Д.Баярболд: Нарны гэрэл тусдаггүй барилга дотор нян үржиж байдаг

МХЕГ-ын ЭМБСШУХГ-ын ЭМХХ-ийн дарга Д.Баярболдтой цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

-"Алтангадас трейд" компанийн БНСУ-аас оруулж ирсэн таван тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий "ЕSSЕ" тамхийг улсын орлого болгож, битүүмжлээд буй. Юуны учир ийм арга хэмжээ аваад байна вэ?

-Тамхины бизнес эрхлэгчдийн холбооноос МХЕГ-т хаяг, шошгын зөрчилтэй, Монгол Улсын нэгдэж орсон ДЭМБ-гаас гаргасан Тамхины хяналтын суурь конвенц, Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн хаяг шошго бүхий тамхи худалдаалагдаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Бид мэдээллийн мөрөөр хяналт, шалгалтыг тус компани дээр удирдамжийн дагуу хийсэн. Шалгалтаар "ЕSSЕ Light, "ЕSSЕ Сhangе" нэрийн тамхинууд дээрх конвенц, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг илрүүлээд, уг тамхинуудыг худалдан борлуулахыг нь зогсоож, битүүмжилсэн байгаа. Тус компанийн агуулахад байсан хуучин стандартын үед оруулж ирж худалдаж байсан тамхины үлдэгдлүүдийг нийлүүлээд нийт таван тэрбум төгрөгийн тамхи битүүмжилсэн.

-Нэг компани таван тэрбумын үнэтэй бараагаа улсын орлого болгуулж, битүүмжлүүлнэ гэдэг маш том цохилт. Үүний нөгөө талд нэг компани ийм их хохирол амсч байгаа ньтанай байгууллага энэ чиглэлийн сургалт, сурталчилгаа бага хийж, тухайн компаниудад мэргэжлийн зөвлөгөө өгдөггүй байх гэж ойлгож болох юм?

-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаран болчихоод байна. Мөн янжуур тамхины стандартад өөрчлөлт орсон. Хууль хэрэгжиж эхлэх болон шинэ стандартыг мөрдөж эхлэхээс өмнө тамхины бизнес эрхлэгчдэд хугацаа өгсөн нь тэдний бизнесийг хамгаалж, бүтээгдэхүүнийхээ үлдэгдлийг зарж борлуулж дуусгах, энэ хооронд дараагийн бүтээгдэхүүнээ хэвлүүлэх зэрэг боломжуудыг олгосон. Шинэ стандартыг батлагдсан өдрөөс нь бус тодорхой хугацааны дараа хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийг ч мөн адил тэгсэн шүү дээ. "Алтангадас трейд" компани нь хууль, стандартын өөрчлөлтүүдийг мэдэж байсан.

-Та бүхэн хяналт шалгалт явуулахдаа торгож, битүүмжлэхийг энэ тэргүүнд тавьдаг юм уу. Тухайн бизнесийн байгууллагын эрх ашгийг хэр анхаарч үздэг юм бэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын зарчим бол хууль, тогтоомж, стандартуудыг албадан хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, эдийн засгийн байдалд дэмжлэг үзүүлсэн, аль болохоор эдийн засаг болоод үйл ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг тусгадаг. Гэхдээ үнэхээр хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн байвал энэ хэвээр нь үргэлжлүүлээд байх боломжгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар алдаа дутагдлыг нь засуулах арга хэмжээ авдаг. Тухайн тамхинуудын хувьд яалт ч үгүй Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэж орсон олон улсын конвенцийг зөрчсөн байгаа нь дээрх арга хэмжээг авахад хүргэсэн. Шууд устгах юм уу, дараагийн арга хэмжээг аваагүй байна. ДЭМБ, Эрүүл мэндийн яамнаас тодруулга авч, Стандартчилал хэмжилзүйн төвөөс шошгын стандартыг зөрчсөн байна гэдэг мэдээлэл авсан. Нэг байгууллагын өнцгөөс бид энэ асуудалд хандаагүй.

-Тамхины бизнес эрхлэгчдийн холбоо "Алтангадас трейд" компанийн талаар мэдээлжээ. Үүнээс харахад нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесменүүд нэгнийхээ эсрэг ажил зохиогоод байгаа юм шиг. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж анзаарч болох нь?

-Манай байгууллагад хэн ч өргөдөл, гомдол гаргаж хандаж болно. Гаргасан өргөдөл гомдол нь эрхзүйн үндэслэлтэй бол хууль тогтоомжийн дагуу л хяналтаа явуулна. Түүнээс биш тухайн байгууллагын цаана ямар ашиг сонирхол байсныг бид мэдэхгүй. Илэрч байгаа зөрчил нь хууль тогтоомж зөрчсөн байвал хуулийн дагуу л хариуцлага тооцоод явна. Тамхи гэдэг энэ зүйл эрүүл мэндэд хортой. Нийт өвчлөлийн дотроос зүрх судас, амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь тамхи. Тэгэхээр тамхин дээрх зурган анхааруулга, шошгын асуудал чухал юм. Тамхины дотор агуулагдаж байгаа бохь,никотиноос илүүтэй шошгон дээрх анхааруулга, зөвлөмж нь нийгмийн эрүүл мэндийн ач холбогдлоо өгч байдаг нь нотлогдсон. Никотин нь 1.5, 1.6 байх нь ялгаагүй. Аль аль нь хортой. МХЕГ, тамхины хяналтад оролцогч байгууллагууд шошгон дээрх анхааруулгад ач холбогдол өгөөд байдаг нь ийм учиртай юм. Дээрх тамхинуудын хайрцган дээр "Зөөлөн амттай", "Ligths", "Зөөлөн амт нь сэнгэнэсэн амтаар солигдоно" гэх мэтээр бичсэн нь Тамхины хяналтын суурь конвенцийн 11-гийн "А"-г илт зөрчсөн. Бусад тамхинаас хор хөнөөл багатай, зөөлөн гэх мэтээр бичсэн нь тамхи үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ борлуулах маркетингийн л нэг арга болж байгаа. Бүх тамхи л никотин агуулж байгаа учир хүний эрүүл мэндэд хортой.

-Хэрвээ "Алтангадас трейд" компани танайхаас тавьсан шаардлагуудыг биелүүлээд, бараагаа үйлдвэрлэгчид нь буцааж шошгыг нь стандартад нийцүүлэн дахин оруулж ирж болох уу. Ер нь тамхины чиглэлийн гэлтгүй ийм байдалд орсон компаниудад гарах гарц байдаг уу. Хуулинд ингэж харж үзсэн, бизнес эрхлэгчдээ анхаарсан зүйл заалт бий юу?

-Бид хууль тогтоомжийнхоо дагуу л үйл ажиллагаагаа явуулна шүү дээ. Нийслэлийн Прокурорын газарт хандаад, энэ үйлдэлд ямар нэг гэмт хэргийн шинж байна уу, үгүй юу гэдэг асуудал тавьсан. Тус газраас энэ үйлдэлд ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байж болзошгүйбайна. Цагдаагийн байгууллагаар шалгуул гэсэн. Үүний дагуу бид Баянзүрх дүүргийн Хоёрдугаар хэлтэст энэ асуудлыг шалгуулахаар шилжүүлчихсэн. Үүний дараа ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд захиргааны журмаар шийдэхээр болбол манай байгууллагад ирэх ёстой. Гэхдээ цагдаагийн байгууллага яаж шийдэхээс шалтгаална. Монголд мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн баримтаас харахад эргэж буцаана, реэкспорт хийгээд тэнд нь зөрчлийг арилгуулах гэсэн ямар нэгэн заалт байхгүй. Тамхины хяналтын тухай хуулийн дагуу Засгийн газрын 197 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд ерөөсөө хурааж устгана л гэсэн заалт байгаа.

-Таван тэрбумын хөрөнгө шүү дээ, нэг компанийн. Хэдий нэг компани ч гэлээ цаана нь олон хүний эрх ашиг, амьдрал бий?

-Гэхдээ энэ асуудлыг хяналт шалгалт хийсэн байцаагч нар нь шийдэхгүй. Удирдлага, ерөнхий байцаагч нарын Зөвлөлийн хурлаар оруулж эцсийн шийдвэр гаргана. Гэхдээ одоо тэгж шийднэ, ингэж шийднэ гэж хэлж болохгүй.Монгол Улсын хуулийн гаргалаа нь өөрөө шошгын стандартын зөрчилтэй байвал хураана, улсын орлого болгоно, олсон орлогыг нь улсын орлого болгоно, зөрчилтэй бүтээгдэхүүнийг устгана гэсэн л заалттай.

-Сургуулийн бага ангийнхан, цэцэрлэгийн хүүхдүүд хоолонд хордох нь ихэслээ. Сүүлийн хоёр сард ийм тохиолдол нэлээд гарлаа?

-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нийтдээ хордлого, халдварын таван тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад гарсан. Хордлого халдварын гол шалтгаан нь юутай холбоотой байна вэ гэхээр үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, тухайн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн эрүүл ахуйн зохистой дадлын мэдлэг хангалтгүй байна. Мэргэжлийн бус хүмүүс энэ ажлыг эрхэлдэгтэй холбоотой. Хүнсний бүтээгдэхүүнээ яаж тээвэрлэх вэ гэдгээ ч мэдэхгүй хүмүүс хүнс зөөж байна. Мэргэшсэн байдлыганхаарах хэрэпгэй. Сүүлийн үед тогооч, хүнсний чиглэлийн худалдагч нарыг түр сургалтаар бэлтгэж байгаа нь сургалтын чанар хангалтгүйг харуулж байна. Хоёрдугаарт, тухайн аж ахуйн нэгжүүдийн дотоодын хяналт сул байна. Цэцэрлэг байлаа гэхэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа хүмүүсийнхээ эрүүл ахуйн зохистой дадал, хандлага ямар байгааг үнэлдэггүй, дотоод хяналт тавьдаггүй. Ийм байдлаас болоод энэ хордлого халдварууд гараад байна л даа. Эрүүл мэндийн зарим байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаатай ч холбоотой. Бид яагаад хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсээс эрүүл мэндийн үзлэгийн дэвтрийг нь шалгаад үзээд байдаг вэ гэхээр энэ маш чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, Өмнөговь болон бусад газруудад гарсан зарим хордлогын хувьд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс нь өөрсдөө нян тээгч байгаа учир хоол хүнс бохирдуулах эх уурхай нь болж байна. Үүнийг үзэж шинжилж байгаа байгууллагууд нь үнэн бодит ажиллахгүй, шинжлэхгүйгээр шууд дэвтэрт нь бичиж өгдөг. Ийм байдлаас болоод хордлого, халдвар үүсээд байна. Гуравдугаарт, сургууль, цэцэрлэгийн байгууллагуудын хүчин чадал ихэссэн, ачаалал ихтэй ажилладагтай холбоотой.

-Баян-Өлгий аймагт хоёр ч удаа хүүхдүүд хордсон тохиолдол гарлаа. Сүүлд Улаанхус суманд гарсан хордлогын шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-"Улаанхус суманд өнгөрсөн сарын 29-ний өдөр цэцэрлэгийн хүүхдүүд хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор өвдлөө" гэсэн мэдээлэл ирж, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт шалгалт хийсэн. Анх ирүүлсэн мэдээлэлд 47 хүүхэд өвдсөн гэж байсан боловч нийт 74 хүүхдээс хоолноос хордсон гэх шинж тэмдэг илэрсэн. Үүнээс 51 хүүхдийн биеийн байдал дунд зэрэг, 19 хүүхэд нь гэрээр эмчийн хяналтад байна гэсэн мэдээ ирсэн. Эдгээр хүүхдүүдэд халуурсан, бөөлжсөн, биеийн байдал нь суларсан гэсэн шинж тэмдэг илэрсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Холбогдох шинжилгээнүүдийг авсан. Нян судлалын шинжилгээний хариу нь өнөөдөр гарна. Эхний шинжилгээгээр цусан суулгын нян илэрч байна гэсэн.

-МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн даргын тань хувьд нэг зүйл тодруулъя. Манай сонины байрны цонхнуудыг таглаж "Астра интернэшнл" компанийн "Астра буйлдинг" барилга баригдаж байгаа. Уг барилга баригдаж эхэлснээс хойш олон хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Ажлын байранд гэлтгүй ер нь хүнд байгалийн гэрэлтүүлэг шиг хэрэгтэй зүйл үгүй. Уг барилга баригдсанаас хойш манай сонины сэтгүүлч сурвалжлагч, ажилтнууд нар, салхи үзэхээ байж, хүнд нөхцөлд ажлаа явуулж байна. Та үүнд мэргэжлийн хүний хувьд ямар тайлбар хэлэх вэ?

-2010 оноос өмнө бүх барилгын зураг төсөлд эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийгдэж, зураг төслийг нь эрүүл ахуйн байгууллагаас зөвшөөрсний дагуу барилга угсралтын ажил эхэлдэг байсан. 2010 оноос хойш яасан бэ гэхээр, тус онд Засгийн газрын 325 дугаар тогтоол болон Ариун цэврийн хуулинд өөрчлөлт оруулах замаар урьдчилан хяналтын энэ асуудлыг байхгүй болгосноос сүүлийн үед баригдаж байгаа барилга байгууламжийн барилга хоорондын зай, барилгын дотоод технологийн зохион байгуулалт нь хянагдахгүй явж байна. Үүнээс болж сүүлийн үед хоорондоо наалдсан, байгалийн гэрэлтүүлгийг нь хаасан барилгууд олширч байна.Байгалийн гэрэлтүүлгийн ач холбогдол маш их л дээ. Нарны гэрэл нян, ашиггүй бичил биетнийг устгадаг бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Харин нарны гэрэл тусдаггүй барилга дотор нян үржиж байдаг гэж ойлгож болно. Нарны гэрэл нь хаагдсанаар тухайн барилгад хөгц, мөөгөнцөр үүсэх асуудал үүсдэг. Яагаад хөгц мөегөнцөр үүсдэг вэ гэхээр байгалийн гэрэлтүүлэг дутсанаас болдог. Нарны гэрэлтүүлэг нь хүний биед нөлөөлж, бодисын солилцоонуудыг эрчимжүүлдэг. Хүмүүс нарны гэрэлд биеэ ээж, D витаминыг нийлэгжүүлнэ гэдэг шүү дээ. Энэ асуудлууд байхгүй болсноор ажлын байр, гэр орон, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа бид сургалтын боловсролын байгууллагад энэ асуудлыг тавьдаг. Байгалийн гэрэлтүүлэг ямар байх ёстой юм. Цонх, шалны харьцаа хэд байж гэрэлтүүлгийн норм хангагдах ёстой юм гэдэг шаардлагуудыг тавьдаг. Гэтэл өнөөдөр бизнес эрхлэгчдийн юм уу, эсвэл цаана нь ямар нэг эрх ашгийн үүднээс хуулинд өөрчлөлт оруулсан нь ийм нөхцөл байдлуудыг бий болгож байна. Одоо эрүүл ахуйн талаасаа болохгүй байна гээд бид очиж, хяналт тавьж, барилгын ажлыг нь зогсоох эрхзүйн үндэсгүй болсон гэж хэлж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин