УИХ-ын гишүүдээ 14 хоног дарамталсан ч 20-иос илүү кноп олдсонгүй дээ
Өнөөдөр өглөө АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “АН-ын бүлгийн олонх гишүүд Ерөнхий сайдыг огцруулахгүй байхаар тохирч гарын үсэг зурлаа” хэмээн жиргэлээ. Ардчилсан намынхан Н.Алтанхуягийг ерөнхий сайдаас огцруулах асуудлыг удтал хэлэлцүүлэхгүй байж чадсан ч өнөөдөр хэлэлцэгдэхээс аргагүй болов.
Тэд энэ хооронд УИХ дахь Н.Алтанхуягийг огцруулах саналтай гишүүдээ янз бүрийн аргаар буулгаж авахыг хичээлээ. Ерөнхий сайдын эсрэг кноп дарвал намаас хөөхөөс эхлээд бараг Монголоос хөөх юм ярьцгаав. Асуудлыг шийдэхийн тулд эхлээд Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нартай хоёр ч өдөр уулзалдаад тодорхой шийдэлд хүрээгүй.
АН-ынхаа УИХ дахь бүлгийг ч нэгдсэн саналд хүргэж дөнгөсөнгүй. Өчигдөр орой л нэг юм бүлгийнхээ олонх гишүүдээр огцруулахгүй байх тухай бичигт гарын үсэг зуруулсан гэнэ. 35 гишүүнтэй бүлгийн гишүүдийн олонх гэхээр 18-20 гишүүн л гарын үсгээ зурсан гэсэн үг.
Цаана нь Н.Алтанхуягийг огцруулах кноп дарахаар 10 гаруй гишүүн нь байж л байгаа. Тэд сөрөг хүчинтэй хамтраад огцруулах талд кноп дарахад л Ерөнхий сайд огцрохоос аргагүйднэ. Н.Алтанхуягийг огцруулах бичиг өргөн барьснаас хойших хэд хоногт Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулан олныг өөрийн эсрэг турхирсан.
Мөн энэ хооронд УИХ дахь намынхаа гишүүдийн саналыг нэгтгэж чадахгүй болохоороо Н.Алтанхуягийг шүүмжилсэн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг тэр бүү хэл УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах асуудлыг ч тавиулж байна. Ж.Батзандангаас эхлээд Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт нарыг өөр намаас урваж ирсэн өөр санаатнуудыг зайлуул, хөө хэмээх бичгийг ч намын нөхдөөрөө /Үнэн хэрэгтээ Алтангадасынхнаар/ бичүүлж олонд хүргэсэн.
Хөдөө орон нутгаас баахан иймэрхүү утгатай бичиг цаас илгээлгээд ч санаа амарсангүй. Нийслэлд сумдын зөвлөгөөн хийж, тэнд цугларсан орон нутгийн намын дарга нараараа УИХ-ын гишүүд, намынхаа удирдлагуудыг дарамтлуулах гэв. Мөн Д.Эрдэнэбатаар Н.Алтанхуягийн эсрэг кноп дарна гэдэг АН-ыг буудаж байгаа хэрэг хэмээн мэдэгдүүлсэн.
Хамгийн сүүлд АН-аас хөөгдсөн ч билүү Т.Хасбаатар хэмээх залуугаар өөрийгөө өмгөөлүүлж, УИХ-ын гишүүдийг дарамтлуулахыг оролдлоо. Энэ бүхнийг хамгаалалт болгон хийсэн ч Н.Алтанхуяг намынхаа УИХ дахь гишүүдээс хангалттай дэмжлэг олж чадаагүй л байна.
Харин ч энэ бүх дарамт, шахалт нь эсрэг саналтай гишүүдийг улам л холтгож байгаа ажээ. Тиймээс өнөөдөр УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаан ширүүхэн болох нь ойлгомжтой болоод байна.
Г.Самбаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ