Э.Сэлэнгэ: Хайрынхаа төлөө 20.000 доллараар тайчсан
Халуун сенсаацны эзэн, хэвлэлд ярилцлага өгч байгаагүй, халуун омголон сэтгэлт бүсгүйг та бүхэнтэй уулзуулж байна. “Miss World” тэмцээний үндэсний ялагч болж, миссийн титэм тэргүүндээ гялалзуулж байсан энэ бүсгүйг Э.Сэлэнгэ гэдэг. Хорьж болохгүй хорин хэдхэн насандаа цахилж яваа Э.Сэлэнгэ миссээс гадна моделийн маш амжилттай карьерыг Сингапураас авахуулаад Америк хүртэл хийжээ. Тийм ч учраас түүний сэтгэлгээ манай нийтлэг, хэв шинжит моделиудаас тэс өөр.
Тэр хэн нэгний түрийвчинд орохын оронд модель хүний мэргэжлийн ажлын нэг хэсэг болох нүцгэн зургаа авахуулахыг илүүд үздэг шударга үзэлтэн. Аливааг өнгөн талаас нь гүехэн дүгнэхдээ гаргууд манайхан харамсалтай нь түүний энэ үйлдлээс болж порно од хэмээх хоч хайрласан. Хэн ч, хэзээ ч чухам яагаад нүцгэн зургаа авахуулсныг нь асуугаагүй хэрнээ бодит байдлыг ингэж гуйвуулсанд Э.Сэлэнгэ гайхаширч явдаг.
Нэгэнтээ Ногоон намын Д.Энхбатын хүү Э.Санчиртай үерхэж, алс холын Америкт залуу насны романс хэлхэж явсан модель бүсгүй чухам тэр л үедээ хайрынхаа төлөө анх удаа нүцгэн зургаа авахуулж. Хайрынхаа төлөө гэчихээд яагаад тайчдаг билээ гэж бодож, гайхаж байвал та түүний яриаг уншиж сонирхоорой.
Миссийн титэм зүүж, моделийн карьер хөөсөн арав гаруй жилийнхээ амьдрал, үнэн, хайр, түүнчлэн загварын ертөнцийн хөшигний ардах атаа хорсол дүүрэн аймшигт дүр зургийг хүртэл зөвхөн Э.Сэлэнгэ л тэгтэл нь илэн далангүй хамгийн гол нь анх удаа ярьсан юм.
Намайг олоход л хэцүү болохоос хэвлэлийнхээс зугтсан юм байхгүй
-Үе үе эхээс төрсөн биеэрээ хилийн чанадаас “мэндчилдэг” содон хүнтэй ингэж уулздаг байжээ. Эх орондоо ирээд хэр удаж байна. Сүүлийн үеийн сонин хачнаасаа манай уншигчдад дуулгаач?
-Сонин хачин ихтэй. Өдөр бүр завгүй, жолооны курст суухын хажуугаар, UBS телевизийн хөтлөгч найруулагчийн курст явж байна. Эфирт ярих, өөрийгөө зөв илэрхийлэх ярианы баялагтай болж, үг хэлээ зүгшрүүлье гэж хөтлөгчийн курст явж эхэлсэн. Бага байхдаа нэвтрүүлэгч ах, эгч нарыг хараад тэдэн шиг болохыг хүсдэг байсан.
Ердөө 45 хоногт хөтлөгч болно гэхээр хүмүүст богино хугацаа шиг санагдаж магадгүй. Гэтэл 45 хоногт улс үндэстний сайхан хүүхнийг шалгаруулдаг болчихож. Тийм болохоор 45 хоногийн курс надад маш хангалттай, цаг хугацааг хэмнэсэн санагдаж байгаа.
-Сэлэнгээ ер нь хэвлэлд ярилцлага өгдөггүй ч сонирхолтой фигур. Миссүүд титмээ зүүгээд хэвлэлтэй найзлаж эхэлдэг. Таны хувьд их нууцлагдмал хөшигний ард байж ирсэн?
-Өнгөрсөн хугацаанд нэлээн олон жил гадаадад моделиороо ажиллалаа. Саяхнаас Монголдоо суурьшиж байна. Урд нь ирээд явдаг байсан. Намайг олоход хэцүү эсвэл тохироо нь бүрдэхгүй байсан байх. Хэвлэлийнхнээс зугтсан юм байхгүй.
-Энэ хугацаанд хаагуур ямар трафик хийв?
-Америк, Итали орнуудад байлаа. Үндсэндээ 14-тэйгээсээ Монголдоо ирж, очин амьдарсан. Энд “Искра” дунд сургуулийг төгссөн. Хүмүүс гадаад гарахаараа буцаж ирдэггүй. Харин би жилд нэгээс хоёр удаа ирдэг.
-Гадаад руу ингэтлээ тэмүүлэх болсон нь ямар учиртай юм бол? Боловсрол чухал байв уу эсвэл өөр шалтгаан байсан уу?
-Боловсролыг чухалчилсан нь мэдээж. Нөгөө талаар цэвэр сонирхлоороо гадаад гарсан. Би англиар ярих их дуртай, монголоор гэхээсээ англиар өөрийгөө илүү илэрхийлж чаддаг юм шиг санагддаг. Англи хэлийг цэцэрлэгт орохоосоо өмнө сурч байсантай холбоотой байх. “Cartoon network” суваг анхны багш маань гэж хэлж болно. Өдөржин тэр сувгийг үзэж, дагаж хэлсээр байгаад англи хэл анхан шатанд сурч байлаа. Ер нь Монголд байя гэж бодогддоггүй. Гадаадын агентлаг руу зургаа явуулаад нааштай хариу ирвэл явсаар өдий хүрсэн. Би чинь өөрөө өөрийнхөө менежер л гэсэн үг.
Анх “Miss Fashion TV”-д Францаас Жампиер гээд залуу скаут хийж яваад “Монгол Модель” агентлаг дээр ирж охидуудын зурагнаас сонголт хийхэд минийх тэнцэж 2007 онд Вьетнам руу“Miss Fashion TV” тэмцээнд явсан. Тэмцээний финал Тайландад, 12 сарын 30-нд болж, 20 насныхаа төрсөн өдрөөр “Miss Fashion TV”-д хоёрдугаар байр эзэлсэн. Тэр үед би “I love Fashion TV” гээд л зурагтаар ярьж байсан нь миний хөтлөгч болох хүсэлтэй холбоотой.
Багадаа толинд харж ярих дасгал сургуулилт их хийдэг хүүхэд байсан юм. Хичээлээсээ орж ирэнгүүтээ, туфлиэ өмсөж, хөгжмөө асаагаад толиныхоо урд алхдаг байсан. Ванны өрөөний толь миний шууд эфир, тэгээд л англиар ярьж гарна даа /инээв/.
-Ингэхэд юу таныг мисс, модель болтол хөглөж өгсөн гэж боддог вэ?
-“Fashion TV" үзээд догдолдоггүй эмэгтэй бараг байдаггүй байх, ялангуяа охидууд. Дэлхийн миссийн тэмцээнийг 1997 онд үзчихээд шууд үсээ угааж, цамцаа индүүдээд “Би мисс болмоор байна” гэж өөртөө хэлсэн. Тэр миссүүдийг хараад өөрийн мэдэлгүй тэмүүлсэн, зорилго тавьсан. Үнэхээр хүн өөрөө хүсч байгаа бол түүнийгээ биелүүлэх алхмыг хийж эхэлдэг юм билээ.
-Сэлэнгээгийн аав ээж ямар хүмүүс байдаг вэ. Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Би ээжээс хоёулаа, дээрээ нэг эгчтэй. Аав программист,ээж эдийн засагч мэргэжилтэй ГОК-д ажилладаг. Манай аав ээж хоёр Ленинградын их сургуульд хамт сурдаг байсан. Би Ленинградад, эгч Иркутскт төрсөн. Би Эрдэнэтийнх гэдэг харьяалалтай, тав зургаан насандаа хотод орж ирснээр хотын иргэн болсон.
-Мисс, загвар өмсөгч болох шийдвэр гаргахад ээж аав чинь хэрхэн хүлээж авч байв? Одоо охиноороо их бахархадаг байх?
-Би өөртөө маш их итгэлтэй байсан болохоор манай гэрийхэн ч гэсэн надад итгэж, алхаж гишгэхийг минь хүртэл заадаг байсан. Манайхан хийж байгаа юмаа мэддэг, хариуцлагатай гэж надад их итгэдэг. Багадаа төгөлдөр хуурын дугуйланд явдаг байлаа. Аав намайг ганцааранг нь явуулахад би шалгалтанд нь тэнцэж байсан. Тэрнээс хойш юуг ч ганцаараа хийж чадах юм байна гэдэг урам зориг орж, өөртөө итгэлтэй болсон.
Урлагийн үзлэг гэхээр миний нэр хамгийн эхэнд явж байдаг, нийгмийн идэвхитэй охин байсан. Ханын самбарыг би хийж өгдөг, зураг зурна, бүжиглэнэ, илбэ үзүүлнэ, бүр техно хийдэг байлаа. Тэр үед багш зурсан зургийг маань хараад, хүүхдүүдэд “Та нар Сэлэнгээгээс үлгэр дуурайл ав, усан будгаар ингэж будах ёстой” гээд л ярина. Эмэгтэй хүн ер нь бүжиг, уран зурагт сонирхолтой болж өгвөл сайн байх хэрэгтэй гэж боддог. Энэ нь гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлдэг.
-Цахим дээд сургуульд сурч байсан санагдана. Программист байснаа мисс болсон байх аа?
-Аав программист мэргэжилтэй байсан болохоор би компьютерт ойр өссөн. Тийм болохоор аавынхаа мэргэжлийг өвлөх гэж суралцаж байгаад хоёрдугаар курсдээ мисс болсон. Дараа нь мэргэжлээ сольж “Урлах эрдэм”-ийн дээд сургуульд дизайнераар суралцсан. Харин Америкт тагнуулын чиглэлээр сурсан. Программистаар суралцаж байхдаа энэ миний эзэмших ёстой мэргэжил биш гэж бодогдоод мэдрэмжээ дагасан.
Миссийн титмээ Г.Оюунгэрэлд алдах шахсан ч гадаад шүүгч намайг аварсан
-Сая болсон “Miss Mongolia” тэмцээнийг үзсэн байх. Өөрийн чинь орж байсан үеийг бодоход охидууд ямар болсон байна? Миссийн титэм зүүж байсан тэр үеэ дурсвал бас сонин байх болов уу. Тээр олон жилийн хойно дурсамж сэргээд сайхан байсан байх.
-Нээрээ 10 жил өнгөрсөн болохоор миний үе, тэрний үе гэж ярихаар болчихжээ. Би 2006 онд оржбайсан. Мисс спорт номинацид сунгалтын дасгал хийлгэнэ. Тэр үед Австралиас ирсэн гимнастикийн тамирчин бүсгүй тэмцээнийг шүүж байлаа.
Би тэр сунгалтыг л сайн хийж чадах юм бол энэ тэмцээнд түрүүлнэ гэж бодсон. Тухайн үед би бүх шалгуурыг гүйцэтгэл сайтай хийсэн. Бүжгээ бүжиглэхдээ хүртэл үнэн сэтгэлээсээ бүжиглэж тэрнээсээ асар их кайф аваад л. Хийж байсан бүх зүйлдээ өөрийгөө зориулсан. Гэтэл би Оюунгэрэлд байраа алдах шахсан. Ёстой жинхэнэ шударга ёс ялав гэдэг шиг Австралийн ардчилсан орны шүүгч байсан тулдаа намайг аварсан.
Яагаад гэхээр, миний 45 хоногийн явц дундын оноо хамгийн өндөр нь. Австрали шүүгч тайзны ард өөрийнхөө байр суурийг илэрхийлж, бодит байдал ийм байна, та нар цаасаа хар, аль өндөр оноотой нь түрүүлэх ёстой гэж хэлснээр би түрүүлсэн. Түүний дараа миний сайн найз Оюунгэрэлийн сонинд өгсөн ярилцлага, шүүгчийн машинд суугаад явсан гэх мэт хэвлэлээр гарсан “шуум” үнэхээр инээдтэй санагдсан. Би үнэхээр хөлсөө дуслуулж түрүүлсэн. Миний шагнал Дэлхийн миссд явах бэлтгэлээр хангах байсан. Одоо бол гурван сая, таван сая төгрөг, тэдэн өрөө байр гээд өгдөг болж. Надад тэр үед миссийн титэм, нэр алдар бэлэг болж ирсэн юм.
Гараа сайн бол бариа сайн гэдэг. Миний хийж байгаа бүхэн үр дүнтэй байсан. Тэгэхэд би 18-хан настай бас найз залуутай байсан. Гэтэл тухайн үед намайг “Desoft” студийн захирал Эрхэмбаяртай холбож, шүүгчийн машинд сууж явсан гэж бичсэн. Үнэн хэрэгтээ би “Аянчин” гээд спонсор компанийн эмэгтэй захирлын машинд суусан юм л даа. Тэр эгч, надад чи их бор юм байна, өвдөг тохойгоо цайруулаарай гээд л яг эгч хүн шиг зөвлөж байсан нь санаанд тод үлдэж.
-Миссийн титэм зүүх тэр торгон агшинд найз залуу чинь яаж хүлээж авч байв?
-Танхим дунд суудлаасаа ганцаараа босоод зогсчихсон дэмжиж байсан. Тэрийг хараад би их баяртай байсан. Тэр үе миний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг.
-18-хан настай охин гоо үзэсгэлэнгийн олимпт амжилт үзүүлж алдар хүндийн титэм хормын төдийд ирэхэд хажуугаар нь сэтгэл зүйн дайралт, нийгмийн зүгээс ирэх хэл ам, нөгөө талаас харц шидлэх залуус, болзоонд урих мессеж гээд юм юм давхацаж байсан байх. Тэр нөхцөл байдалд яаж зохицож байв? Хамгийн хэцүү, хамгийн сайхан нь чухам юу байв?
-Польшт болсон 56 дахь удаагийн Дэлхийн миссийн тэмцээнийг зохион байгуулагчид нь хамгийн гоё оролцогчидтой онцгой жил байна гэж мэдээндээ онцолж байсан. Гэтэл миссийн тэмцээний зарим орны оролцогч охидууд муухай байсан гэж ярих тохиолдол байдаг. Харин миний хувьд Польшт болсон тэр тэмцээн хамгийн том бөгөөд маш их туршлага суусан тэмцээн болсон. Хүний сайхан чанар, хүнлэг сэтгэл, эмэгтэй хүний гоо сайхан гэж юу юм, хэрхэн яаж биеэ авч явах соёлыг оролцогчдоос суралцсан. Монголдоо сэтгэгдэл өндөр буцаж ирсэн.
Хүмүүсийн “шуум” ярианууд надад үнэхээр нөлөөлөөгүй, тоогоогүй. Харин найз залуу маань л их хартай болчихсон байсан. Намайг үйл хөдлөл хийх болгонд “чи яах гээд байна, хаачих гээд байна” гээд л хянана. Бид хоёрын дунд том орон зай үүсчихсэн юм шиг санагдаж байж билээ. Удалгүй би Сингапурын “Дива” агентлагтай гэрээлж явсан. Найз залуугаасаа миссийн тэмцээнээс болж биш гадагшаа удаан хугацаагаар явснаас болж салсан.
Тэр маань миний хайртай байсан залуу, намайг их ч дэмждэг байсан. Анхны миссийн тэмцээндээ орох гээд хүнтэй муудалцаад уйлж байхад намайг шоолоод, юун сүртэй юм гээд л, аав хүн охиноо зоригжуулж байгаа юм шиг л байдаг байсан. Тэр тэмцээнд би түрүүлж билээ.
-Одоо холбоотой байдаг уу?
-Харилцаатай байдаг. Тэр хүн одоо эхнэртэй. Бид хоёр салах гэж их юм болсоон \инээв\. Бараг хоёр жил болсон. Тэр өөр хүүхэнтэй болж харин би карьер хөөсөн. Монголд ирэхэд, чи надад хоёрхон жил өгчих, тэр хооронд би... гээд л уйлаад тэвэрдэг байсан. Тэр хоёр жил өнгөрсөн ч би моделийн карьераа үргэжлүүлсээр байсан.
-26 нас гэдэг чинь хүнтэй суухаар яарах нас бас биш байх. Тэр залуу хүлээвэл хүлээхээр л байж дээ?
-Тийм ээ. Сингапурын мисс л нөхөртэйгээ сууж бусад нь найз залуугаасаа салж байсан, тухайн үед. Бид хоорондоо их уулзана, нөхөрлөнө. Дэлхийн миссийн оролцогчидтойгоо Сингапурт, Японд уулзаад хүмүүнлэгийн үйл ажиллагаа их явуулдаг. Миссийн тэмцээнд оролцсоны дараа амьдралд өөрчлөлт гарах нь тодорхой, бүгд мэдэж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ