УИХ-ын гишүүн Г.Уянга: Хямрал үргэлжилнэ. Эцэстээ хувьсгалаар шийдэгдэнэ
Монголын төрд эрх мэдлийн тэнцвэрийн цэгийг олоод голлочихсон, түүнийхээ хүчээр эрх мэдэл албан тушаалын бялуунаас хуваалцах хэрнээ олны шүүмжлэлээс хол жаргалтай сууж байгаа хэсэг нөхөд байгаа нь УИХ-дахь “Шударга ёс” эвслийн бүлэг. Намын дарга нь Монголд ирээд 18 хоноход л улстөрийг орвонгоор нь самраад явсан бол гишүүд нь юунд ч баригдахгүй дур зоргоороо ярьж эрх баригчдыг ч, сөрөг хүчнийхэнийг ч нулимж суудаг. Эрх мэдэлтэй атлаа тэд хариуцлага хүлээдэггүй.Муу, муухайгаар хэлэгддэг ч МАН, АН нэгдмэл бодлого, нийтлэг үнэт зүйлтэй, харин тэдэнд аль аль нь байхгүйгээрээ онцлог. Нэг харахад эрх баригчид ч юм шиг, нэг харахад сөрөг хүчин ч юм шиг тэднээс ард түмэн огт хариуцлага нэхдэггүй. Энэ байршил нь тэдэнд эрх мэдлийн бялуунаас зовлоггүй хүртсэн шигээтааваараа бойжих боломжийг олгодог. Хаашаа яаж ч эргэж мэдэхээр барьцгүй хүмүүсийг барьж торгоохын төлөө АН нэр хүнд, ёс суртахуун, эрх мэдэл, эдийн засгаараа тэдэнд барьц өргөнө. Тэгсэн атлаа муу нэрийг өөрсдөө үүрнэ. Шударгууд харин цэвэрхэн, чимээгүй шүдээ чигжилсэн шигээ л сууна.
АН-тай хамтарч засаг барьж байгаа хэрнээ сөрөг хүчний дүрд орж, төрийн бодлого үйл ажиллагаа, сайд нарыг ямагт шүүмжилж хатгана. Тэгсэн атлаа хэлсэн шигээ товчлуур дарж чадахгүй. Ийм л дур зоргоороо дундын саармаг хүмүүсийн гарт Монголын төр тамирдаж байгаа нь гашуун үнэн билээ.
Дур зоргоороо дундын саармаг шударгуудын төлөөлөл болсон Г.Уянга гишүүн өчигдөр өөрийн твиттэр хуудсаараа ““ Хямрал үргэлжилнэ. Эцэстээ хувьсгалаар шийдэгдэнэ. Гарцаагүй. Энэ хувьсгалыг ямар замаар хийх вэ гэдэг сонголт л бидэнд байгаа юм” гэж жиргэжээ. Иргэний хөдөлгөөний тэмцэгч, авилгалчдын аянга Г.Уянга ингэж жиргэж байгаа бол өөр хэрэг. Гэтэл эрх баригчдын нэг, ард түмний төлөөлөгч, УИХ-ын гишүүн Г.Уянга ингэж жиргэж байгаад олон хүн шүүмжлэлтэй хандав.
Түүний жиргээнээс хэдэн зүйлийг дүгнэж болох нь. Нэгдүгээрт эрх баригч намын бүлгийн гишүүн хямрал үргэлжилнэ гэсэн байр суурьтай байгаа нь анхаарал татаж байна. Эрх баригчид хямрал болоогүй, хүндэрсэн гэх мэтээр эдийн засгийн нөхцөл байдлыг тайлбарладаг. Гэтэл эрх баригчдын нэгэн төлөөлөл хямрал цаашаа үргэлжилнэ гэдгийг сануулж байгаа нь тун сонирхолтой.
Хоёрдугаарт УИХ-ын гишүүн Г.Уянга ард түмний төлөөлөгч, төрийн эрх барих дээд байгууллагын хариуцлагатай гишүүн хүн. Гэтэл хуучны гудамжны жагсагчийн имижээсээ салж чадахгүй байна. Өнгөрөгч хавар хамтарсан Засгийн газрын хувьзаяаны асуудал яригдаж байхадГ.Уянга“амьдрал танилцуулах аян” гэгч шошго бариад сүхбаатарын талбайд гараад жагссаныг олон хүн ойлгоогүй. Үнэхээр л ард түмний амьдрал хүнд, хэцүү байгаа бол эрх баригчидтай хариуцлага тооцоход яагаад хөдөлдөггүй юм бэ? Гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байгаа юм. Г.Уянга жагсаж байгаа нь хүмүүсийн нүдэнд сонин харагдаагүй болохоос эрүүлээр харвал Засгийн газар сүхбаатарын талбайд гараад Ерөнхий сайд нь өөрөө “ард түмний амьдрал хүнд байна” гэсэн лоозонтой жагсаж байгаатай ижил үзэгдэл.
Гуравдугаарт.Асуудлыг хувьсгалаар шийднэ гэж байгаа нь тун ноцтой. Өнөөдөр хувьсгалын галд шатаж байгаа Украйны сургамж жишээг бид хангалттай харж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн хүн нийгмийг өдөөн турхирсан, хувьсгалт тэмцэлд уриалсан зүйлийг яриад явж байгааг юу гэж ойлгох вэ? Хямралыг хувьсгалаар дуусгана гэж байгаа бол хямраасан нөхөдтэй нэг хөнжилд шургалан хэвтэж байгаа нь ариун явдал мөн үү? Хямрал хувьсгал хүртлээ даамжирах гээд байгаа юм бол Г.Уянга гишүүн түүнээс урьтаж хямраасан нөхөдтэй хариуцлага тооцож галыг хязгаарлахад яагаад хөдлөхгүй байгаа юм бэ? Эсвэл хүсэн мөрөөдөж явдаг хувьсгалд өөрөө хөтөлж, өөрөө удирдах гээд байгаа хэрэг үү?
Ийм л хачин үгийг эрх баригч бүлгийн гишүүн ярьж явна. Төрийн түшээ гудамжны жагсагч хоёрын үгийн далайц, үйлдлийн тусгац өөр. Засгийн газрыг огцруулах санал гаргаснаараа төрийн ажлыг гацаасан гэх буруутан болоод байгаа МАН-ынханы амнаас ч “Хувьсгал хийе” гэсэн үг гардаггүй. Муу ч сайн ч түүхэн шаардлагаар үүссэн нам юм болохоор. Харин замын дундаас босоод ирсэн ороолонгуудад үг, үйлдлийн хязгаар гэж үгүй. Амаараа хахтал бялуу чихүүлчихээд л муухайг нь жигшиж сууна. Тэгсэн атлаа бялуугаа нулимаад хаяж чадахгүй. Ойрмогхон тэд нэгэн сайдыг огцруулах санал өргөн барих сураг ч гараад байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ