Турктэй хамтарч орон сууцны хороолол барина
Орон сууцны хороолол хамтран барих тодорхой саналыг Турк улсын төлөөлөгчид танилцууллаа.
Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын дарга З.Энхболд Бүгд найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Дэд дарга ноён Садик Якут тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Өнгөрсөн 4 дүгээр сард Бүгд найрамдах Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоаныг Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын хамтын ажиллагааг орон сууцны барилга, зам, гүүр барих, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн шинэ цогцолбор байгуулах болон аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа талууд илэрхийлэн харилцан ярилцаж, Засгийн газар хооронд хамтын ажиллагааны зарим тодорхой хэлэлцээр, хөтөлбөр батлагдан санамж бичиг байгуулсан юм.
Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний хүрээнд Турк улсын “Экзим” банкны 300 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэн барихаар төлөвлөж буй орон сууцны хорооллын ажлын талаар тодорхой саналыг ноён Садик Якут танилцууллаа.
Харин УИХ-ын дарга, бид Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн уулын хүрээнээс гадагш хурдны зам, төмөр зам барьж, дэд бүтцийг бий болгосноор нийслэлээ тэлж, хөгжүүлэх бодлого барьж, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдөж, хийгдэж байгаа гэдгийг яриандаа онцолсон.
Турк улс Дэлхийн Экспо Үзэсгэлэн 2020 олон улсын арга хэмжээг зохион байгуулахаар Измир хотынхоо нэрийг дэвшүүлээд байгаа бөгөөд энэ онд Парис хотноо болох Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий ассамблейн санал хураалтад Монгол улсаас дэмжлэг хүсэж буйгаа төлөөлөгчдийн тэргүүн ноён Садик Якут мөн уулзалтын үеэр илэрхийлж байв.
.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ