүргүүлсэн мэтээр энэ нь "зориулалтын бус шаардлагагүй" зүйлд зарцуулагдаж үрэгдсэн мэтээр, 1.5 тэрбум төгрөг жижиг, дунд үйлдвэрийн сангаас аваад "идчихсэн" мэтээр, надыг сэжигтнээр татсан тогтоол нь дөрөвдүгээр сарын 24-нд гарсан мэтээр худал мэдээллүүдийг цацсан.
Улсын бүртгэлийн газраас MGLSB-г ганцхан Сүхбаатар 2009 онд байгуулсан. Манай охин тус компанийг байгуулахад болон сүүлд ч нэмэгдэж ороогүйг тогтоосон л байж таараа. MGLSBD-г Гансүх байгуулаагүй, Даваахүү байгуулсныг мөн тэндээс мэдсэн л байж таараа. Би тайлан гаргадаггүй харинMGLSB компаниас 2012-2013 эхний жилийн ажил алдагдалтай тухай дараа жилийн ажлаа эхлүүлэхийн тулд банкны өр, татварын өр, бэлтгэн нийлүүлэгчдийн өр, шинээр ажлаа эхлүүлэхэд хэрэгтэй урсгал зардалд түр 854 сая төгрөг зээлэхийг хүссэн хүсэлтийг л дэмжиж, холбогдох шийдвэр гаргадаг газруудад бичиг хийж өгсөн. Компани авсан мөнгөө дөрвөн сарын дотор буцааж төлсөн тухай огт дурдсангүй. Хувийн компани авсан мөнгөө дээр дурдсан зориулалтаар зарсан нь АТГ-т зориулалтынбус шаардлагагүй зүйлд зарцуулагдсан мэт харагджээ. Нэг тонн нь 200000 төгрөг хүрч байсан нүүрсийг хоёр дахин шигшээд, чулууг нь ялгаад шуудайлаад, тээвэрлээд, гэрийнх нь хажууд цэг байгуулан 80.000 төгрөгөөр хүргэн өгч, улсаас нэг ч төгрөг гаргалгүй 700 гаруй өндөр цалинтай ажлын байр бий болгон гэр хорооллыниргэд тухайн жилд 50 гаруй тэрбум төгрөг хэмнэсэн хийгээд Багануурын уурхайд дэвшил авчирсан хөтөлбөр гэдгийг харахгүй, харин заавал идсэн уусан мэт харж байгаа нь харамсалтай. 1.5 тэрбум төгрөг гэдэг нь банкны зээл бөгөөд 700 гаруй өндөр цалинтай ажлын байр бий болгож байгаагийнхаа төлөө Жижиг, дунд үйлдвэрийн сангаар дамжуулан хувийн банкаарарай бага хүүтэй авсан зээл юм. Өнөөдөр зуу зуун тэрбумаар нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгож байна шүү дээ. Эцэст нь намайг тавдугаар сарын 26-ндсэжигтнээр татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрнээ дөрөвдүгээр сарын 24-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн мэтээр АТГ-ынхан хэлж байна. Ингээд тогтоосон хэрэг гэдгээ тайлбарлаж байгаа хэрнээ л худлаа гүтгэх юм. Үнэхээр харамсалтайбайна.
АТГ бүтэн долоон сар олон төрлийн бараа биш ганцхан шуудайлсан нүүрс зардаг компанийн бичиг баримтан дээр ажиллачихаад зардал, ашиг, алдагдлыг нь зааглаад хэлчихгүй, зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг хэрэглэн улс төржсөн популист мэдэгдэл хийж, олон хууль зөрчиж хүнийг хэлмэгдүүлж байна. Намайг гурав дахь сард хорих шийдвэрээ шүүхэд танилцуулахдаа 12 байцаагч цаг наргүй ажиллаж байгаа тухай прокурор нь шүүхэд хэлснийг өмгөөлөгч надад хэлж байсан.
-"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон нь цаанаа лобби байсан гэж харах хүмүүс байгаа. Энэ талаарх таны тайлбар?
-Засгийн газар байгуулагдаад иргэдийн амьдралыг яаж сайжруулах вэ гэдэг дээр тодорхой сонголт хийх болсон. Яагаад гэхээр цалин тэтгэвэр нэмэх гэхээр сонгуультай холбоотой популист хуулиуд батлагдсан байснаас хөрөнгө оруулалт зогссон,өр тавиад иргэддээ ихээхэн бэлэн мөнгө тараасан учраас орлого өрөнд явж байсан учраас боломжгүй байсан. Иймээс Засгийн газар үнийн өсөлттэй тэмцье гэсэн шийдвэр гаргасан. 2012 оны наймдугаар сарын 20-нд Засгийн газар байгуулагдангуут Монголбанктай хамтраншатахуун, мах, гурил гэх зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг цуглуулан холбогдох яамд уулзан хамтран ажилласны үр дүнд үнийг тогтвортой барьж эхэлсэн. Гэтэл аравдугаар сарын дундуур нүүрсний үнэ эрс өссөн. Судалгаа хийтэл Улаанбаатарт нүүрс жижиглэнгээр иргэдэд зардаг компани байхгүй харин бөөнөөр нийлүүлдэг хоёр компани л байсан. Нэг нь Төрийн өмчит "Багануур илч" ХХК, нөгөө нь Алаг толгойн нүүрсийг нийлүүлдэг нэг хувийн компани. Тэд нар нүүрсийг вагоноос буулган газар дээр нь том, жижиг, нунтаг чулуутай нь шууд экскаватороор хутгаад 60 гаруй мянган төгрөгөөр зардаг байсан. Үүнийг нь портертой иргэд аваад жалганд аваачин томыг нь лантуудан жижиглэж 200-гийн цагаан орны пүршин дээр шигшин гуравны нэг орчим нунтгийг нь хаяад үлдсэнийг иргэдэд 200.000-220.000 төгрөгөөр зардаг байсан. Багануураас ирдэг нь тэндээс хямдхан авдаг ч замын зардал өндөр байсан. Тиймээс нүүрсний үнийг барих, хямдруулах шаардлага гарч "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
-Их хэмжээний мөнгө "идэж" болохоор хөтөлбөр байсан уу, үгүй юу гэдэгт хариулах хэрэгтэй байх?
-Л.Гансүх миний бие Ерөнхий сайдын ахлах зөвлөх. "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд маш олон газар оролцсон. Тухайлбал,Багануурын уурхай, Төмөр зам, Замын цагдаагийн газар, НЗДТГ, таван дүүргийн Хөдөлмөр, Нийгмийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар гээд төрийн олон байгууллага оролцсон. Надаар ямар ч бэлэн мөнгө, нүүрс дамжихгүй учраас мөнгө идэх боломжгүй. Харин хийгдэж байгаа бүх ажлыг би хянаж байсан. Аль нэг ажиллагаа нь л хэдэн цаг доголдоход бусдыгаа унагачихаж байгаа юм. Жишээлбэл, нэг өдөр 25 вагон нүүрс ирэх ёстой байтал 15 нь ирлээ гэхэд 10 вагон нүүрс авах айлууд хоосон хоцорно гэсэн үг. Түүнийг шигших, савлах, түгээх хүмүүс сул зогсоно гэсэн үг. Эсвэл нүүрс зөөдөг машинуудын хэд нь эвдэрлээ гэхэд тухайн өдөртөө нүүрс зөөх, хүргэх боломжгүй л болж байгаа байхгүй юу. Тиймээс маш хариуцлагатай, зөв зохион байгуулалт шаардлагатай байсан. Тухайлбал, зарын дагуу ажилд орохоор ирсэн хүмүүс чинь хоорондоо үл ойлголцоно, муудалцана, хүйтэнд өдөржин ажиллаж байгаа болохоор зарим нэг нь жаахан архи хүртчихнэ. Тэднийг зохицуулах ээлжийн цагдааг байрлуулах,талбайн ажилчдын хоол ундыг нь хийх гал тогоо, хоол идэх майхан зэргийгцэргийн ангиас түр авч өгөх гээд асуудал их байсан. Дээр нь хувийн компанийн удирдлагуудыг байнга хянаж шахаж, ажиллуулна. Олонх нь туршлага муутай, залуу хүүхдүүд байсан, тэдэнд хэрхэн яаж ажиллахыг нь зааж, зөвлөнө. Тухайлбал, нүүрсээ хэрхэн ялгаж, шуудайдаа хогтой хийж байна уу үгүй юу, оёдол нь ямар байна гээд ерөнхийдөө "Нүүрс" хөтөлбөрийн хэрэгжилтийг хянаж, урагшлуулах хэрэгтэй байсан. Тиймээс би зохион байгуулалтын ажлыг гардан хийсэн. Түүнээс биш "Нүүрс" хөтөлбөрийг эхлүүл гэдэг шийдвэрийг би гаргахгүй шүү дээ. Харин Багануурын уурхайд Ерөнхий сайд очоод"Танайд ашигтай хамгийн бага үнэ хэд вэ" гэхэд уурхайнхан 27500 гэсэн. Яагаад гэвэл Багануурын уурхай иргэдэд нүүрсээ тонн тутмыг нь 25000 төгрөгөөр борлуулдаг. Тиймээс үүн дээр нэмэгдсэн өртгийн албан татвараа нэмэхээр 27500 нь тэднийд ашигтай гэсэн. ИнгээдБагануурын уурхай, компани аль аль нь сэтгэл өндөр ажлаа эхлүүлсэн. Гэхдээкомпанитонн тутмыг нь 80 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй,энэ үнэндээ зардлаа шингээх ёстойг Засгийн газраас үүрэгдсэн. "Нүүрс" хөтөлбөрт оролцох Засгийн газрын оролцоо эндээс дуусаж байгаа юм. "Нүүрс" хөтөлбөрөөс завших нь байтугай илүү нэг шуудай нүүрс гарч болохгүйн шалтгааныг би нэг бүрчлэн тайлбарлая.
Үүний дараа аж ахуйн нэгжүүд хоорондоо гэрээ байгуулсан. Хамгийн гол нь иргэдэд шигшсэн нүүрс өгөх учраас шигшсэнээрээ авъя гэхээр Багануур дээрээ шигшихээс өөр аргагүй болж байгаа юм. Тэгэхээр нүүрс шигших машин механизм авахаас өөр аргагүй болсон. Тэгээд том шигшүүр, хутгадаг экскаватор, зөөвөрлөж, хураадаг техник гээд тэр бүгдийг компани худалдаж аваад үүнийг ажиллуулах хүмүүсийг нь техник худалдаж авсан компанитай нь гэрээ байгууланажиллуулсан байсан. Шигшсэнийхээ дунд хэсгийг вагонд ачиж байгаа юм. Вагонд ачих, Улаанбаатарт ирэх хүртэлх бүх зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компани хариуцна. Багануурын уурхайн нүүрс маш амархан нунтгардаг чанартай. Вагонд ачих, ирэх замд, буулгахад гээд нэлээд хэсэг нь бутарна. Дээр нь Багануурын уурхайд нүүрсний чулууг ялгах боломж байхгүй. Тиймээс Улаанбаатарт ирсний дараа хоёр зуугийн цагаан орны пүршин дээр шигшиж байгаа юм. Вагон бүр дээр 14 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллана. Мөн нэг тоологч байна. Хэсэг нь шигшиж, чулууг нь ялгана, хэсэг нь шуудайлж, жинлэнэ, хэсэг нь оёж, оёсныг нь машинд тоолж ачна. Бүгд нарийн бүртгэлтэй компьютерийн программд орсон байгаа юм.
Вагон дахь нүүрс дууссаны дараа тоологч, тухайн бригадын дарга хоёр "Энэ вагоноос тэдэн шуудай нүүрсгарлаа. Тэдийг нь ийм дугаартай машинд, эдийг нь ийм дугаартай машинд ачлаа" гэх зэрэг бүртгэл хийнэ.Ингээд бригадын ахлагч тоо бүртгэгч 2 гарын үсэг зурна. Өдөрт 20 вагон нүүрс буулаа гэж бодъё. 20 вагоны 20 тоологч бүх дүнгээ нэгтгээд, тухайн өдөр буусан нийт нүүрсний жин, тоог гаргана. Үүний дараа уг тооцоонд талбайн ахлагч, "Багануур илч" компанийн холбогдох албан тушаалтан зөвшөөрсөн гарын үсэг зурна. Учир нь гэрээн дээрээ жигнэсний дараахь цэвэр жингээр тооцно гэж заасан учраас энэ бүгдийг хийгээд байгаа юм. Үлдсэн нунтаг нүүрсийг "Багануур илч" компанийнхан цахилгаан станц уурын зууханд 20500 төгрөгөөрөө тонн тутмыг нь өгнө. Вагон өөрөө жингийн стандарт алдагдалтай байдаг юм. Анх Багануураас 65 тонн нүүрс ачлаа гэж тухайн үед жинлэсэн байхад буулгахад 63 тонн байдаг ч юм уу, тийм стандарт алдагдал байдаг юм. Дээрх хоёрыг хасаад үлдсэн нунтаг нүүрсийг "Багануур илч" компани цахилгаан станц уурын зууханд өгчихөж байгаа юм. Мэдээж ялгасан чулуу хаягдана.
Нүүрсийг Толгойт, Амгалан өртөөн дээр буулгана. Буулгахын тулд талбайн тохижилт гэж бас хэцүү юм байна. Өвлийн хүйтэнд дээрээс нь өглөө эрт нүүрсээ буулгах болдог. Тэгэхээр гэрэлтүүлэг хэрэгтэй болно. Үүнд өчнөөн сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж байгаа юм. Мөн хээрийн гал тогоо, хоол, цай хийдэг гэрүүд, бусад зохион байгуулалт, ачилтын машинуудын зогсоолыг түрээсэлж авах, ажилтан бүрийг хүрз, жоотуу, бээлийнээс эхлээд багаж, хэрэгслээр нь хангах гээд ажил мундахгүй. Оёгч машинууд нь байнга эвдэрнэ, хүрзний иш, хүрз байнга хугарна, бээлий, амны хаалт хоёрыг хоёр хоног тутамд өгнө, хоол, унд гээд зардал их. Дээрээс нь тэдгээр ажилчид сард гар дээрээ 800 мянган төгрөгийн цалин авч байсан. Тэгэхээр байгууллагад шимтгэл суутгалтайгаа нийлээд нэг хүнээс 900 гаруй мянган төрөгийн зардал гарч байсан гэсэн үг. Харин цэг дээр ажилладаг борлуулагчид гар дээрээ 900 мянган төгрөг авдаг гэхээр компаниас сая гаруй төгрөгийн зардал гарна гэсэн үг байгаа биз. Дээр нь ачилтын машины жолооч нар маш өндөр цалинтай. Зарим сайн явдаг жолооч сард таван сая төгрөг хүртэл авч байсан. Мөн ачилтын машинууд нарийвчилсан маршруттай. Хаана хүрэх, аль машинд хичнээн шуудай нүүрс, аль вагоноос ачих вэ гээд диспетчерүүд замын хуудас өгч зохицуулна. Вагон дээрх тоологч замын хуудаст төчнөөн шуудай нүүрс ачлаа гээд гарын үсэг зураад явуулна. Диспетчер тэд дугаартай тийм машиныг төчнөөн нүүрстэй гаргалаа гэж гарын үсэг зурна. Очих цэгтээ хүрээд буулгахаар нь борлуулагчид хүлээн авлаа гэж гарын үсэг зурна. Энэ бүгд компьютерт өдөр бүр шивэн тулгагдана. Нэг шуудай зөрөхөд л Талбайн ахлагч, диспетчерүүд, тоологчид, бригадын дарга нар гэртээ харихгүй хаана алдсанаа олно. Гэх мэт бүгд хяналт, зохицуулалт дор явагдаж байсан. Энэ нь нэг шуудай нүүрс ч алга болох, идэх боломжгүй хатуу хяналтын дор уг ажил явагдсан гэсэн үг.
Би "Нүүрс" хөтөлбөр хэрэгжүүлэхэд эхний нэг сар өглөө 07:00 цагточоодажил эхлэхийг хараад ямар нэгэн асуудалгүй байвал яваадэргээд 17:00 цагийн орчимд ирдэг байсан. Тэгээд 23.00-00.00 цаг хүртэл компанийнзахирал, талбайн ахлагч, диспетчерүүд, бригадын дарга нартай уулзалдажшинээр юу хийх талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байсан. Өөр нэг зүйл хэлэхэдкомпанийн банкнаас авсан зээл арваннэгдүгээр сарын 20- нд бүтсэн. Нүүрс тараалт арваннэгдүгээр сарын 2-нд эхэлсэн. Бэлтгэл ажиларавдугаар сарын 20-нд эхэлсэн учраас компанизээл автал их мөнгө хэрэгтэй байсан тул би чадах чинээгээрээ өөрөөсөө, хүнээс мөнгө олж өгч байсан. Түүнийгээ ажил жигдрээд эхлэхээр эргүүлээд авсан байгаа. Үүнийг нотлох баримт тайлан тооцоо бүгд байгаа
-"Нүүрс" хөтөлбөрийн үр дүнг тодорхойлбол?
-"Нүүрс" хөтөлбөр бол Улаанбаатар хотод 163 цэг байгуулж, түүгээрээ дамжуулан нүүрсийг шигшиж чулууг ялган шуудайлан амыг оёж хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон нэг ёсондоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний иж бүрэн, өргөн хэмжээний сүлжээ байгуулан иргэдэд тараасан Төр хувийн хэвшил хамтран амжилттай ажилласан нүсэр цогц ажил болж чадсан. Орон сууцны иргэд 20500 төгрөгөөр цахилгаан станц авсан нүүрсээр харьцангуй хямд дулаан хэрэглэдэг байсан. Тэгвэл гэр хорооллын иргэдээ чболомжийн хямд нүүрсээр буюу дулаанаар хангахыг Засгийн газар бас хүссэн. Мөн Багануурын уурхайд дам ашиг авчирсан. Уг уурхай цахилгаан станцаа л арай ядан нүүрсээр хангадаг байсан бол иргэдэд нүүрс нийлүүлэх болоод ирэхээр эрэлт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нүүрсээ гаргах хөрс хуулалтын ажлаас эхлээд олон машин, механизмын хүч шаардлагатай болоход Засгийн газраас тус уурхайд маш хурдан хугацаанд арваад сая ам.долларын зээл авахад нь дэм болж өгсөн.Цахилгаан станц өмнө нь тав хоногийн нөөцтэй гэдэг байсан бол олон тоног төхөөрөмж авснаар сарын цаашлаад улирлын нөөцтэй болоод ирж байгаа юм. Мөн цахилгаан станцуудад тонн тутмыг нь 20500 төгрөгөөр борлуулдаг байсан бол хөтөлбөрт 27500 төгрөгөөр борлуулж, ашиг олж байгаа юм. Мөн ялгасан нүүрснээс томуудыг нь уурхай дээр ирж нүүрс худалдан авдаг хүмүүст тонн тутмыг нь 30 мянга гаргаад өгчихөж байгаа юм. Мөн үүний дээр Засгийн газар 2013 онд цахилгаан станцад нийлүүлдэг нүүрсний үнийг 22500 болгож нэмэгдүүлж өгсөн. Багануурын уурхай цахилгаан станцад гурван сая тонн нүүрс өгдөг. Үнийг нэмэгдүүлснээр зургаан тэрбум төгрөгийн ашиг нэмэгдэж байгаа юм. Энэ бүхний үндсэн дээр Багануурын уурхай түүхэндээ анх удаа ажилчдаа таван сарын цалингаар шагналаа шүү дээ. Ингээд нөгөө "Нүүрс" хөтөлбөр чинь улсыг хохироох нь байтугай Багануурын уурхайд хүртэл ашгаа өгсөн байгаа юм. Хоёрдугаарт, иргэд шуудайлсан нүүрс хямд үнээр авснаар жилд 50 тэрбум төгрөг хэмнэсэн ашиг байна. Гуравдугаарт, 700 гаруй хүнийг өндөр цалинтай ажлын байртай болгосон. Дөрөвдүгээрт, энэ хөтөлбөр төр, хувийн хэвшил хамтарч ажиллаж болох юм байна гэдгийг нотолж өгсөн.Ийм олон ашигтай ажил болсон.
-Компанийг хэрхэн сонгосон юм бэ. Яагаад заавал таны туслахаар ажиллаж байсан хүний MGLSB гэх компани шалгарсан юм бол?
-Энэ ажилд компани сонгоход хүндрэлтэй байсан. Тооцоо хийж үзчихээд ашиггүй байна гээд байсан. Харин MGLSB компанийн Сүхбаатар зөвшөөрсөн. Ерөнхий сайдад танилцуулан хөтөлбөрт ажиллах шийдвэр гарсан. Тухайн үед Сүхбаатар миний сайд байх үед туслах байсан Эрдэнэбулганыг компанийнхаа гүйцэтгэх захирлаар авъя. Чамтай хамтраад ажиллавал сайн биз дээ гэсэн. Эрдэнэбулган маш ажилсаг, зарчимч залуу бөгөөд би зангаа авалцсан тул дуртай зөвшөөрсөн. Эрдэнэбулган маш сайн ажиллаж, Сүхбаатар, бид хоёрын итгэлийг алдагдуулаагүй. Харамсалтай нь нийслэлийн хороо болгонд хоёр цэг байгуулан, нүүрс шигших, шуудайлах, ачих ажил хийж байсан хүмүүсийг өндөр цалинжуулж байсан гэх мэт олон тооцоолоогүй зүйлээс болж эхний жил компани банкны өр, татварын өр, байгууллага хоорондын ихээхэн өртэй гарсан. БасЭрдэнэбулган ч гадагшаа сурахаар явах болсон тул Сүхбаатар компаниа татан буулгахаар шийдсэн. Ер нь ажил эхлэхэд тооцоолоогүй олон хүндрэл гардгийг бизнес эрхлэгчид мэднэ. Харин манай эхнэрийн дүүгийн хүүхдийг Эрдэнэбулган нягтлангаар ажилд авсан байсныг би сүүлд мэдсэн. Өнөөдөр ажил хийснийхээ төлөө хэлмэгдүүлэлтэнд өртөхийг мэдсэн бол энэ залуучуудыг би юу гэж дэмжих вэ. АТГ-т дуудагдах хүртлээ би өөрийгөө мундаг юм хийсэн гэж бодож байсан ш дээ. АТГ-ын энэ бүх кампанит ажлын үр дүнд ямар ч байсан Засгийн газар, Ерөнхий сайд огцорлоо. Нүүрс хөтөлбар зогслоо. Нүүрс хөтөлбөр зогссоноор лав л Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд үнэтэй нүүрс авах боллоо. Засгийн газар огцорсноор Монгол хожихгүй нь ойлгомжтой. Хэн хожиж буйг цаг хугацаа харуулна биз. Нэг юмыг хэлэхэд Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн энэ компанийн залуучуудыг "Гансүхэд хахууль өгснөө хүлээ" хэмээн шаардаж, бас Алтанхуягтай ажиллаж байсан хөтөлбөрт огт хамаагүй олон залуучуудыг олон сар хорьж, цагдан нэг ёсондоо эрүүдэн шүүжхэлмэгдүүллээ.
-Таныг өмнө нь 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан хэмээн мэдэгдэж байсан.Уг хохирол хэрхэн бий болсонтой та танилцсан уу?
-Энэ 3.6 тэрбумын хохирол гэгч хаанаас гарсан гэхээр тухайн үед Багануурын уурхай цахилгаан станцад 20.500 төгрөгөөр, иргэн аж ахуйн нэгжүүдэд 25.000 төгрөгөөр өгч байсан нүүрсийг менежмент хийх компанид уурхай дээрээс өөрийнхөө тоног төхөөрөмж ажилчдын хүчээр шигшээд 27.500 төгрөгөөр аваад Улаанбаатар руу зөөх, Толгойт, Амгалан өртөөнд буулгах, дахин шигшээд чулууг ялган шуудайлж, амыг оёж тээвэрлэн, Улаанбаатар хотын таван дүүрэгт байрлах 163 цэгт хүргэх зэрэг бүх зардлыг гарган иргэдэд 80.000 төгрөгөөс хэтрүүлэхгүй зарах үүрэг хүлээлгэсэн Ерөнхий сайд, Багануурын уурхайнхантай хамтран гаргасан шийдвэрийг АТГ-ынхан компанид 27500 биш39.000 төгрөгөөр өгөх байсан гэж зохион бичээд энэ хоёрын зөрүүгээс хоёр тэрбум гаруй, мөн шигшээд хаягдсан чулуу, үлдсэн нунтаг нүүрсний зөрүүгээс нэг тэрбум гаруй нийлээд 3.6 тэрбумаар улсыг хохироосон гэж үзсэн гэсэн байна лээ. Шигшихэд үлдсэн нунтаг нүүрсийг гэрээний дагуу Багануурын уурхайн охин компани "Багануур илч" ХХК цааш нь авч зарж байсныг дээрх нөхдүүд мэдэж байсан хэрнээ "хохирол" гэсэнхэрэг зохиосон юм. Засгийн газар уурхайн ТУЗ шийдвэрээ гаргаад, уурхайд ашигтай хувилбараар шийдэгдээд хоёр жил хэрэгжээд, өнгөрсөн ажлыг араас нь АТГ-ын хоёр нөхөр толгойд орсон тоогоо хэлэн цаасан дээр "хохирол" зохион түүнийг нь аудитын нэг байцаагч дүгнэлт болгоод хэлмэгдүүлэлт хийхийг оролдож байгааявдал л юм л даа.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тантай уулзсан явдал нэлээд шуугиан тарьсан. Тухайн үеийн Ерөнхий сайд тантай чухам юу ярьсан бэ. Нууц биш бол тэр тухай яриач?
-Нууцсаад байх юм юу ч байхгүй. "Гансүх ээ, чамайг ямар ч буруугүй гэдгийг манай Засгийн газар бид бүгд мэдэж байгаа. Улс төрийн ийм хэлмэгдүүлэлт явагдаж байгаа гэдгийг чи өөрөө ойлгож байгаа учраас би чамд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх л гэж ирсэн юм. Шоронгийн чинь нөхцөл ямар байна. Удахгүй асуудал шийдэгдэнэ. Янз бүрийн асуудал байхгүй биз дээ" л гэсэн. Ерөнхий сайдтай цуг Шүүхийн шийдвэрийн дарга хамт байсан. Ийм л яриа болсон.
-Та цаашид энэ асуудалд ямар байр сууринаас хандана гэж бодож байгаа вэ. Энэ хэрэг таныхаар улс төрийн зохиомол хэрэг. Үүнээс гарах, салах найдвар хэр байна вэ?
-Бүх зүйлхоосон, зохиомол, улс төрийн хэлмэгдүүлэлт. Н.Алтанхуягийг боорлож, Засгийн газрыг унагаахын тулд охиноос нь авахуулаад эргэн тойрныхныг нь хүчний байгууллагатай хамсан яргалан тамлаж байгаа муухай улстөрчдийн тоглоом. Хийгээгүй, үйлдээгүй хэргийг би яалаа гэж хүлээх юм. Мөнгөн дээр огт гарын үсэг зурдаггүй, нэг төгрөг ч миний гараар дамждаггүй, ямар ч эрх мэдлийн шийдвэр гаргадаггүй намайг ингэж алж чадаж байгаа юм чинь төрийн байгууллагад даргын албан тушаал хашиж байгаа бүх даргыг ингэж чадна л гэж харуулж байгаа хэрэг. Энэ нь намайг шонд өлгөн харуулж, дуулгаваргүй байвал энэн шиг болгоно шүү гэж харуулж байна л гэсэн үг. Гэхдээ АТГ-ын захиалагчид хэзээ нэг цагт энэ бохир механизмдаа хэрчүүлэх л болно шүү дээ. Тэр байтугай АТГ-аас айхгүй, үнэнийг хэлж байгаа миний өмгөөлөгчийг хүртэл хэрэгтэн болгож, бас нийт өмгөөлөгчдийн амыг барихыг оролдож байна. Одоо бол надад "Одоо ямар хэрэг нэмж гаргах бол" гэсэн юм л бодогдож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ