“Тэнэмэл өвгөд буцаж иржээ” гэж
Твиттерт жиргээч Цэцэн сайд "Тэнэмэл өвгөд буцаж иржээ. Одоо тохитойхон амьдраасай. Бас л улс төрд орж хулгай дээрмээ хийнэ гэх байх даа" гэж жиргэсэн нь олны анхаарлыг татаж байна. Ямар хөгшчүүл, тэнэж яваад ирсэн юм бол гэтэл С.Баяр, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарыг хэлж л дээ. Тэд тив, дэлхийгээр хэсч, тэнэж яваад нутагтаа ирж байна. Рембрантын "Тэнэмэл хүү эргэж ирсэн нь" гэдэг зураг байдаг даа. Хувцас хунар нь тартагтаа тултал салмарсан, өрөөсөн гуталтай нооройсон тэр хүүгийн үлдсэн ганц гутал нь зуузайгаараа урагдаад өсгий нь цухуйчихсан байдаг. Тэнэж яваад ирсэн хүүг тосгоны ахмад настан тосч аваад хацрыг нь элгэндээ наан тэвэрч энэрдэг.
Гэр орноосоо дайжиж, он удаан жил тэмтчиж явсан хүүг бусад ахмадууд өрөвдсөн харцаар "Энэ хүүг одоо яадаг билээ дээ" гэсэн янзтай ширтэж буйгаар энэ зурагт дүрсэлсэн байдаг билээ. Цэцэн сайдын жиргэснээр бол С.Баяр, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар яг л тийм байдалтайгаар эргэж ирж байна. Хүн ирэх сайхан, холоос. Гэхдээ сэтгэлдээ юу агуулж ирсэн нь одоо үед чухал болсон. Яахав манай монголчууд тэнэж, шилэрч яваад ирсэн ахан дүүсээ цаашаа гээд цааргалдаггүй. Ямар ч тохиолдолд тосч аван тохойноос нь түшдэг.
Монголын улс төрд орсон хүн нэг мэдэхэд л баян болчихсон, учиргүй тансаг нэгэн болоод хувирчихдаг. Хүмүүс улстөрчдийг цалингаараа ийн сайхан амьдарч байгаа гэдэгт хэзээ ч итгэдэггүй. Улстөрчид хулгай, дээрэм, луйвраар л биш юм бол өөр яаж, юугаараа баяжих юм. Үнэндээ тэдний хэн нэгнийх нь эхнэр нь ТҮЦ ч болтугай ажиллуулдаггүй хэрнээ дэргэдээс ургаагүй, тэнгэрээс унаад ирсэн юм шиг л гэнэт хачин ганган, баян чинээлэг эмэгтэйчүүл болчихдог. Ингээд бодохоор хулгай луйвар л тэднийг баяжуулдаг биз. Улстөрчид орхисон талбартаа яагаад дахин ирдэг вэ гэхээр урьдных шигээ хулгай, дээрэм, луйвар хийх гэж л тэр. Энэ бүхнээс сэрэмжлүүлж дээрх жиргээч ийн бичсэн байх. Яагаад гэвэл луйвраар олсон хоол хоол болдоггүй. Луйвардаж олсон хөрөнгө хөрөнгө болдоггүй юм.
Их улс төрд улстөрчид найман жилийн л настай байдаг гэдэг. Энэ нь үнэ цэнийг өгүүлж байгаа тоо. Жинхэнэ улстөрчид бүхий л насаараа улстөртэй үхэн хатан зууралддаггүй. Хийх ажлаа, ийм л хугацаанд амжуулдаг. Чадахгүй бол өөрийн хүсэлтээр огцроод дахиад энэ талбарт яасан ч үзэгддэггүй. Гэтэл манайд үгүй. Залуу үе, хойчийг залгах хүмүүсээ байна чинээ анзаардаггүй. Би, би л гэсэн амин хувиа хичээгчид. Найман жилээс илүүгээр улстөрийн өнгөнд байхаараа бурхан шиг сайн хүн буг болчихдог. Ингэхээр эрхэм жиргээчийн дурдсан улстөрчид одоо тохитойхон, томоотойхон амьдраасай билээ. Өмнөх шигээ идэж ууна гээд хулгай, луйвраа хийх гээд зүтгэвэл байдал бишдэж мэднэ.
Нас тогтсон, юм үзсэн эрс шиг сайхан нуруутайхан амьдрах хэрэгтэй юм энэ хүмүүс. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди нар шиг хийдгээ хийгээд, сонсдогоо сонсчихсон түшээд лугаа сургаалаа айлдаад суувал сайхан бус уу.
Хэрвээ тэгэхгүй дадсан ажлаа хийх гээд, ил цагаан улайраад эхэлбэл өвгөн гэж нас харгалздаггүй өргөст тор хүлээж байж ч мэднэ.
Д.ГАНСАРУУЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ