Д.Хаянхярваа: Авлигын шинжтэй зүйл байгаа гэж ажлын хэсэг үзсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх байсан ч хойшилсон юм. Тус байнгын хорооноос "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хуулийн хэрэгжилтийг шалгах зорилгоор 2014 оны тавдугаар сарын 13-нд хамтарсан шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, гишүүдээр нь Г.Батхүү, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Г.Уянга, А.Тлейхан, С.Одонтуяа нарыг томилжээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцүүлэхээр удаа дараа шаардлага тавьсан ч тодорхой бус шалтгааны улмаас өнөөг хүртэл хойшилсоор иржээ.

Ажлын хэсгийнхний мэдээлж буйгаар “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Улаанбаатар дахь оффист 123 хүн ажилладаг аж. Төрийн үрэлгэн зардлын нэг жишээ болсон уг компанид ажиллагсдын дийлэнх нь элдэв шахааны хүмүүс бөгөөд орон тооны хувьд байх ёстой хэмжээнээс давжээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг Засгийн газрын оролцоотой томилсон байна. Тухайлбал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн ТУЗ-ийн даргыг сард зургаан сая, ТУЗ-ийн гишүүдийг 1.8 сая төгрөгийн цалинтай болгож, Засгийн газрын тогтоол шийдвэрийг зөрчсөн байна.

ТУЗ-ийн гишүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин өгөх ёстой. Гэтэл энэ хэмжээг 40 дахин нэмэгдүүлж цалин олгожээ. Мөн гадаад томилолтын болон бичиг хэргийн зардлыг ч их хэмжээгээр нэмэгдүүлсэн аж.

Г.Дэнзэн нь энэ мэт том толгой гаргаж, шийдвэр гаргахаас гадна хууль хяналтын байгууллагаар шийдвэр гаргуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 4.8 тэрбум төгрөг гаргуулжээ. Тодруулбал "Эрдэнэс Тавантолгой”компаниас “Говь повер” компанитай байгуулсан гэрээ цуцлагдсаны дараа хохиролд мөнгө нэхэмжилсний дагуу 4.8 тэрбум төгрөгийг тус компаниас шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулсан байдаг. “Говь повер” компани бол Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгийн компани юм.

Энэхүү асуудлаар ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Хууль хяналтын байгууллагынхан маш шуурхай ажилладаг юм байна. Ингэж шуурхай ажилладаг Монгол Улсад хууль эрхзүйн шинэтгэл ном журмынхаа дагуу явагдаж байна гэж дүгнэгдэнэ. Харамсалтай нь энэ компанийн асуудалд маш шуурхай ажиллаж, 4.8 тэрбум төгрөгийг хэдэн удаагийн гүйлгээгээр гаргуулж, "Говь повер" компанид өгсөн байсан. Үүнийг холбогдох хуулийн байгууллага шалгах ёстой. Тодорхой нөлөөлөл орсон, авлигын шинжтэй зүйлүүд ажиглагдаж байна гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн" гэв.

Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" компани дээр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт муу, санхүүгийн мэдээллээ гаргаж өгөхгүй нууцлах тохиолдол ч гарч байсан аж. Шалгалтын үеэр иргэдэд өгөх хувьцаа, "Чалько" компанитай байгуулсан гэрээ зэрэг олон асуудлыг шалгаж дүгнэлтээ гаргажээ. Ажлын хэсгийнхэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Н.Дэнзэнтэй холбоотой асуудлаар өчигдөр цөөн хэдэн баримт дэлгэсэн ч Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр уг асуудлын дэлгэрэнгүйг олон нийтэд ил болгох юм байна.

Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн 4800 дахин ашигтай биенесийн он цагийн хэлхээг ч гаргаж харуулсан нь олон нийтийн анхаарлын төвд өртөөд байгаа юм.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин