Д.Арвин: С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар Н.Алтанхуяг өөрөө огцрох ёстой, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно гэдэг зүйлийг ярьсан
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар ярих үед АН-ын долоон гишүүн хуралд оролцоогүй. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Д.Арвин хуралдаанд яагаад ороогүй талаарх байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Манай фракцийн гишүүд бүх бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдаа авч үлдээд, дараа нь хариуцлагын асуудлыг нам дотроо ярина гэсэн байр суурьтай байсан.
Миний хувьд ч тэр намын даргаа авч үлдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурь баримталж байсан. Гэтэл өөрийнх нь “Алтангадас” фракцийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн дээр Н.Алтанхуяг даргыг өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой гэдэг хатуу мэдэгдэл хийж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно гэдэг зүйлийг ярьсан, тохирсон. Өөрсдөө намынхаа эсрэг ийм зүйл ярьсанд би дургүй хүрсэн. Нэгэнт 100 хувь намаа дэмжинэ гэдэг дээр санал нэгдэж чадаагүй. МоАХ эсрэг, дээрээс нь фракц дотроо Ерөнхий сайдаа огцруулах тухай яриад явчихсан. Үүнийг мэдэрсэн учраас би хувьдаа аль алинд нь оролцохгүй байхаар шийдсэн.
Үүний дараа манай фракцийнхан оролцохгүй байя гэцгээсэн. Уг нь бүлэг дээр Ерөнхий сайдаа авч үлдэнэ гэдгээр хамгийн эхэнд манай фракциас С.Эрдэнэ, Д.Ганхуяг бид гурав гарын үсэг зурсан шүү дээ.Түүнээс зугтсан юм байхгүй” гэжээ.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ